ЗИНДАА 2019.09.25 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 09 сарын 25

#1 ХЭНТИЙЧҮҮД ОНОН ГОЛЫГ ХАМГААЛАХ АСУУДЛЫГ ХӨНДӨВ

“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-аас хамтран зохион байгуулсан Тост, Тосон бумбын нурууг хамгаалсан жишиг тэмцэл “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” сэдэвт үндэсний хэлэлцүүлэг зүүн гурван аймгаас өчигдөр /2019.09.24/ эхэллээ. Хэнтий аймгийн Чингис хотноо нээлтээ хийсэн уг хэлэлцүүлэгт Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Б.Дархантөр, Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Сүнгээ, Цагдаагийн газрын дарга Б.Батсайхан, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Б.Энхбат, “Босоо хөх Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа, хуульч Б.Долгор Хэнтий аймгийн иргэд оролцож уул уурхайн нөлөөлөл, иргэдэд тулгамдаж буй асуудлыг тал бүрээс нь хөндөж, санал солилцсон юм. 

Хэдийгээр уул уурхай, эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын эдийн засгийн тодорхой хувийг бүрдүүлдэг ч энэ салбарт хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж буй сайн жишиг, хариуцлагатай уул уурхайн үйлдвэрлэл ховор байгааг оролцогч, илтгэгчид онцолж байлаа.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#2 НОЁН УУЛЫГ ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР БОЛГОХ ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ

Засгийн газрын өнөөдрийн /2019.09.25/ хуралдаанаар Ноён уул орчмын газрыг дархан ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Тогтоолын төсөлд байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын болон экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газар болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дурсгалт газрыг өргөтгөн, ангилал ахиулж дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгасан юм. Ноён Уул орчмын газрыг тусгай хамгаалалттай болгосноор байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын дурсгалууд ойн сан бүхий газрын 0,11 хувь хамгаалагдаж, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 10,483 га талбайгаар нэмэгдэх юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЭ ТААМГИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Азийн хөгжлийн банк Монгол Улсын эдийн засгийн энэ оны болон ирэх жилийн төлөвийг хэрхэн таамаглаж  буйгаа өнөөдөр /2019.09.25/ танилцууллаа. 

Тус байгууллагын Монгол дахь  Дэд суурин төлөөлөгч Деклан Магий хэлэхдээ “Бид дөрөвдүгээр сард танилцуулж байсан эдийн засгийн таамгаа тодотгож, шинэ таамаг дэвшүүлж байна. Энэ оны эдийн засгийн өсөлтийг 6.7 хувьтай гарахаар байна гэж тооцсон дөрөвдүгээр сарын таамаг өнөөдөр хэвээрээ байна. Харин 2020 оны эдийн засгийг өсөлтийг 6.3 хувь гэж таамаглаж байснаа 6.1 хувь болгож тооцоод байна” гэсэн юм. Түүнчлэн 2019, 2020 онд эдийн засгийн өсөлт суларч  өмнөх оноос яльгүй саарах ч тогтвортой хөгжлийг цогцлоох замд орсноор эдийн засгийн өсөлт ч тогтвортой түвшинд хадгалагдана гэж мэдэгдэв. АХБ-ны эдийн засгийн голлох нийтлэл болох "Азийн хөгжлийн төлөв 2019" шинэчилсэн тайланд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018 оны 7.2 хувиас бага зэрэг буурч 2019 онд 6.7 хувь, 2020 онд 6.1 хувь болно гэж тодотгожээ. Дотоод эрэлт өсөж, уул уурхай болон барилгын салбарууд тэлсэн нь энэ  оны эхний хагас жилийн эдийн засгийн өсөлтөд голлон нөлөөлсөн бол жилийн сүүлийн хагаст БНХАУ-ын эрэлт саарч, мөн дотоод эрэлт нь импортын өсөлтийг дэмжсэнээр эдийн засгийн өсөлт удаашрахаар байна гэж тайланд дурджээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 Б.СҮНЖИДМАА: ГЕОЛОГИЙН СУДАЛГАА ЗӨВХӨН ОРД НЭЭДЭГ АЖИЛ БИШ, ШИНЖЛЭХ УХААН

Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтсийн дарга Б.Сүнжидмаатай ярилцлаа.


-Метан хийг ашигласнаар нийгэм, эдийн засаг, геополитикийн олон талын ач холбогдолтой гэж та хэлж байсан шүү дээ. Ер нь бид тулгамдсан олон асуудлаа шийдэхийн тулд зарим уламжлалт хэрэглээнээсээ татгалзах нь цаг үеийн асуудал болж байх шиг байна?

