ТОЙМ | ЧУУЛГАН | ХЭН, ЮУ ХЭЛЭВ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 18

Монгол Улсын 21 аймгийг бүтэн тойрсон “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” Үндэсний чуулган  яг одоо үр дүнгээ хэлэлцэж байна.

"Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлгийн баг өнгөрсөн хугацаанд 12000 км зам туулан, 35 хэлэлцүүлгийг 21 аймагт зохион байгуулсан бөгөөд ийнхүү Төрйин ордонд нэгдсэн хэлэлцүүлэг хийж байна. Хэлэлцүүлгийн үр дүнд нэгдсэн зөвлөмж гаргаж, Засгийн газарт хариуцлагатай уул уурхайн төлөө шаардлага хүргүүлэх юм байна.

Үндэсний чуулганд илтгэлээс онцлох эшлэлүүдийг та бүхэнд хүргэе.


“ӨНГӨРСӨН ХУГАЦААНД МАШ ЗАМБАРААГҮЙ ЛИЦЕНЗ ОЛГОЖ БАЙСНЫГ АЖЛЫН ХЭСЭГ ТОГТООСОН”

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин:

 

  1. Яг энэ мөчид Засгийн газрын хуралдаан болж байна. Энэхүү хуралдааны нэгдүгээр асуудал болгож 320 дугаар тогтоол гарч, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн олголт, бүрдүүлсэн материал, тэдгээрт тавих хяналтын асуудлыг хэлэлцэнэ.
  2. Тусгай зөвшөөрлийг хянах Ажлын хэсгийг Шадар сайдаар ахлуулж байгуулсан юм. Энэ дагуу нийт 30 гаруй хүн ажиллалаа
  3. Өнөөдөр Монгол Улсад 2889 хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл байна. 1993 оноос хойш олгогдсон байдаг. Үүнээс ашиглалтын тусгай зөвшөөрөл 1664 байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл 1225 байна. 
  4. Үүнээс 650 зөвшөөрлийг цахимаар олгосон гэсэн дүн бий. Энэ нь маш “явдалтай” гэдэг нь тодорхой болсон. Мэдээлэлд илүү ойрхон байгаагаа ашиглаж давуу байдлаар авсан гэх зүйл харагдаж байна.
  5. Маш замбараагүй лиценз олгож байсан гэдгийг Ажлын хэсгээс тогтоосон. Маш их замбараагүй олгож байсан, орон нутгийн хууль бус олголт явагдсан байна. Тэндээс олж байгаа ашиг, орлогоо нууцаар хуваадаг байсан нь илэрсэн.
  6. Хамгийн гол зүйл нь Монгол Улсад нэгдсэн мэдээлэл байхгүй байна. Мэдээллээ нэгтгэж чадаагүй учраас лиценз олголт замбараагүй явж ирсэн гэдэг нь тодорхой байгаа юм.
  7. Өнгөрсөн хугацаанд байгаль орчин ихээр сүйджээ.Байгаль орчныг хаана яаж сүйтгэж байгаатай холбогдсон маш их мэдээлэл Ерөнхий сайдад ирж байгаа.
  8. ...38 асуулгаар  Ажлын хэсэг ажиллаж, нэгдсэн санг байгуулж чадлаа. Одоо энэхүү санг бүгдийг нь цахим хэлбэрт шилжүүлнэ. Улсын хэмжээнд нэгтгэсэн нэг мэдээлэлтэй болж байна. 
  9. Уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгч байгууллага бүрдүүлэх ёстой баримт материалыг цаг хугацаанд бүрдүүлж өгөөгүй бол цуцлаад явдаг систем рүү шилжихгүй бол асуудал цэгцрэхгүй юм байна гэж бодож байгаа.
  10. Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгохгүй бол бидний мэдээлэл, ажлын уялдаа сул байна.
  11. Бичил уурхай эрхлэгчидтэй холбоотой Засгийн газрын 151 дүгээр тогтоолыг бид энэ удаад цуцлаагүй. Ер нь цаашдаа үүнийг эргэж харах ёстой.

