“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-аас хамтран зохион байгуулсан Тост, Тосон бумбын нурууг хамгаалсан жишиг тэмцэл “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” сэдэвт үндэсний хэлэлцүүлэг зүүн гурван аймгаас өчигдөр /2019.09.24/ эхэллээ.
Хэнтий аймгийн Чингис хотноо нээлтээ хийсэн уг хэлэлцүүлэгт Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Б.Дархантөр, Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Сүнгээ, Цагдаагийн газрын дарга Б.Батсайхан, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Б.Энхбат, “Босоо хөх Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа, хуульч Б.Долгор Хэнтий аймгийн иргэд оролцож уул уурхайн нөлөөлөл, иргэдэд тулгамдаж буй асуудлыг тал бүрээс нь хөндөж, санал солилцсон юм.
Хэдийгээр уул уурхай, эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын эдийн засгийн тодорхой хувийг бүрдүүлдэг ч энэ салбарт хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж буй сайн жишиг, хариуцлагатай уул уурхайн үйлдвэрлэл ховор байгааг оролцогч, илтгэгчид онцолж байлаа.
Хэлэлцүүлгийг “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаяр удирдан явуулсан бөгөөд тэрбээр хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Юун түрүүнд эх нутаг, газар шороо, хуульт ёсны төлөө энд хүрэлцэн ирсэн хэнтийчүүддээ талархал илэрхийлье. “Тост, Тосон бумбын нурууг монголчууд мэднэ. Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсны алтан амь үрэгдсэн цагаас монголчууд мэддэг болсон. Түүнээс хойш улсын хэмжээнд байгаль хамгаалах, уул уурхайн компаниудыг хуулийн хүрээнд ажиллуулах чиглэлээр бодитой шүүмжлэлүүд нийгэмд түгэх болсноор Тосон бумбын нуруу анхаарлын төвд орсон. Монголын төр анхаарлаа хандуулсны үр дүнд Тост, Тосон бумбын нуруунд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан компанийн лицензийг цуцалсан. Бид энэ тэмцэлд оролцож явсан хүмүүс. Бид хүчээ нийлүүлснээр Монголын төрд хууль зөрчсөн үйлдлийг илчилж чадсан. Арван жилийн турш зогсолтгүйгээр нутгийн иргэд нутгаа хамгаалж тэмцсэн. Хэн нэгэн хүн ганцаараа шийдээгүй. Бүгд нийлж тэмцэж байж ард нь гарсан. Энэ бол тэмцэл байсан. Зөвхөн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд биш Монголын 3.3 сая иргэн тэмцсэн.
Тост, Тосон бумбын төлөө тэмцсэн энэ жишгээр Монгол орноо тойрч, хууль зөрчиж байгаа зүйл байгаа бол түүнийг нь төрд хүргэж, байгаль хамгаалах үзлийг түгээн дэлгэрүүлэх, иргэдээ соён гэгээрүүлэх, эх орон ч үзлийг дэлгэрүүлэх үүднээс “Байгаль эх, Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгийг бид зохион байгуулж байгаа юм. Өнөөдрийн хэлэлцүүлгийг дэмжиж байгаа аймгийн Засаг дарга Н.Ганбямбад талархал дэвшүүлье.
