“Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” чуулганы ОНЦЛОХ 10 санаачилга

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 18

“Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” чуулганы үеэр “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн Х.Мандахбаярын дэвшүүлсэн онцлох 10 санаачилгыг хүргэж байна.


1. НИЙГМИЙН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬЧЛАХ

Нэн тэргүүнд нийгмийн лицензийг хуульчлах ёстой. Ашигт малтмалын лиценз гэдэг А4 хэмжээтэй цаас бариад малчдын газрыг дээрэмдээд байж болохгүй. Хэрэв ашигт малтмалын лицензийг шилжүүлэх гэж байгаа бол орон нутгийн саналыг бүрэн дүүрэн тусгаж авдаг баймаар байна. Багийн хурал, даргыг авлигаддаг биш хурлыг жинхэнэ утгаар нь хуралдуулдаг байхыг хуульд тусгах шаардлагатай.

2. УРАНЫ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫГ ХОРИГЛОХ

Ураны хайгуул, олборлолтыг хориглохыг олон түмэн хүсэж байна. Алт, зэс, нүүрсээ зүй зохистой олборлоё. Харин ураныг бүр мөсөн хориглоё гэдгийг бүх аймаг, сумдын иргэн хэлж байна.

3. ХУУЛЬ ЗӨРЧСӨН ААН-ҮҮДИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ НЭН ДАРУЙ ЦУЦЛАХ

Хууль зөрчсөн ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг нэн даруй цуцалдаг хурдтай тогтолцоог бий болгох хэрэгтэй. Тост, Тосон бумбаар жишээ татахад аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас 32 хууль тогтоомж зөрчсөн болохыг тогтоочихоод байхад уурхайг хаагаагүй. Ийм тогтолцооноос болоод хүн ард хохирдог, байгаль хохирдог, Монгол Улс хохирдог. Хууль зөрчсөн нь тогтоогдсон бол хурдтай шийдвэрлэдэг байх санаачилгыг дэвшүүлж байна.

4. УУЛ УУРХАЙД ГАЗРЫН ГҮНИЙ УС АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ

Уул уурхайд газрын гүний ус ашиглахыг хориглохыг иргэд хүсэж байна. Ялангуяа говийн аймгуудад гүний усны асуудал хүнд болсон. Оюутолгойн гэрээг шинэчлэх асуудал яригдаж байгаа үед усны асуудлыг хамгийн түрүүнд ярих ёстой.

5. НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН БАЙГАЛЬ, ЭКОЛОГИЙН СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ, НӨХӨН СЭРГЭЭЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ

БОАЖЯ-наас гаргасан мэдээлэлд 1100 цэгт 27 мянган га газар сүйтгэгдээд байгаагаас 800 га газарт эзэн холбогдогч алга. 540 тэрбум төгрөгийн хохирлыг байгаль орчиндоо учруулжээ. Бид уулыг шинээр барьж, усыг урсгахгүй. Тиймээс нөхөн сэргээлтийн асуудалд төр томоохон шийдвэр гаргаж ажиллах ёстой.

6. УУЛ УУРХАЙН ЧИГЛЭЛЭЭР ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГЫГ ШИНЭЧИЛЖ, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ ДАРУЙ ӨӨРЧИЛЖ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ

Уул уурхайн чиглэлээр төрөөс баримтлах бодлогыг шинэчилж, хууль эрх зүйн орчныг даруй өөрчилж боловсронгуй болгох асуудлыг цогцоор авч үзэх ёстой.

7. УУГУУЛ ИРГЭДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ

Уул уурхайд ажиллаж байгаа иргэд болон уугуул иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудалд онцгой анхаарах учиртай.

8. АЖИЛЛАГСДЫН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ

Уул уурхайд ажиллаж байгаа иргэдийн цалингийн жишгийг олон улсын түвшинд хүргэх шаардлага байна. Оюутолгойд ажиллаж байгаа инженерүүдийн цалин 20 дахин зөрүүтэй байж болохгүй. Гадаадын инженер, монгол инженер хоёр ялгамжтай цалин авах ёсгүй.

9. УУЛ УУРХАЙН ЭДИЙН ЗАСГИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, ЭНГИЙН ОРДЫГ АШИГЛАХ БОДЛОГОД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ

Стратегийн ач холбогдолтой томоохон ордуудаа ашиглаад нэмж уурхай байгуулахгүй байхыг иргэд хөндөж байна. Одоо ашиглаж байгаа уурхайгаа хариуцлагажуулах учиртай.

10. ТЭЗҮ-Г ЖИНХЭНЭ УТГААР БОЛОВСРУУЛЖ, ХЭРЭГЖҮҮЛЖ, ХЯНАХ

Уул уурхайн ТЭЗҮ-г жинхэнэ утгаар боловсруулж, хэрэгжүүлж, хянах тогтолцоог боловсронгуй болгож уул уурхайн салбарын ажилчдыг чадавхжуулах асуудлыг шийдэхгүй бол асар том маргаантай асуудлууд дагуулах болно.

ВИДЕОГ ҮЗЭХ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top