“НЭН ТЭРГҮҮНД НИЙГМИЙН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬЧЛАХ ЁСТОЙ”

“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр:

 

  1. Нэн тэргүүнд нийгмийн лицензийг хуульчлах ёстой. Ашигт малтмалын лиценз гэдэг А4 хэмжээтэй цаас бариад малчдын газрыг дээрэмдээд байж болохгүй. Хэрэв ашигт малтмалын лицензийг шилжүүлэх гэж байгаа бол орон нутгийн саналыг бүрэн дүүрэн тусгаж авдаг баймаар байна.
  2. Ураны хайгуул, олборлолтыг хориглохыг олон түмэн хүсэж байна. Алт, зэс, нүүрсээ зүй зохистой олборлоё. Харин ураныг бүр мөсөн хориглоё гэдгийг бүх аймаг, сумдын иргэн хэлж байна.
  3. Хууль зөрчсөн ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг нэн даруй цуцалдаг хурдтай тогтолцоог бий болгох хэрэгтэй. Тост, Тосон бумбаар жишээ татахад аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас 32 хууль тогтоомж зөрчсөн болохыг тогтоочихоод байхад уурхайг хаагаагүй. Ийм тогтолцооноос болоод хүн ард хохирдог, байгаль хохирдог, Монгол Улс хохирдог.
  4. Уул уурхайд газрын гүний ус ашиглахыг хориглохыг иргэд хүсэж байна. Ялангуяа говийн аймгуудад гүний усны асуудал хүнд болсон. Оюутолгойн гэрээг шинэчлэх асуудал яригдаж байгаа үед усны асуудлыг хамгийн түрүүнд ярих ёстой.
  5. БОАЖЯ-наас гаргасан мэдээлэлд 1100 цэгт 27 мянган га газар сүйтгэгдээд байгаагаас 800 га газарт эзэн холбогдогч алга. 540 тэрбум төгрөгийн хохирлыг байгаль орчиндоо учруулжээ.
  6. Уул уурхайн чиглэлээр төрөөс баримтлах бодлогыг шинэчилж, хууль эрх зүйн орчныг даруй өөрчилж боловсронгуй болгох асуудлыг цогцоор авч үзэх ёстой.
  7. Уул уурхайд ажиллаж байгаа иргэд болон уугуул иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудалд онцгой анхаарах учиртай.
  8. Уул уурхайд ажиллаж байгаа иргэдийн цалингийн жишгийг олон улсын түвшинд хүргэх шаардлага байна. Оюутолгойд ажиллаж байгаа инженерүүдийн цалин 20 дахин зөрүүтэй байж болохгүй.
  9. Стратегийн ач холбогдолтой томоохон ордуудаа ашиглаад нэмж уурхай байгуулахгүй байхыг иргэд хөндөж байна. Одоо ашиглаж байгаа уурхайгаа хариуцлагажуулах учиртай.
  10. Уул уурхайн ТЭЗҮ-г жинхэнэ утгаар боловсруулж, хэрэгжүүлж, хянах тогтолцоог боловсронгуй болгож уул уурхайн салбарын ажилчдыг чадавхжуулах асуудлыг шийдэхгүй бол асар том маргаантай асуудлууд дагуулах болно.

“УУЛ УУРХАЙН САЛБАРЫНХАНД ХУУЛЬ ЭРХЗҮЙ БОЛОН ТӨРИЙН ХЯНАЛТ ЧАНГАРЧ БАЙГАА ГЭДГИЙГ ХАТУУ ХЭЛЬЕ”

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат:

 