Хариуцлагатай уул уурхайн тэмцлийг жишиж болохуйц жишээг би хэлье. 1921 онд ардын хувьсгал ялж, Монгол Улс тусгаар тогтносон. Олон аавын хүүгийн цусыг асгаруулж тэмцэл хийсэн. 1939 оны Халхын голын дайнд бид газар нутгаа өмгөөлөн тэмцсэн. Тэгвэл өнөөдрийн байгаль эхээ хамгаалах, уул уурхайг хариуцлагажуулах тэмцэл бол яг газар нутгаа хамгаалах тэмцэлтэй адил юм. Тэр үед дайсан тодорхой байсан. Харин одоо бид маш хүнд нөхцөлд тэмцэл хийж байна. Дайсан дэргэд байгаа. Дайсан Төрийн ордонд орсон байна. Дайсан бидний итгэж явсан анд нөхөр байхыг үгүйсгэхгүй. Бид дайснаа таних аргагүй болсон. Тийм учраас та бидний өнөөдрийн тэмцэл тусгаар тогтнолоо хамгаалан, газар шороогоо өмгөөлөн босож байсан тэмцлээс харьцангуй хүнд, маш өөр тэмцэл юм. Тиймээс бид өнөө цагийн өнгөн дээр мэдээллийг ил тод байлгах ёстой. Хэрэв уул уурхайд сайн зүйл байгаа бол жишээ болгож ярья. Түүнийг тэргүүн туршлага болгож сурталчлах ёстой. Бид уурхай хаах гэж, хүний муу үзэх гэж байгаа юм биш. Харин буруу зүйл байгаа бол олон нийтэд мэдүүлж, төрийн чихэнд аваачих нь зөв. Араас нь ямар шийдэл гаргалгаа байгааг тайлбарлая. Мэргэжлийнхнээр шийдлийг олуулъя. Тэгээд асуудал шийдэгдэхгүй байвал бид бүгдээрээ нийлээд төрд хяналт тавьж, шахалт үзүүлж ажиллах ёстой. Энэ бол бидний тэмцлийн гол хэлбэр, утга, зорилго юм" гэлээ.
Мөн тэрбээр “Эзэн богд Чингис хааны өлгий нутаг болсон түүхийн аялал жуулчлалын хамгийн том бүс Гутайн даваанд гурван уурхай нээгдэж, Онон голын эхийг хорлон сүйтгэж, байгаль эхийн өрийг нь цоолж байсан. Харин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийдвэр, Монгол төрийн шударга алхаар энэ асуудал ямар ч байсан зогссон. Гэвч нөхөн сэргээлтийг ярих ёстой. Нөгөө талаас зарим өнгөт металлын үнэ өсөж байгаатай холбоотой Хэнтий аймагт жоншны олборлолт нэмэгдэж байгаа тухай мэдээлэл гарах боллоо. Энэ бүхнийг бид өнөөдөр ярилцах болно. Улмаар шийдвэр гаргагчдаасаа шийдлийг хайх ёстой. Би Хэнтийд ирсэн болохоор Ерөнхий сайдын нэрийг дурдаж байгаа юм биш шүү. Тост, Тосон бумбын нурууг авч үлдсэн төрийн шийдвэр бол жишиг шийдвэр байсан. Өнөөдрийн хэлэлцүүлгийг бид сайн дураараа санаачилж байгаа ч төрийн шийдвэр гарахгүй бол хэцүү. Тиймээс бидний хэлэлцүүлгийн мөрөөр төр маань шударга ёсны алхаа цохиосой. Засгийн газар, аймаг, сумын түвшинд асуудлыг шийддэг байх жишиг тогтоох нь өнөөдрийн хэлэлцүүлгийн томоохон зорилго" хэмээн үг хэллээ.
Мөн “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-ий тэргүүн Д.Энхбат “Монгол орон маань хөрсөн дороо үнэхээр арвин баялагтай. Энэ баялгаа ашиглах замаар улсынхаа хөгжлийг түргэтгэе. Монгол Улсад уул уурхайн салбарыг хөгжүүлж, эдийн засгаа өөд нь татъя гэсэн өөдрөг үзлээр сүүлийн 30-аад жил уул уурхайн үйлдвэрлэл явж ирлээ. Гэхдээ сайнтай, саартай явж ирсэн. Улс орны эрдэс баялгийг ашиглаж, экспорт хийж байгаа болохоор улсын маань сан хөмрөг асар ихээр нэмэгдсэн. Энэ бол уул уурхайн үйлдвэрлэлийн сайн жишээ. Эсрэгээр хүн ардын уламжлалт мал аж ахуй, газар тариалан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлдөг, байгаль орчныг доройтуулдаг. Мөн уурхайчдын ахуй амьдрал орхигддог. Энэ сөрөг хандлагууд 1997 оны Ашигт малтмалын тухай хуулиас үүдэлтэй юм. Уг хуулийг гадаадынхан монголчуудад хүчээр тулгаж батлуулсан байдаг. Энэ хууль уугуул ард түмэнд үр ашиг багатай, Үндсэн хуульд харшилсан хууль байсан. Үүний хор уршгаар Монгол Улсын 50 орчим хувьд 8000 орчим лиценз олгогдож байв. Уул уурхайн халуурлын үед буюу 2000-2006 онд Монгол Улсын тал хувийг гадна, дотнын компаниудад өгчихсөн байсан. Үндэстэн дамнасан корпорациуд ядуу буурай орны уул уурхайг замаар эрдэс баялгийг нь тонож дээрэмддэгийг бид мэднэ. Тиймээс бид уул уурхайн үр ашиг Монголын ард түмэнд хүрдэг байхын төлөө тэмцэж байгаа юм. Уул уурхай гэдэг нэг аймаг, нэг сумын асуудал биш төрийн тусгаар тогтнолтой холбоотой аюултай асуудал. Бид Тост, Тосон бумбын нурууны тэмцлийг амжилтад хүргэж чадсан. Тиймээс бидний өнөөдрийн хэлэлцүүлэг амжилтад хүрнэ гэдэгт найдаж байна. Монгол орондоо хуулийн дагуу эдийн засгийн үр ашгаа хүртээдэг, олон шинэ салбарыг бий болгодог уул уурхайн төлөө бид явж байна” гэсэн юм.
