#1 УИХ-ЫГ ТАРААХААР ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн эхийг баригч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Бираагийн Чимид агсан “...Үндсэн хууль бол түр зуурын буюу хэсэг хугацааны хөтөлбөр биш. Харин ард түмний нэгэнт сонгосон зам болох нийгмийн яс булчингийн тогтолцоог язгуураар нь зангидсан зүйл бүр нь авцалдаатай хууль бөгөөд түүнээс аль нэг судсыг тасалбал бусад сүлжээндээ шарх үүсгэдэг” хэмээн маш тодорхой хэлсэн байдаг. Энэ удаагийн Үндсэн хуульд оруулах өөрчлөлт нь яс булчингийн тогтолцоог язгуураар нь өөрчилж чадах уу. Шууд тийм гэж УИХ-ын аль ч гишүүн хэлж чадахгүй. Одоо хэлэлцэгдэж буй Үндсэн хуулийн төслийн эхийг баригчаар томилогдсон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хүртэл “Би энэ талаар ярихгүй” гээд шууд нүүр буруулан явна билээ.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг ард түмнээс асуух УИХ-ын шийдвэр гарчихлаа. Гэхдээ яг тэдний өдөр гээд хугацаа заачихсан юм алга. Ямар ч байсан Ард нийтийн санал асуулга явдгаараа явна гэдэг нь маш тодорхой болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы танхимын индэр дээрээс хэлээд алхаа цохьсон. |
УИХ-ын даргын алхны цохилтын цуурай намдаж амжаагүй байтал Ард нийтийн санал асуулгатай хамтатган УИХ-ын ээлжит бус сонгуулийг явуулах “бор шувуу” Ерөнхий сайдын өрөөнөөс Төрийн ордны өрөө бүрийг дамжин нисэж байна. Ерөнхийлөгчийн зүгээс УИХ тарахыг байнга шахам шаардах болсон. Ардчилсан нам, МАН-ынхан 2000, 2011, 2012, 2013, 2015 онуудад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлж, тухай бүр Ажлын хэсэг байгуулан ажилласан ч өнөөдрийн энэ цэг хүртэл явуулж чадалгүй мухардацгаасан байдаг. Харин 2016 оны арванхоёрдугаар сарын 22-ний өдөр тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захирамжаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэхийг судлах, санал дүгнэлт боловсруулах эрдэмтэн, судлаач, хуульч, хөндлөнгийн шинжээч нараас бүрдсэн Ажлын хэсэг байгуулсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл алхам алхмаар явсаар Ард нийтийн санал асуулга явуулах хэмжээнд хүрлээ. Үндсэн хуульдаа нэг удаа гар хүрвэл найман жил өөрчлөлт оруулах боломжгүй болдог. Найман жилийн дараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдаж эхлэхэд дор хаяж гурван парламент дамжин яригдана гэвэл 20 жил дуншина гэсэн үг. Тиймээс маш хариуцлагатай ажлын өмнө энэ парламент сайн муугаараа дуудуулан зогсож байгаа юм. Сайн муугаараа дуудуулсан ч кноп дарах эрх нь тэдэнд бий. Энэ эрхийг нь юугаар ч үл хязгаарлах билээ.
#2 АН-ЫН САНАЛЫГ ХУВААХ “ШИНЭ” НАМ Ч ТӨРЛӨӨ, ШИНЭ ХҮМҮҮСИЙН СУРАГ Ч АЙСУЙ
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өнгөрөгч 2018 оноос хойш намын даргынх нь хэлснээр “Ардчилсан намын бодлогын эсрэг ажиллаж” хувийн улс төрд шилжсэн. “Поп”-оороо алдаршиж буй Ж.Батзандан намынхаа даргаас чанга дуугарч энэ хэрээр түүний нэр нийгэмд хүрээгээ тэлэв. Харин эсрэгээрээ С.Эрдэнэ даргын дуу бүдгэрч, нэр төрийн хүрээ ч хумигдсан гэхэд болно. Парламентийн болон бусад хуралдаанаар С.Эрдэнэ АН-ын дарга уу, Ж.Батзандан АН-ын дарга уу гэх эргэлзээ ч төрөхөөр үе байсан байх, ард түмэнд. Тиймээс АН-ын дарга С.Эрдэнэ шийдвэр гаргаж, өдрөөс өдөрт дууг нь бүдгэрүүлж байгаа Ж.Батзанданг намаасаа хөөж, Л.Болдын нэр дэвших эрхийг дөрвөн жилээр хасч мулгуутсан. Угаасаа гарын арван хуруунд хүрэхгүй есхөн нөхрөөс хоёрт нь сахилгын арга хэмжээ авахаар цаадуул нь өрх тусгаарлахаа мэдэгдсэн. Тэдний хувьд лидер биш ч гэлээ С.Эрдэнэд загнуулаад бөхөлзөх хэмжээний улстөрчид бол биш. Тиймээс Ардчилсан нам УИХ-д бүлэггүй болж, хийж байгаа улс төр нь ч газар авахаа больсон. Ийнхүү Ж.Батзандан нар гавьяатай гавьяагүй нөхдүүд дагуулан улс орон даяар уулзалт хөдөлгөөн өрнүүлж “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” нэртэй нам байгуулахаа илэрхийлэн бадар барьсан. Олон нийтээс чамгүй дэмжлэг өгөгдөж, ташуур авсан тэд энэ эрчээрээ Улсын дээд шүүхэд өгсөн бичиг баримтаа баталгаажуулахаар хөөцөлдсөн хэрэг. Хүмүүс нь хуучиндуу попууд болохоос биш нэрийн товчлол нь хүртэл “ШИНЭ” гээд гоё, тэдэнд гялгардсан гэмээр.