  1. Яамны зүгээс уул уурхайн салбарт хариуцлагатай ажиллаж байгаа газрыг дэмжиж, хариуцлагагүй уул уурхайг эсэргүүцэж байгаа. 
  2. Уул уурхайг дагаад усны асуудал яригддаг. Тиймээс 2012-2016 онд татан буугдсан байсан усны агентлагийг дахин байгуулахаар болж байна. Он гараад энэ агентлаг ажиллаж эхэлнэ.
  3. Дэлхий нийт бохир ус ч гэсэн цэвэр ус гэдэг чиг хандлага руу явж байна. Бид энэ чиглэлд ажиллаж, усыг дахин ашиглах тухай судалгаа чиглэлтэй байна. Энэ асуудлаар тогтвортой үйл ажиллагаа явуулна. 
  4. Энэ салбарт хариуцлага сахилга батыг сайжруулах шаардлага тавина. Одоо эхнээсээ сахилга баттай болж байна. Өнгөрснийг бодвол сахилга бат сайжирсан.
  5.  Орон нутгийнхаа удирдлагуудыг чадваржуулах шаардлага тулгарч байна. Шат шатны дарга нар ажлаа хийгээгүйгээс асуудал үүсэж байна.
  6. Төрийн байгууллага болон хувийн хэвшлийнхний хууль, дүрэм, журмын ойлголтуудыг нэгтгэнэ. 
  7. УИХ-аас түүхэн шийдвэр гарсан. Энэ бол иргэн бүр байгалийн баялгийг тэгш хүртэх ёстой гэсэн агуулга.
  8.  Цагдаагийн ерөнхий газарт Экологийн цагдаа гэж бий болсон. Он гараад энэ бүрэлдэхүүн ажиллаж эхэлнэ.
  9. Уул уурхайн салбарынханд хууль эрхзүй болон төрийн хяналт чангарч байгаа гэдгийг хатуу хэлмээр байна.
  10.  Цаашдаа байгальд ээлтэй технологи ашигла, стандартууд аа мөрд. 

“1997-2004 ОНЫ ХООРОНД ОЛГОГДСОН ЛИЦЕНЗҮҮД ӨНӨӨДРИЙН УУЛ УУРХАЙН САЛБАРТ ТУЛГАМДСАН АСУУДАЛ БОЛЖ БАЙНА”

 

“Эрс шинэчлэл хөдөлгөөн”, тэргүүн Д.Энхбат:

 

  1.  Нийгэм өөрчлөгдөж, амьдрах арга замаа эрэлхийлсэн иргэд гахай үүрч ганзаганд явах үеэр мэдээлэл, эрх мэдэлд илүү ойр байсан хүмүүс өмч хувьчлал нэрээр нийгмийн баялгийг өөрсдөдөө авсан.
  2. Социализмын үед улсын хөрөнгөөр хайгуул хийсэн орд газруудыг авахдаа 1997 оны Ашигт малтмалын тухай хууль гэдгийг зохиосон.
  3. 1997-2004 оны хооронд олгогдсон лицензүүд өнөөдрийн уул уурхайн салбарт тулгамдсан асуудал болж байна.
  4. 1997 оны Ашигт малтмалын тухай хууль үнэн хэрэгтээ лицензийг хэрхэн тараах вэ. Хэрхэн хулгайлах вэ гэдэг л асуудал байсан. Хэн дуртай этгээдэд 50 мянган төгрөгөөр зарж байсан.
  5. Нэг хуулийн этгээдийн эзэмшиж болох талбайн дээд хэмжээг зааж өгөөгүй.  Хэн дуртай нь лицензийг барьцаалдаг, зардаг байсан.
  6. Айвенхоу майнз, Адамс майнинг, Поло ресурс, Бату майнинг гээд гадаад эзэнтэй компаниуд 200-300 лиценз аваад дамласан. Нэг лиценз дээд тал нь 78 сая ам.доллароор зарагдсан гэх мэдээлэл бий.
  7. Үндсэн хуулиар ард түмэнд олгогдсон газрын баялгийг эзэнгүйдүүлж, цөөн хүмүүс ашиг хонжоо олсон.