-Метан хий эрчим хүчний салбарт маш чухал эко түлш гэдгийг дэлхий нийтээрээ нэгэнтээ ойлгочихсон. Бидний хувьд утааны асуудлаа шийдвэрлэх урт хугацааны төлөвлөлт бол хийн түлшийг эрчим хүчнийхээ салбарт хэрэглэх явдал юм.  Монгол Улсын нүүрсний геологийн таамагласан нөөц  173.1 тэрбум тонн. Энэ бол дэлхийд эхний аравт орох арвин их нөөц. Тэгвэл метан хий гэдэг нь нүүрсний давхаргад орд болоод үүсэж, тогтоод  байж байдаг. Нүүрсний давхаргын метан хий нь газрын гадаргаас 300 метрээс доош гүнд эдийн засгийн хувьд ач холбогдолтой хуримтлалыг үүсгэж байдаг. Хэрвээ бид нүүрсний давхаргын метан хийгээ ашиглахгүй байх юм бол нүүрс олборлох явцад уурхайгаас их хэмжээний метан хий ялгарч ашиглалгүй хаягдсаар байх болно. Метан хий нь дулаан хий учраас ашиглагдахгүй байгальд  хаягдахын хэрээр хүлэмжийн хийг нэмэгдүүлж, дэлхийн дулааралд нөлөөлөх эрсдэлтэй. Нүүрсийг ашиглахаас өмнө нүүрсний давхаргын метан хийг ашиглаж буй олон улсын туршлага байна. Нүүрсийг олборлох явцад метан хийг зайлуулахгүй бол дэлбэрдэг.

Манай Налайхын уурхай метан хийгээ зайлуулаагүй учраас дэлбэрсэн шүү дээ. Тэгэхээр нүүрсний давхаргын метан хийг ашиглах нь байгаль орчин, эдийн засаг, уурхайн аюулгүй ажиллагаа зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм. Агаарын бохирдлыг шийдвэрлэх шийдэл гэдгийг нь дэлхийн томоохон хотууд агаарын бохирдлоо шийдвэрлэсэн үүх түүхээс нь харж болно. Англид гэхэд 1930-1950 оны хооронд ард иргэд нь агаарын бохирдлоос болж яг л өнөөдрийн манай иргэд шиг төр засагтаа гомддог, дорвитой шийдэл хүлээсэн байр байдалтай байсан. Ард иргэд нь хотын  захиргаандаа байн байн гомдол гаргадаг байсан боловч Засгийн газар нь дорвитой арга хэмжээ авахгүй байсаар 1952  оны арванхоёрдугаар сарын нэг өдөр цаг агаар хүйтэрч, салхины урсгал эсрэг циклонд орсны улмаас ямар ч салхигүй болж, хотыг өтгөн хар утаа бүрхсэнээр нэг л шөнийн дотор хэдэн мянган хүн амиа алдсан байдаг. Ганц өвлийн дотор 12 мянган хүний алтан амийг авч одсон баримт бий шүү дээ.  Ийм гамшиг болсны дараа эрх баригчид нь Цэвэр агаарын хууль баталж, ард иргэдээ цахилгаан болон хийн түлшээр хангаснаар дөрвөн жилийн дотор агаарын бохирдлоосоо бүрэн ангижирсан байдаг. Улаанбаатар хотод өвлийн нэг өдөр  салхины урсгал эсрэг циклонд орлоо гэхэд, утаа хотыг нөмрөхөд ийм аюултай нөхцөл байдал үүсэхгүй гэхийн аргагүй. Өнөөдөр төрийн зүгээс энэ нөхцөл байдалд анхаарч ажиллаж байна. Эрлийн долоон гэрээ байгуулж ажиллаж байна гэдэг  том тоо. Гол нь бүгдээрээ ажил хийж байгаа.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 THE HU ХАМТЛАГ "БИЛЛБОАРД"-ЫГ ТЭРГҮҮЛЖ, BTS-ИЙГ АРДАА ОРХИВ

"The Hu" хамтлаг өчигдөр /2019.09.24/ хоёр том амжилт тогтоолоо. Монгол Улсын хөгжмийн түүхэнд тэмдэглүүштэй үйл явдал болж өнгөрлөө. Эхлээд тэд Их Британийн ТОП 100 дууны жагсаалтад багтсан. "Official Charts" байгууллагын гаргадаг энэ жагсаалтад багтах нь дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөний баталгаа юм.

Нэр хүндтэй энэ жагсаалтад монгол уран бүтээлч орж байсан удаа байхгүй. "The Hu" хамтлаг 21-т бичигдсэн. Дараагийн түүхэн амжилт нь Америкийн "Биллбоард"-ын жагсаалтыг "Гэрэг" цомог нь тэргүүллээ. "The Hu" хамтлагийн анхны "The Gereg" цомог нийт есөн дуутай. "The Gereg", "Wolf Totem", "The Great Chinggis Khaan", "The Legend of Mother Swan", "Shoog Shoog", "The Same", "Yuve Yuve Yu", "Shireg Shireg", "Song of Women". Бүх дуу нь эх орон, монгол ёс заншлаа хайрлан хамгаалах үзэл санаатай бөгөөд хамгийн гол нь монгол хэлээр дуулдаг. Монгол хамтлаг монгол хэлээр дуулж гаргасан цомог дэлхийд тэргүүлнэ гэдэг үнэхээр бахархмаар үйл явдал юм. Өмнөд Солонгосын эдийн засагт жилд хэдэн тэрбум ам.доллар оруулдаг, дэлхий дахинд хэдэн сая фэнтэй BTS хамтлагийн дөрвөн цомог манай хамтлагийн араас жагсжээ.
 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top