Танд барих "Дуурьсал"-ын дуурьсал

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 19

“Норовбанзадын нутгийнхан намрын сарыг унагатайгаа чагтлана

Ногоон халзан хуураа чөдөртэй морь дагаж дэвхэцтэл хөглөнө

Саран тамга дүрсэн айраг алтан хярвастай

Наранд зэллэсэн шуранхай тэнгэрийн настай”...

Дундговь нутгаас төрж гарсан их найрагч Цэндийн Чимиддорж нутгийнхаа намрыг ингэж “зурсан” удаатай.  Айраг улам бүр сайхан болж, хөхүүртээн адуу мэт “тачигнах” энэ хээр халтар намраар Дундговийн дөрвөн залуу улсынхаа нийслэлд уран бүтээлийн “айргаа” үзэгч түмэндээ өргөн барих гэж байна. Тэд бол “Дуурьсал” хамтлаг. Энэ хамтлаг тулгаа тулж, галаа асаагаад гурван жил болж буй. Гуравхан жилийн дотор тэд түмэндээ танигдаж, олондоо хэдийнэ хүндлэгджээ. “Дуурьсал” хамтлаг оролцоогүй тоглолтыг давсгүй хоол, чихэргүй цай шиг санах үзэгчид Дундговиор дүүрэн болсон. Энэ нь тэдний авьяас билэг, ур чадвар, ухаан сэтгэлтэй холбоотой.

Ардын дуу, Уртын дууг орчин цагийн дууны урлагтай хослуулан “Этник поп” чиглэлээр уран бүтээлээ туурвидаг ийм хамтлаг өнөөхөндөө Монголд байхгүй. Тэд анхных нь. Тэд өнгөрсөн онд “Дуутай хууртай нутаг усныхан минь” анхны цомгоо гаргасан. Уг цомгийг сонссон хэн бүхэн “Дуурьсал”-ыг дагаж хуйларсан гэхэд хилсдэхгүй. Энэ хамтлагийн продюсер нь энэ цагийн нэртэй хөгжмийн зохиолч Гүргэлсүрэнгийн Төвшинтөр. Яагаав нөгөө “Адуутай айрагтай, найрагтай...” гэж дуулдаг “Аялгуут нутаг”-ийн эзэн шүү дээ.   

Говийн намхан бор толгодыг хэн хүн тэр бүр анзаарч хайхардаггүй. Харин анзаарч, анхаарч “дотор нь орж” гэмээнэ тэндээс юу ч гарч мэднэ. Ямар ч эрдэнэ байж мэднэ. “Дуурьсал” ч мөн адил. Энэ дөрвөн залуугийн гурав нь малчин. Хамтлагийн ахлагч, дуучин Д.Нямжаргал Хулд сумын Олдох багийн малчин. Үл-Олдохын тал бол ёстой л тэнгэрийн тал шиг тал нутаг. Яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагва энд төрж өссөнөөрөө жигтэйхэн бахархаж баярхадаггүй юу. Утга зохиол, урлаг соёлынхон бүгд мэднэ. Хамтлагийн ахлагч СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг МУГЖ Ц.Ерөө багшийн удирдлага дор 2011 онд төгсчээ. Цээл хоолойгоор “сэнгэнүүлж” өгнө.

Хамтлагийн гишүүн, уртын дуучин Б.Туваансүрэн, Э.Хонгорцог хоёр Дэрэн сумын “унаганууд”. Их дуучин Норовбанзадын дуугаа дуулж явсан тэр их хээр талд “хөллөж тэнцсэн” гэж бодохоор цаанаасаа “юмтай” гэдэг нь мэдрэгдэнэ. Тэр л их дуучинд “Уяхан замбуутивийн наран”-г анх зааж сургасан хээр талын малчин өвгөн МУСГЗ, Гарамын Дадьсүрэнгийн шавь нар гэхээр бүр их юм тэмтрэгдэнэ. Одоо Туваансүрэн Дэрэндээ, Хонгорцог Сайнцагаан сумандаа малчин гэж байгаа. Нэг нь СУИС-ийн, нөгөөх нь СИТИ сургуулийн уртын дууны эчнээ ангийн оюутнууд. Хоёулаа цээл хоолойтой. Өнгөрсөн жил сэтгүүлчид говь нутгаар аялах явцдаа Хонгорцогийн дуулахыг тохиолдлоор сонссон юм билээ. “Улаан дээлтэй Дундговийн тэр малчны дуулах уу...” гэж тэд Өмнөговь аймаг орон ортлоо ярьж бахархсаар явсан гэлцдэг.