“ӨМНӨГОВЬ, СЭЛЭНГЭ, ТӨВ АЙМАГ, УЛААНБААТАР ХОТОД НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙГЭЭГҮЙ ТАЛБАЙ ХАМГИЙН ИХ БАЙНА”

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.Буяннэмэх:

 

  1. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журмыг шинэчлэн боловсруулж батлуулсан.
  2. “Уурхайн хайгуул, ашиглалтын улмаас эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019.09.12-ны өдрийн 07 тоот албан даалгаврыг гаргаж ААНБ-уудад хүргүүлсэн.
  3. Монгол Улсын хэмжээнд 2019.08.14-ний өдрийн байдлаар олгогдсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн олголт, бүрдүүлсэн баримт материал, тэдгээрийн үндэслэл, тусгай зөвшөөрлийн хэрэгжилтийн явц байдалд хяналт шалгалт хийж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Монгол Улсын Шадар сайд ахалсан ажлын хэсгийг байгуулсан.  
  4. “Эвдэрсэн газрын тооллогын дүнгээс үзэхэд 2012 оны эцсийн байдлаар 20 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 699 нэгж талбар бүхий 4256 га эвдэрсэн талбай нөхөн сэргээлт хийгдээгүй, хариуцах эзэнгүй орхигдсон байсан бол 2018 онд 24,347.5 га газар эвдэгдсэнээс нөхөн сэргээх шаардлагатай орхигдсон газрын байршлын тоо 1491, талбайн нийт хэмжээ нь 9381.4 га байсан.
  5.  Тооллогын дүнгээр Өмнөговь,Сэлэнгэ, Төв аймаг, Улаанбаатар хотод эвдэрсэн газрын хэмжээ, нөхөн сэргээх шаардлагатай буюу уул уурхайн ашиглалт хийгээд нөхөн сэргээлгүй орхисон талбай хэмжээ хамгийн их байна.
  6. Нүүрсний уурхайн нөхөн сэргээлтийн хэрхэн хийх тухай стандарт байхгүй өнөөг хүрсэн. Гэхдээ БОАЖЯ-наас санаачилж, олон улсын байгууллагуудтай хамтарч “Монгол орны нүүрсний ил уурхайн нөхөн сэргээлтийн гарын авлага мөн Нүүрсний ил уурхайн бүс нутгийн усны мониторингийн тухай зөвлөмжийг боловсруулж гаргасан.
  7. Манай яамны зүгээс АМтХ-ийн 56.1.5 дахь заалтад нэмэлт өөрчлөлт орсноос хойш сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 20 ААНБ-ын 25 тусгай зөвшөөрлийг цуцлах санал бүхий дүгнэлтийг гаргаж АМГТГ-т хүргүүлсэн. Эдгээр 25 тусгай зөвшөөрлийн 24 нь ашиглалтын, 1 нь хайгуулын тусгай зөвшөөрөл байсан.
  8. Стратегийн ач холбогдол бүхий уул уурхайн төслийн ажлын хэсэгт БОАЖЯ-ын төлөөлөл оролцож болох зохицуулалт хийсэн.
  9. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журмаар тайлангийн дүгнэлтийн босго оноо 80 хувь байснаа 90 хувь болж чангарсан.
  10. БОАЖ-ын сайд аймаг, нийслэлийн засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Үүгээр Нөхөн сэргээх шаардлагатай газрын судалгааг гарган,   эвдэрч эзэнгүй орхигдсон газрыг нөхөн сэргээх, нөхөн  сэргээлтийн  ажлыг хуулийн дагуу хийж актаар хүлээн авах, хяналтаа тавих, Нөхөн сэргээлт хийх нэрээр хууль бусаар ашигт малтмал олборлох асуудлыг ил, далд байдлаар тусгасан аливаа гэрээ хэлцэл байгуулахыг таслан зогсоох тухай заажээ.

