Хүмүүнлэг сэтгэлгээ ба гэгээлэг нийгэм

Админ | Zindaa.mn
2019 оны 09 сарын 12

Нэгэнтээ хүмүүнлэг үйлст хөрөнгөтөн хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн нэрт тэрбумтан Эндрю Карнеги хэлэхдээ: “Өөрт буй баялгаас хэрэгцээ шаардлагатай хэн нэгэнд өгч чаддаггүй хүнийг хэзээ ч жинхэнэ баян хүн гэж хэлэхгүй” гэсэн байдаг.  Өөрөөр хэлбэл,  бусдын сайн сайхны төлөө зориулж буй цаг хугацаа, зүрх сэтгэл,  мөнгө тань таныг бусдаас илүү хүчирхэг нэгэн болгодог аж.  Ерөөс чин сэтгэлээсээ хэн нэгэнд аз жаргал, сайн сайхан, инээд хөөр, итгэл найдвар бэлэглэнэ гэдэг чухам ямар агуу, төгс мэдрэмж болохыг үзэг цаас нийлүүлээд ч, өнгө будгаар ялгаад ч дүрслэх боломжгүй юм.

“Өгье гэвэл ганцаасаа” гэдэг эртний нандин сургааль үг бий. Нүүдэлчин удмын  өвөг дээдэс маань өөрт байгаа өчүүхэн зүйлсээ өрөөл бусадтай хуваалцаж эргээд  тэд ч бие биендээ хариу тус болсоор хатуу бэрх амьдралыг хамтын хүчээр туулж ирсэн сайхан уламжлалтай.

Гэвч авахдаа үнэнхүү баярлан алгаа тосож авсан хэрнээ өгөхдөө хүрэхээр өөрийн дотор өчүүхэн  хармын сэтгэл цухалзах төдийд хойш суух болсон нь өдгөө дийлэнхи  болсонтой хэн ч маргахгүй бизээ. Хүмүүнлэгийн үйлс гэдэг нь хөрөнгөтөй нэгний хийх ажил хэмээн эндүүрч өөрөөсөө түлхэх үзэгдэл ч манай нийгэмд өргөн хүрээтэй бий. 

Хүмүүнлэг үйлсийг хүүхдийн живх, хоол үнэгүй тараах төдийхнөөр харсан зарим нэгэн эрхэмүүд, бяцхан үрсүүдийн зургийг өөрийн хувийн нүүр хуудсаараа дамжуулан өөрийгөө рекламдаж ядарсан нэгний зовлонгоор цөөхөн хэдэн дагалдагч нарын тоогоо нэмэх гэсэн увайгүй үйлдлүүд ч мэр сэр үзэгдэх болсон.

Хүмүүнлэг үйлс эрхлэх чухам яагаад хэрэгтэй гэж? Хэн энэ үйлсийг хийх хэрэгтэй юм бэ? Утга учир, үр дүн нь юунд вэ гээд энэ агуу ажил үйлсийг тойрсон олон чухал асуултууд байгаа. Хүмүүнлэг үйлс бүтээх олон арга зам байдгаас хамгийн хялбархан ч гэлээ үр дүн муутай арга нь шууд мөнгөн болон эдийн тусламж үзүүлэх хэлбэр юм. Энэ нь хэдийгээр мөнгөний үнэ цэнийг бууруулсан мэт санагдаж болох авч мөнгө, цаг хугацаа хоёрын аль нь үнэтэй вэ гэдэг асуултын хариултаар энэ эргэлзээг дэнсэлж болох бизээ.

Зовлонт нэгний амьдралд зоосоор тусалж түүний амьдралд бодитой өөрчлөлт гарч байхыг харах мэдээж сайхан. Гэхдээ энэ бол өрөөсгөл бөгөөд хялбар арга болохыг хүмүүнлэгийн байгууллагуудад ажиллаж байх хугацаандаа би ойлгосон юм. Хүмүүнлэгийн ажил үйлс нь зөвхөн авах, өгөхийг хэлэх бус хэн нэгний ирээдүйн сайн сайхны төлөө өөрийн алтан цагаас харамгүй зориулан ажиллах бөгөөд тэдний зовлон бэрхшээлийг тэвчээртэйгээр сонсох юм болов уу. 

Нэгэнт урсаад өнгөрч байгаа цаг хугацааг бид ухрааж, нөхөж олж авч чадахгүйгээс хойш өдөр тутмын амьдралдаа ердөө 5-10 минутыг хэн нэгэнд зориулаад өнгөрөөж хэвшвэл манай өнөөгийн нийгэм хэрхэн өөрчлөгдөх бол гэсэн гэнэхэн бодол надаас ердөө ч салдаггүй юм.  Гадаадад ажиллаж, амьдарч байхдаа гадны орны залуучууд бие биенээ дэмжиж, ажилд зуучилж, бүхий л бололцоогоороо нэг нэгнээ дэмжсээр хамтдаа урагшилдаг болохыг ойлгосон. Өдөр тутмын амьдрал маань биднийг хүмүүнлэг үйлсрүү л хөтөлж байдаг. Харин бид энэ их үйлийг үл тоон бие биесээ үл хүндлэн, тээр үзэн амьдарсаар. 

