БОАЖЯ: “АГМ Майнинг” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах санал хүргүүллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 31

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг “АГМ Майнинг” ХХК-ийн үйл ажиллагаа нь байгаль орчинд хохирол учруулсан нь баримтаар тогтоогджээ. Тиймээс тус компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлсэн байна.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга, Гоёот багийн Засаг дарга нарын албан бичиг, нутгийн 531 иргэдийн хүсэлтээр тус яамнаас ажлын хэсэг гарган өнгөрсөн хугацаанд ажиллажээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/425 дугаар тушаалаар байгуулагдсан уг ажлын хэсэг компанийн үйл ажиллагааг шалгаад, "Хууль тогтоомж зөрчсөн" гэж үзжээ.

Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дуаар зүйлийн 56.1.5 дахь заалтын дагуу байгаль орчинд хортой нөлөөлсөн, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ хангалттай биелүүлээгүй, байгаль орчинд ноцтой хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул “АГМ Майнинг” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. 

Яамны шийдвэрийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн аж. 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тусгай зөвшөөрлийг нь цуцлах ашигт малтмалын лиценз нь MV-014917 дугаартай Тост, Тосон бумбын нурууны алтан орчим дахь тусгай зөвшөөрөл, MV-017452 дугаартай Ямаан усны хярын алтны үндсэн орд, MV-020529 дугаартай Тамгатын зэс, цайрын ордны тусгай зөвшөөрөл багтаж буй юм. 
 





Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дддд(49.0.212.230) 2020 оны 09 сарын 01

хурдан цуцлах хэрэгтэй

0  |  0
Зочин (66.181.185.198) 2020 оны 08 сарын 31

Авилага өгөхгүй гэдийгээд бна уу. Дэлхийд газар ухахгүй байгал орчин муудуулаагүй бна уу.ёадал бвал дайчин.оюу толгойг цуцлах. Урдаас ч салаавч өгөөд инээнэ

0  |  0
Top