“АВЛИГАЧ, ХУЛГАЙЧ НАРТАЙ НИЙЛСЭН АЙМАГ, СУМЫН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ХАТУУ ТЭМЦЭХ ЁСТОЙ”

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

  1. Сүхбаатар аймагт ашиглалтын 20 гаруй лиценз олгогдсон байна. Тэнд хариуцлагагүй уул уурхай хөгжсөн. Хэдхэн хүнийг баян тарган болгодог уул уурхайг хариуцлагагүй уул уурхай гэдэг юм.
  2. Дорноговь аймгийн Улаанбадрах дээр очлоо. Шар нунтаг нэрээр Улаанбадрахыг улаан шороо болгон, уул усыг нь там болгож, ард иргэдийнх нь амьдралыг үгүй хийсэн байна. 
  3. Ханбогдын удирдлагуудтай уулзлаа. Оюутолгойн захирлууд хоорондоо явуулж байсан мэйл, захидлыг бидэнд үзүүлсэн. Гүний усны хайгуул хийж байгаад хөрсний усыг нь гүн рүү алдлаа гэсэн мэйл бичсэн байна. 
  4.  Хариуцлагатай уул уурхайн тухай олон жил ярилаа. Харамсалтай нь хариуцлагагүй уул уурхай хөгжиж байна.
  5. Авлигач, хулгайч нартай нийлсэн аймаг, сумын засаг дарга нартай хатуу тэмцэх ёстой.

“МАЛЧИД ЭКОЛОГИЙН ДҮРВЭГЧ БОЛЖ БАЙНА”

Монголын хуульч, эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор:

 

  1. Хүний үйл ажиллагаанаас дэлхийн тогтолцоо аюулгүй орших хязгаараас даван гарч, экологийн тэнцэл алдагдсан.
  2. Монгол Улс нэг кг алт авахын тулд юу юуг сүйтгэж байна вэ гэдэг асуулт гарч ирнэ. Нийт ашиглалтын тусгай зөвшөөрлийн 33 хувь нь алтных. Гэтэл уул уурхайн бүтээгдэхүүнд алт 10 хувь ч хүрдэггүй.
  3. Дархан-Уул, Сэлэнгэ, Булган аймаг хамгийн үржил шимтэй газар нутагтай. Энд байдаг олон алтны уурхай шууд гол мөрөн, ойн хөвчийг үгүйрүүлж байна. 
  4. Бид байгаль дэлхийдээ эзэн мэт хандаж ирсэн. Харин одоо бол эзэн бус менежер гэж хандан аль болох хурдан зохицуулалт хийх ёстой.
  5. Өмнийн говьд тэр дундаа “Оюу Толгой” компани өдөрт 588 литр/секунд ус хэрэглэж байгаа. Энэ нь өдөрт 10 сая тонн ус хэрэглэж байгаа гэсэн үг.
  6. Уул уурхайн салбар малчдын асуудлыг огт шийдэхгүй байна. Амьдрах аргагүй болгож байна. Нутгаасаа хөөгдөж, экологийн дүрвэгч болж байна.
  7.  Стратегийн орд газарт төр бүх үнэлгээг нь хийх ёстой. Монголын төр бодлогоо хэрэгжүүлээгүйгээс өнөөдрийн байдалд хүрсэн.
  8.  Ширгэсэн гол мөрний судалгаа бий. Нийт гол, мөрний 16 хувь, булаг, шандын 22 хувь, нуур, тойрмын 30 хувь нь ширгэсэн гэх тооцоо байна.

“ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨС ХЭТРҮҮЛЖ ОЛБОРЛОЛТ ХИЙХ ЗӨРЧИЛ ИХ БАЙДАГ”

МХЕГ-ын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.Сансардарьмаа:

 