Хүн бүр хүмүүнлэгийн үйлстэн байх албагүй ч хүн бүр хүмүүнлэг сэтгэлгээний боловсрол эзэмших нь юу юунаас чухал юм болов уу. Иргэн бүр нийгмийн оролцоондоо хүмүүнлэг сэтгэлгээтэй хандаж сурахын тулд бидэнд сэтгэлгээний өөрчлөлт шаардлагатай. Хүмүүнлэг сэтгэлгээ нь хүнд хариуцлагаа ухамсарлах чадварыг суулгаж өгдөг. Хүмүүнлэг сэтгэлгээний ач тусаар бид нийгэмд үүссэн шаардлаггүй бухимдлуудыг нэг шатаар бууруулж чадах нь гарцаагүй. Харин иргэдийн дундаас гарсан сайн санааны ажлыг дэмжиж, сонсч хариу үзүүлдэг засаглалтай болохын тулд иргэд бид өөрсдөө хүндлэлийг алхам тутамдаа бий болгож, хүмүүнлэг сэтгэлгээний боловсролд чадах чадлаараа хөрөнгө оруулалт хйиж байвал хойч үеийнхэн маань шинэ цусаар сэлбэгдэж, шинэ бүтээн байгуулалтууд ч хүний төлөө гэсэн мэдрэмжээр хийгдэх нь гарцаагүй мэт.

"Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа” гэдэг. Чухам энэ л үгийн утга учир нь өнөө цагт улам бүр бүдгэрсээр, үнэ цэнэгүй болчихоо юу даа хэмээн бодох болсон нь өөрсдөө бид үүний төлөө юу хийлээ хэмээн эргээд нэг эргэцүүлэх цаг нь болсоныг гэрчилнэ. Хүүхэд багачуудаа дэггүй, зүггүй, дуулгаваргүй байгааг шүүмжилж, бидний үед ийм тийм байж хэмээхээс урьтаж, бага залуусаа  балчир ахуй наснаасаа бусдын сайн сайхны төлөө тархи, зүрхтэй нэгэн болгож төлөвшүүлэх нь энэ улсын ирээдүйн сайн сайхан, зөв хөгжилийн хөрс суурь нь болох учиртай мэт.

“Хүмүүнлэг, буяны олон сайхан ажил үйлсийг дурдаж болох авч, хүүхэд багачуудын сайн сайхны төлөө, хүндлэл хүлээсэн ирээдүйн төлөө зориулж буй таны алхам, цаг хугацаа бүр юутай ч зүйрлүүлэшгүй хүчирхэг хүмүүнлэгийн үйлс мөнөөс мөн билээ .  

“Хүүхэд гэдэг бол хүн болохоор тэмүүлж буй хүмүүн төрөлхтөний үрс хойчис”  Зүйрлэвэл анхны навч нахиагаа дэлгэж буй амьд найлзуур л гэсэн үг. Түүнийг арчилж, хамгаалж,  тордож, усалж нүдний цэцгий мэт хайрлаж байж сая оршин тогнож чадахаар бүдүүн мөчир болон батаждаг даа. Хүүхдийн сайн сайхны төлөө цаг заваа зориулж, хүмүүнлэг сэтгэлгээг хөгжүүлэх боловсролд нь хөрөнгө оруулна гэдэг ирээдүйд цогцлох гэгээлэг нийгмийн хөгжилд өөрийн хувь нэмэрээ оруулж байгаа та бидний их үйлс болох бизээ.

 

Эргэцүүлэл нийтлэл бичсэн:

Ю.Амартүвшин
US Fund for UNICEF
UNICEF Next Generation, USA
Monthly Pledge
Member
Former Volunteer

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Manaihan(202.21.108.61) 2020 оны 03 сарын 10

Olon chigleleer saihan bichdeg ym bna, amjilt husey Anka!

1  |  0
Manaihan(202.21.108.61) 2020 оны 03 сарын 10

Olon chigleleer saihan bichdeg ym bna, amjilt husey Anka!

1  |  0
Khulan(122.255.174.151) 2020 оны 03 сарын 10

Naizdaa bayarlalaa ❤️ Humuunleg niigem buteehed huvi nemeree oruulj yavaad n bayarlaj bas baharhaj bna! Saihan niitlel boljee

2  |  0
Nz n(202.131.226.182) 2020 оны 03 сарын 10

Saihan niitlel bichjee. Amkadaa tsaashdiin ajil hudulmurt n undur amjilt husye. Mundag, daichin saihan busgui shuu!

3  |  0
Top