Н.ГАНБЯМБА: ХЭНТИЙ АЙМАГ ТҮҮХЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААР УУЛ УУРХАЙГҮЙ ХӨГЖИХ БОЛОМЖТОЙ
Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямба уул уурхайн үйлдвэрлэлийн эсрэг хатуу байр суурьтай ажиллаж байгаа ба Хэнтий аймаг ногоон хөгжлийн замыг сонгосон гэдгийг онцолж байсан юм. Тэрбээр “Хэнтий аймаг бол хамгийн их лицензтэй таван аймгийн нэг. Гурван жилийн өмнө 300 гаруй уул уурхайн лицензтэй байсан. Бид өнөөдөр ногоон хөгжлийн замыг сонгож байгаа. Тийм учраас уурхайн ашиглалт, хайгуулын 100 гаруй лицензийг цуцалсан үр дүн гаргаад байгаа. Гэсэн ч үүний цаана 226 лиценз үлдсэн байна. Аймаг, сумаас уурхайн лиценз олгохгүй байх санал хүргүүлдэг ч дээрээс зөвшөөрөл өгдөг Ашигт малтмал, газрын тосны газар гэж бий. Лиценз гэдэг бол зүгээр л цаас. Энэ цаасыг зардаг худалдаг энэ тогтолцоог өөрчлөх гээд барахгүй юм. Хятадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудын лицензийг цуцлахаар ажиллаж байна. Харин шүүхээр очоод эргээд ирэх тохиолдол бий. Хуулиар хамгаалуулаад эргээд ирнэ гэж боддог шиг байгаа юм. Аймгийн зүгээс Гутайн давааны 102.690 мянган га газрыг бүтнээр нь улсын тусгай хамгаалалтад авахыг хүссэн. Энэ асуудлыг Засгийн газрын хурлаар хэлэлцсэн боловч өнөөдөр албан ёсны хариу ирээгүй байна. Аргаа бараад өөрийнхөө фэйсбүүкт Гутайн давааг бүхлээр нь, өчүүхэн ч газар үлдээхгүй бүрэн хамгаалалтад авч өгнө үү гээд сайдад хандан хэд хэд биччихээд, хариу хүлээж сууна. Биднийг уул уурхайн салбарт хэтэрхий хатуу хандаж байна гэдэг. Би хатуу хандана. Хэнтий аймаг түүхэн аялал жуулчлал, ногоон хөгжлөөрөө уул уурхайгүйгээр хөгжих боломж бий. Цаашдаа болж өгвөл бид уул уурхайн лицензгүй аймаг болохыг зорьж байна” гэлээ.
Харин иргэдийн зүгээс уул уурхайн лицензгүй аймаг болох хэлэлцүүлгийн санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлж санал бодлоо хуваалцаж байлаа.