#3 Д.ЭРДЭНЭБИЛЭГ, О.ОРХОН НАРЫГ ШҮҮХ ХУРАЛ ЭНЭ САРД БОЛНО
Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг болон тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид өнгөрөгч гуравдугаар сарын 5-ны өдөр прокурорын зөвшөөрөлтэйгээр баривчилсан байдаг. Тэднийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Цагдаагийн ерөнхий газар болон Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг шалгаж, өнгөрсөн зургаадугаар сарын эхээр мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокуророос Д.Эрдэнэбилэг нарт яллах дүгнэлт үйлдээд байгаа юм. өрдөн байцаалтын явцад тэднийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулж байгаад өнгөрөгч тавдугаар сард Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон нарыг Эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасны дагуу Монгол Улсын хилээр гарах эрхийг нь хязгаарлаж, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглох шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргаад байсан юм.
Энэ хугацаанд Д.Эрдэнэбилэгийн хууч өвчин сэдэрсэн тул эрүүл мэндийн үйлчилгээ авахаар гадаад улсад зорчих шаардлага бий болсон хэмээн түүний өмгөөлөгч шүүхэд хүсэлт хүргүүлж, улмаар хилийн хоригийг цуцалсан билээ. Ингээд Д.Эрдэнэбилэг өнгөрөгч наймдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсыг орхин гарсан гэх мэдээлэл бий.
#4 ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ОНЦЛОХ ҮГС
Цагтаа “Алтан гадас” фракцын тэргүүнд заларч фракц нь Ардчилсан нам төдийгүй Монгол төрийг хойморлож, өдгөөгийн нэр хүндтэнгүүдийг хатавчиндаа бөхөлзүүлж явсан Н.Алтанхуягийн нэр хүнд шалан дээр унажээ. Нэгэн цагт “хаан” шахуу явсан Н.Алтанхуягийг ийм дор орсныг нэр төрийг нь ганцхан сая төгрөгөөр үнэлсэн шүүхийн тогтоол орон даяар харууллаа. Өнгөрөгч 2016 оны сонгуулиар АН өвдөг шороодож, 2017 онд “Ардчилсан” тодотголтой Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тахимаа өгч гээд юм юм болов. Ерөнхийдөө Ардчилсан нам дуу намдааж, парламентийн буланд ижил буруу хэдэн ямаа шиг нөхөд адлагдаж, сүүлдээ бүлэг ч үгүй болсон. Энэ л ялагдлын дараа Ц.Элбэгдорж ярилцлага өгөхдөө “Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг оруулж ирдэг тусдаа хуультай. Тиймээс Н.Алтанхуяг би өөрөө өргөдлөө өгөх хэцүү байна, та огцруулаад өгөөч гэж над дээр орж ирсэн. Тэр өргөдлийг нь би нугалаад ийм зүйл байхгүй гээд буцаасан” хэмээн ярьсан билээ. Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ц.Элбэгдоржийг худлаа ярилаа, хүн гүтгэсэн гэх үндэслэлээр шүүхэд өгсөн. Ерөөсөө хүүхэд хөгшдийн хэрүүл шиг юм болсон. Ийнхүү Ардчилсан намын лидерүүдын маргаан шүүх дээр чамгүй цаг хугацааны нүүр үзэсний эцэст нэгнээс нь нэг сая төгрөг авч нөгөөд нь өгөх шийдэлд хүрчээ. Тодотговол, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр наймдугаар сарын 28-ны өдөр гарсан байна. Ингэхдээ “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хууль”-ийг үндэслэн Н.Алтанхуягийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээллийн хэмжээгээр няцаалт хийхийг даалгаж, Ц.Элбэгдоржоос нэг сая төгрөгийг гаргуулан Н.Алтанхуягт олгуулах шийдвэр гарчээ. Нэгэн нам, нэгэн Засгийн газар, нэгэн парламент гээд улс төрийн адармаатай замд ганзага нийлүүлж явсан хоёр нөхөр нэгнээ шүүхэд өгөөд нөгөө нь нэхэмжлэхийн дагуу нэг сая төгрөг гаргуулаад нөгөө нь авах юм байх. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа хойно өгч авалцах нь ойлгомжтой хэрэг. Бүрэн улсын шүүхийн тогтоол шийдвэр шүү дээ.
#5 ВИДЕО: ХООШЁОРЮҮ 3 ДАРААЛАН УНАЖ, АСАШЁОРЮҮД ЗАГНУУЛЛАА
Асашёорюүгийн ахын хүү, макүшитагийн зүүн жигүүрийн тав дахь бөх Хоошёорюү хоёр дараалан ялсныхаа дараа гурав дараалан уналаа. Өнөөдөр түүний өрсөлдөгч нь макүшитагийн зургаа дахь бөх Цүрүбаяаши байлаа. Манай бөх тачиай дээр өрсөлдөгчөө тогтоогоод баруун мавашины барьц авсан ч хөл мэхэнд орж унасан юм. Жюүрёод дэвших боломж нь багассаар байгаа дүүгээ их аварга Асашёорюү твиттерээр “Барилдах юм бол алалцаад үзэлц, үгүй юм бол чянко хоол хийгээд суу” гэх зэргээр загнажээ.
Сэтгэгдэл ( 0 )