  1. Байгаль орчин, геологи, уул уурхайн чиглэлээр улсын хэмжээнд 207 хяналт шалгалтыг төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус байдлаар хийж гүйцэтгэлээ.
  2. Үүгээр нийт 14185 орчим зөрчлийг илрүүлж, 1138 орчмыг газар дээр нь арилгуулж, бусад илэрсэн зөрчил дээр улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага, үйл ажиллагааг зогсоох шаардлага тавьсан.
  3. Уул уурхайн салбарт илэрч байгаа зөрчил дутагдал бол тусгай зөвшөөрөл эзэмшихэд батлагдсан зураг төслийн дагуу үйл ажиллагаа явуулахгүй, тусгай зөвшөөрлөөс хэтрүүлэн олборлолтын үйл ажиллагаа явуулах байдаг.
  4. Ашигт малтмал хууль бусаар олборлохтой холбоотой үйл ажиллагаа дээр нутгийн захиргааны байгууллагууд хуулиар хүлээсэн эрх, үүргийг хангалттай биелүүлэн ажилладаггүй.
  5. Архангай, Өмнөговь, Сэлэнгэ аймгуудад байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоож, нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгүүлж байна.
  6. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2020 онд хамтын оролцоотой хяналт шалгалтыг төлөвшүүлэх ажлыг дэвшүүлсэн. Иргэд, олон нийттэй хамтран ажиллахад бэлэн.
  7. Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжийн талбайд экологийн хохирлыг арилгах ажлыг зохион байгуулан ажилласан.

"ИРЭХ ОНООС ЭКОЛОГИЙН ЦАГДАА НАР АЙМАГ, СУМДАД АЖИЛЛАНА"

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа Т.Баатар:

 

  1. Хууль бусаар ашигт малтмал олборлох олох гэмт хэргийн тоо 2019 оны эхний арван сарын байдлаар 142 байна.
  2. Өнгөрөгч оныхтой харьцуулахад энэ төрлийн хэргийн тоо ч өссөн, илрүүлэлт ч өссөн ийм үзүүлэлттэй байна. 
  3. Жишээлбэл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудад хууль бусаар ашигт малтмал олборлох хэрэг дийлэнхдээ гардаг.
  4. Түүнчлэн тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан аж ахуйн нэгжүүдийн нөхөн сэргээлтийн ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. 
  5. Манайхаас явуулсан 2012 оны тооллогоор 703 нэгж талбарт 4300 га газар уул уурхайн нөлөөллөөс үүдэн эвдэрсэн гэж байсан бол таван жилийн дараа энэ тоо хэмжээ зургаа дахин өссөн байна.
  6. Нөхөн сэргээлт хийгдээгүй хэн эвдсэн нь тодорхойгүй 8900 мянган га газар байна.
  7. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 157 дугаар тогтоол буюу бичил уурхайгаар нөхөн сэргээлт хийх журам байгаа. Миний ойлгосноор тухайн орон нутгийн бага орлоготой иргэдэд орлого олох боломж гэж харж байсан. Гэтэл энэ журмыг буруугаар ашиглах тохиолдол байна. 
  8. Нэг жишээ дурдахад, сумын засаг дарга нь 92 нөхөрлөлтэй гэрээ байгуулсан байна. Бид энэ хэргийг тогтоож илрүүлээд авлигын шинжтэй гэж үзээд Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн байгаа.
  9. Экологийн цагдаагийн байгууллагын тухайд 170 орон тооны төсөв цалинг Сангийн яам шийдсэн. Бүтэц орон тоо нь батлагдсан учраас ирэх оны нэгдүгээр сарын 01-ээс сургалтаа хийгээд явах албан хаагчид  томилогдон ажиллана.

 “ЖИНХЭНЭ НИНЖА БОЛ ТӨРД ТАМГА БАРИАД СУУЖ БАЙГАА ХҮМҮҮС”

"Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбоо"-ны гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг:

 