“Хэрлэн цэнхэр алс” ТББ-ын тэргүүн Л.Энхбаатар “Уул уурхайн талаар саналаа хэлье. Энэ уурхайн ажил явуулах зөвшөөрлийг дээр газраас өгөөд байна. Энэ нутагт амьдарч суудаггүй хүмүүс нутгийг нь ухах зөвшөөрөл өгөөд явах нь хэр зүйтэй юм гэдгийг бодох хэрэгтэй. Тиймээс дээрээс биш аймгийн Засаг дарга уурхайн зөвшөөрөл өгөх эсэхийг шийддэг байж болохгүй юу гэдэг санал гаргаж байна” гэв.
Хэнтий аймаг иргэн С.Сарангоо “Орон нутагт тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэж байгаад баяртай байна. Дан болж бүтэхгүй зүйл яриад яах вэ. Томоохон уул уурхайг аймгийн дарга маань хааж байсныг мэднэ. Тиймээс цаашид энэ уурхайн эсрэг тэмцлийг дэмжинэ гэдгээ илэрхийлж байна” гэлээ.
Ийнхүү иргэд, удирдлагууд тулгамдаж буй асуудлаа нээлттэй ярилцаж зөвлөмж боловсруулан, ногоон аялал жуулчлалаар нутаг орноо хөгжүүлж уул уурхайгүй анхны аймаг болох тухайд санал нэгдсэнээр хэлэлцүүлэг өндөрлөлөө.
“Байгаль эх, Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг есдүгээр сарын 26-нд Дорнод аймгийн Чойбалсан хотноо, есдүгээр сарын 27-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо тус тус үргэлжилнэ.
ОНОН ГОЛЫГ ХИМИЙН БОДИСООР ХОРДУУЛАХЫГ НУТГИЙН ИРГЭД ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА
Хэнтий аймгийн тухайд ашиглалт болон хайгуулын нийт 331 лиценз олгогдсон байснаас сүүлийн гурван жилд зуу гаруй лиценз цуцалжээ. Гэсэн ч 226 лиценз өнөөдрийг хүртэл хүчинтэй хэвээр байгаа юм. Эдгээрээс 17 уурхай алт, жонш, нүүрс олборлолт явуулж байна. Аймгийн удирдлагууд болон иргэдийн зүгээс уул уурхайн үйлдвэрлэлийн эсрэг байр суурьтай байгаа ба ногоон хөгжил, аялал жуулчлалаар нутгаа хөгжүүлэхийг дуу нэгтэйгээр дэмжиж байгаа аж.
Харин өнөөдөр Хэнтий аймгийн хэмжээнд 332 га газар уул уурхайн нөлөөллийн улмаас эвдэрч сүйдсэн бөгөөд цаашлаад Онон голын ай савыг хамгаалах асуудал Хэнтийчүүдэд тулгамдаж буй. Учир нь Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Онон голын ай сав газар, Гутайн даваа орчимд “Ю энд Би”, “Айвинтэс”, “Пэгматэд майнинг” зэрэг гурван компаниуд алт, хүдрийн олборлолт явуулж байна. “Ю энд Би”, “Айвинтэс” компаниуд нь алт олборлох шороон орд бол “Пэгматэд майнинг” компани нь үндсэн орд учраас алтыг хүдрээс салгахдаа химийн бодис буюу цианид натри ашигладаг аж. Уурхайн орчимд Шургадгийн гол, Гутайн гол урсдаг бөгөөд эдгээр гол нь Онон гол руу цутгадаг. Тиймээс хэрэв дээрх хоёр гол химийн бодисоор бохирдвол Онон гол бохирдож, голоос ундаалдаг хүн мал хордох эрсдэлтэй тул зөвхөн Батширээт сумын иргэд бус Онон гол дайрч өнгөрдөг Дадал, Биндэр, Норовлин сумын иргэд эдгээр уурхайн ажиллагааг эсэргүүцэж байгаа юм.
Иймд аймгийн удирдлагуудын зүгээс Гутайн давааг улсын тусгай хамгаалалтад бүтнээр нь авах саналыг харьяа яаманд хүргүүлжээ. Улмаар Гутайн давааг хамгаалалтад авах эсэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцсэн бөгөөд өнөөдрийн байдлаар албан ёсны шийдвэр хараахан гараагүй байгаа гэдгийг албаныхан хэлж байв.
Сэтгэгдэл ( 0 )