Азийн хөгжлийн банк Монгол Улсын эдийн засгийн энэ оны болон ирэх жилийн төлөвийг хэрхэн таамаглаж буйгаа өнөөдөр /2019.09.25/ танилцууллаа.
Тус байгууллагын Монгол дахь Дэд суурин төлөөлөгч Деклан Магий хэлэхдээ “Бид дөрөвдүгээр сард танилцуулж байсан эдийн засгийн таамгаа тодотгож, шинэ таамаг дэвшүүлж байна. Энэ оны эдийн засгийн өсөлтийг 6.7 хувьтай гарахаар байна гэж тооцсон дөрөвдүгээр сарын таамаг өнөөдөр хэвээрээ байна. Харин 2020 оны эдийн засгийг өсөлтийг 6.3 хувь гэж таамаглаж байснаа 6.1 хувь болгож тооцоод байна” гэсэн юм.
Түүнчлэн 2019, 2020 онд эдийн засгийн өсөлт суларч өмнөх оноос яльгүй саарах ч тогтвортой хөгжлийг цогцлоох замд орсноор эдийн засгийн өсөлт ч тогтвортой түвшинд хадгалагдана гэж мэдэгдэв. АХБ-ны эдийн засгийн голлох нийтлэл болох "Азийн хөгжлийн төлөв 2019" шинэчилсэн тайланд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018 оны 7.2 хувиас бага зэрэг буурч 2019 онд 6.7 хувь, 2020 онд 6.1 хувь болно гэж тодотгожээ. Дотоод эрэлт өсөж, уул уурхай болон барилгын салбарууд тэлсэн нь энэ оны эхний хагас жилийн эдийн засгийн өсөлтөд голлон нөлөөлсөн бол жилийн сүүлийн хагаст БНХАУ-ын эрэлт саарч, мөн дотоод эрэлт нь импортын өсөлтийг дэмжсэнээр эдийн засгийн өсөлт удаашрахаар байна гэж тайланд дурджээ.
АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен хэлэхдээ,
“2019 оны эхний хагас жилийн эдийн засгийн гүйцэтгэл төсөөллөөс давсан. 2019, 2020 онуудад Монгол улсын эдийн засгийн өсөлт эерэг хандлагатай байх боловч БНХАУ-ын эдийн засгийн удаашрал нь Монгол улсын экспортын салбарт нөлөөлнө. Хэрэв 2017 оноос хойшхи макро эдийн засгийн таатай байдлыг Засгийн газар ашиглаж чадвал энэ нь хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжинэ. Монгол Улсын эдийн засаг, ялангуяа түүхий эдийн салбар нь гаднын сөрөг хүчин зүйлүүдэд мэдрэмтгий хэвээр байна. Иймд бодлогын орон зай, эдийн засгийн нөөцийг бүрдүүлэх боломж олгох үр ашигтай макро эдийн засгийн бодлого баримтлах нь Монгол Улсын эдийн засгийн мөчлөг дагасан савлагаа, эмзэг байдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Бүтцийн шинэчлэлүүд, ялангуяа банкны салбар дахь бүтцийн шинэчлэлүүд нь чухал хэвээр байх бөгөөд эдийн засгийн өндөр өсөлттэй энэ үед эдгээр асуудлуудыг шийдвэрлэх нь зүйтэй" гэсэн юм.
Дотоод эрэлтээс гадна гадаадын шууд хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлсээр байгаа бөгөөд энэ хандлага цаашид ч үргэлжилнэ. Үйлчилгээний салбарын эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө өндөр хэвээр байгаа ба хөдөө аж ахуйн салбарын сэргэлт үргэлжлэх төлөвтэй байна.
Инфляци зургаадугаар сарын дунджаар 8.1 хувь байсан бол өсөн нэмэгдэж буй дотоод эрэлт, хүнсний өндөр үнэтэй холбоотойгоор 2019 онд 8.5 хувь байхаар байна. 2020 онд эдгээр хүчин зүйлүүдийн нөлөө харьцангуй бага байх тул инфляци 7.5 хувь болж буурна. 2019 оны эхний хагаст урсгал дансны алдагдал 10.2 хувь болж багассан ба 2020 онд импортын эрэлтээс үүдэлтэйгээр алдагдал нэмэгдэхээр байна. Монгол Улсын нэгдсэн төсөв 2019 оны эхний хагаст дотоодын нийт бүтээгдэхүүний 4.7 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай гарсан ба шинээр олгосон зээлийн өсөлт 5.0 хувьтай байснаар нийт зээлийн өсөлт буурсан. Чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.6 хувьд хүрч өссөн байна.
Монголын эдийн засаг түүхий эдийн үнийн савлагаа, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашрал зэрэг гаднын сөрөг хүчин зүйлүүдэд мэдрэмтгий хэвээр байна. Дотоод эдийн засгийн нөхцөл байдлын хувьд Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй банкуудыг дахин хөрөнгөжүүлэх үйл ажиллагаа тасалдах эрсдэлтэй гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 0 )