Хамтлагийн дуучин Б.Энхбаяр. Монгол улсын хамгийн олон адуутай, найр наадам, айраг цагаа, хуруу дэмбээгээрээ алдартай Эрдэнэдалай сумын “хүүхэд”. Хамтлагийнхаа “хөгжмийн найруулагч, дууны инженер”-ийн алба ажлыг давхар хашдаг. Ая дан зохионо, зураг хөрөг авна. Элдэвтэй эр. Энэ дөрвөн залуу бүгдээрээ Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын тогоонд “чанагдаж”, уул давж, ус гаталж, хат суусан “ханагарууд”. Одоо ид хийж бүтээдэг ирэн дээрээ яваа харцагууд.  Тэд энэ цагийн шилдэг хөгжмийн зохиолч-С.Дашням /МУУГЗ/, Ц.Буян-Орших, Н.Чулуунхүү, Г.Төвшинтөр, Ш.Өлзийбаяр, Цэн.Эрдэнэбат... нарын олон сайхан бүтээлийг амилуулан түмэнд хүргэж буй билээ.

“Дуурьсал” хамтлаг өнгөрсөн жил ӨМӨЗО-ны аймаг хошуудад очиж ая дуугаа өргөөд бараг л “асуудалд орох” шахсан. Учир нь хошууны олон түмэн хушуурч дагаад... хамаг юмаа мартах дөхөхөөр тэгэлгүй яахав дээ. Тэдний “Дундговийн магтаал”-ыг сонссон нутгийнхан нь төдийгүй гадныхан дагаж “дэвхцээд” байдаг. “Урлагийн шид” гэж тэр биз.

Энэ хамтлаг:

“Тэнгэрийн тамгатай тал минь

Хаан сэтгэлийн сэнтий юм аа

Тэлмэн хуурын аялгуу нь

Тэнгэр газрын нулимс юм аа

 

Хаадын цадигтай тал минь

Халхын заяаг түшдэг юм аа

Эмээлийн дуутай тал минь"

Эгшигт тэнгэрийн дуурьсал” юм аа гэж дуулдаг. Тэнгэр газрынхаа эгшиг аялгууг, түмэн олныхоо сэтгэлийн дууллыг тэд тийн хүргэдэг. Яах гэж яруу найрагч, хөгжмийн зохиолч, дуучин хуурчид, зураач, уран бүтээлчид төрдөгийм бэ? Ард түмэн, улс орон өөрөө өөрийгөө харах гэж тэднийг төрүүлдэг ажээ. “Би чинь, бид чинь, манайх чинь ийм юм байна шүү дээ!” ойлгох гэж, онгирох гэж, омогшин бадрах гэж, алс холд тэмүүлэх гэж тэднийг төрүүлдэг.  

Нүүдэлчдийн оньсого таавар шиг нууцлаг атлаа хүчирхэг амьдралын чимээ, эгшиг аялгууг “Дуурьсал” дуурсган түгээх гэж байна. Энэ л нууцлаг, хүчирхэг дуурьслыг анирдан сонсож, тэр л  эгшиг аялгуугаар сэтгэлээ цэлмээнэ гэдэг бас л  хувь тавилан юм даа гэж бодоход хүрнэ.   

Ямар нэг гадны, “цагаан, цэнхэр саванд” бус жинхэнэ монгол ширэн “хөхүүрэнд” иссэн Дундговийн таана үнэртсэн айргийг та амтлах гэж байна. Энэ айрганд тэнгэр, газрын их татах хүч, адууны салхи, алтан нутгийнх нь агаар салхи, амт шимт нандин бүхэн шингэсэн буй. Сонсох юмсан гэж бодсоор явсан далд чанадын тэр л эгшиглэнт аялгууг “Дуурьсал” танд бэлэглэх болно. Энэ өдөр бол 2019 оны Х сарын 04. Энэ орой монгол “Бөхийн өргөө” “Дуурьсал” хамтлагийн дуу хууранд хөвхөлзөж, “наранд зэллэсэн шуранхай”-нд тэнгэр, газар, хүмүүн олны сэтгэл хөвөлзөн хөвсөлзөнө өө. 

Аюурбуньяагийн ЛХАГВА

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top