Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үндэсний "Номын баяр" энэ бямба, ням гарагт буюу есдүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болох гэж байна. Номд хайртай хэн бүхний хүсэн хүлээсэн өдрүүд айсуй. Хоёр өдрийн турш номоор амьсгалах энэ өдрүүдэд та юу бэлдэх ёстой вэ. Таны зайлшгүй мэдэх ёстой зүйлсийг сануулъя.
1. Юуны өмнө цаг агаартаа тохируулан хувцаслаарай. Номын баярын өдөр сэрүүхэн байх төлөвтэй байсан шүү. Та дулаан хувцаслаад гараарай.
2. Мөн том цүнх эсвэл даавуун тор авч явахаа мартуузай. Та ном уншдаг бол аль болох гялгар уутнаас татгалзахыг хичээгээрэй. Байгальд ээлтэй, эко, даавуун торыг өдөр тутамдаа хэрэглэж хэвших нь зүйтэй.
3. Худалдаж авах номын жагсаалтаа гаргах хэрэгтэй. Яаралтай эсвэл зайлшгүй унших шаардлагатай номоо хямдралтай авах боломж номын баяраар л олдох юм шүү.
4. Та хуучин ном сонирхдог уу? Тэгвэл хуучин номын худалдаагаар заавал ороод гараарай. Ховор орчуулгатай, нандин номуудыг хямд үнээр олох ч юм бил үү...
5. Номын баяраар хэсэхэд ихэнх тохиолдолд төлөвлөөгүй ном худалдаж авах гэх мэт илүү зарлага гардаг учир хэтэвчиндээ гэнэтийн үед ашиглах бэлэн мөнгөтэй явах нь чухал.
6. Номын баяр бол танилын хүрээгээ тэлэх хамгийн боломжтой үе. Магадгүй та энэ үеэр өөртэйгөө ижил сонирхолтой, ном унших дуртай, урлагт хайртай шинэ найзтай болох ч юм бил үү.
7. Энэ жилийн номын баяр ямар онцлогтойг та мэдэж байгаа юу? Хэрэв үгүй бол ЭНД-ээс бас ЭНД-ээс уншаарай.
8. Номын баяраар та хамгийн хайртай зохиолчоо бодитоор нь харах боломжтой. Тиймээс дуртай монгол зохиолоо цүнхлээд гараарай. Зохиолчоос нь гарын үсэг авах боломж гарах ч юм бил үү. Зохиолчийн гарын үсэгтэй ном хамгийн үнэ цэнтэй байдаг билээ.
9. Гэрэл зураг сонирхогчид номын баяраар гоё агшнуудыг дурандаа буулгах боломжтой. Тиймээс зураг авах камер, гар утсаа цэнэглэж очоорой.
10. Дээрх бүгдийг та мэддэг бол маргаашийг хүлээх л үлдлээ.
Сэтгэгдэл ( 0 )