  1. Нинжа нараас салах арга бол бичил уурхай юм.
  2. Бичил уурхай гэдэг бол хуулийн хүрээнд томьёологдсон, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг хэлж байгаа. Хэдэн зуун хүн талаар нэг тараад нүх ухах биш хэд хэдээрээ нийлээд тодорхой хэмжээний газарт үйл ажиллагаа эрхлэхийг хэлдэг.
  3. 2019 оны байдлаар  улсын хэмжээнд 15 аймгийн 55 сумдын нутаг дэвсгэрт 600 гаруй нөхөрлөлийн 12 000 хүн бичил уурхайд ажиллан,олборлолт явуулж байна.
  4. Заамарт гэхэд аль эрт эвдрээд ухагдсан газар дээр 3000 хүн амьжиргаагаа залгуулж байна.
  5. Нинжа гэгдэх хүмүүс далаараа наяараа зуугаараа амиа алддаг байсан бол одоо албажуулсан нөхцөл байдалд иргэд ажиллаад ирэхээр гурав дөрөв болж буурч байгаа.
  6. Жинхэнэ нинжа бол төрд тамга бариад сууж байгаа хүмүүс.
  7. Бичил уурхайчин сансраас гэнэт буугаад ирсэн үү, үгүй шүү дээ. Нийгмийн бүтээл юм.
  8. Төрсний дараах гам барьж чадахгүй толгойгоо цагаан алчуураар боосон эмэгтэй нүх рүү орохыг Говь-Алтай аймагт би харж байсан.
  9. Бичил уурхай эрхлэгчид хулгай хийгээгүй. Төрөөс юм гуйгаагүй. Үр хүүхдүүдээ тэжээхийн тулд хуруу хумсаа хугалан байж зүтгэж байгаа л хүмүүс.
  10. Нинжатай юутай хээтэй нь бичил уурхайг хаая гэж болохгүй.

“ӨЛЗИЙ-ЦАГААН ДЭЛИЙГ БООМТ БОЛГОХЫН ОРОНД ЗЭРЛЭГ АМЬТДЫН ПАРК БОЛГОХ ЁСТОЙ”

Эрдэмтэн судлаач Х.Түмэндэлгэр:

 

  1. Иргэн төвтэй улс байна гэж Засгийн газар тунхагласан боловч, УИХ-аас зарласан боловч ийм олон иргэдийг олон газраас ирээд уулзаж байхад ирэхгүй байгаад харамсаж байна.
  2. Монгол орны говь цөлийн бүс нутаг нь ховордлын эрсдэлтэй болон устаж болзошгүй 33 зүйл амьтны уугуул нутаг юм.
  3. Цагаан дэлийн боомтыг зөвшөөрч байгаа хүмүүс ямар ч байсан ашиг сонирхлын зөрчилтэй.
  4. Хамгаалах шаардлагатай буюу экологийн хувьд чухал ач холбогдолтой Баяндалай, Хүрмэн сумын зааг дээр Хятадын хилтэй залгаа маш том боомт барьчихсан байгаа.
  5. Өмнөговьд Хятадын хөрөнгө оруулалтаар 270 км зам барих гээд байгаа. Ямар ашиг сонирхол байгаа юм бэ гэж гайхдаг.
  6. Дандаа Хятадын хөрөнгө оруулалттай уурхайнууд ашиглалтын лиценз авчихсан байгаа.
  7. Бидний зүгээс Өлзий-Цагаан дэл орчмыг боомт болгохын оронд дэлхийн хэмжээний нэн ховор, ховордсон, устаж болзошгүй амьтан бүхий зэрлэг амьтдын парк болгох санаачилгатай байна.
  8. Өмнөговь аймаг жилдээ зөвхөн уул уурхайд ашигласан усны төлбөрөөсөө 14 тэрбум төгрөг олдог юм. Үүнийг байгаль орчныг нөхөн сэргээхэд зарцуулах ёстой юм л даа.
  9. Өмнөговь аймгийн аялал жуулчлалыг 2019-2029 он хүртэл  хөгжүүлэх хэтийн төлөвт “Зэрлэг амьтдын парк” байгуулах санаачилга гаргаж,  аймгийн ИТХ-аар батлуулчихсан.
  10. Уг нь Ерөнхий сайд, Сангийн сайдыг ирсэн бол ийм сайхан боломж байгаа шүү, түшмэд тань олж харахгүй байна гэж хэлэхийг хүссэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top