Г.Мөнхцэцэг: ЖИНХЭНЭ НИНЖА нар төрд тамга бариад сууж байгаа

2019 оны 12 сарын 18

 “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай"  чуулганд  “Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбоо”-ны Гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг илтгэл тавив. Түүний илтгэлээс онцлон хүргэж байна. 


Өнөөдөр энд асуулт асууж, хариулт авах гэтэл салбарын сайд нь ирээгүй байна. Тийм байхад та бүхнийг хамгийн сүүлийн илтгэл хүртэл тэвчээртэй сууж байгаад талархаж байгаагаа хэлье.

"Нинжа" гэдэг ойлголт хоёр түвшинд байдаг. Нэг нь хууль бусаар олборлолт хийж яваа хүмүүс. "Нинжа" нараас салах арга бол бичил уурхай юм. Бичил уурхай гэдэг нь хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг хэлж байгаа. Хэдэн зуун хүн талаар нэг тараад нүх ухах биш хэд хэдээрээ нийлээд тодорхой хэмжээний газарт үйл ажиллагаа эрхлэхийг хэлдэг. Бичил уурхайчид газрыг дахин ашигладаг. Бичил уурхайчид үйлдвэрлэлийн,  технологийн болон хаягдлаар бий болсон газар дээр үйл ажиллагаа явуулна гэж журамд заасан байдаг. Газар сүйтгэдэггүй. Бичил уурхайчид гэдэг нь орлогын эх үүсвэртэй болж, амьдралаа залгуулах гэсэн орон нутгийн иргэд байдаг. Тэд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг. Монголбанканд алтаа тушаадаг.

2013 оноос хойш орон нутгийн иргэд бичил уурхай хэлбэрийн дор нэгдэж, үйл ажиллагаа явуулж байгаа. 2019 оны байдлаар улсын хэмжээнд 15 аймгийн 55 сумдын нутаг дэвсгэрт 600 гаруй нөхөрлөлийн 12 000 хүмүүс бичил уурхайд ажиллан, олборлолт явуулж байна.

Энэ оны наймдугаар сард Архангай аймагт 13 уурхайн үйл ажиллагааг зогсооход нэг хүний, нэг гэр бүлийн эзэмшлийн 8400 га талбай улсын мэдэлд эргэн очиж байсныг та бүхэн санаж байгаа байх. Тэгвэл улсын хэмжээнд бичил уурхайн олборлолт явуулж байгаа нийт талбай ердөө 375 га газар байдаг юм шүү. 

Заамарт гэхэд аль эрт эвдрээд ухагдсан газраас 3000 хүн амьжиргаагаа залгуулж байна.

Бичил уурхайчдын ухаж олсон нэг грамм алт тухайн иргэний хоол хувцас болж, монгол хүнд очдогоороо ялгаатай. Аль нэг шар, бор толгойтой гадаад хүнд очдоггүй.

Хүний амь нас хамгийн чухал. "Нинжа" гэгдэх хүмүүс дал, наяараа зуугаараа амиа алддаг байсан бол одоо албажуулсан нөхцөл байдалд иргэд ажиллаад ирэхээр гурав, дөрөв болж буурч байгаа.

“Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо” иргэдийг албажуулах, цаашлаад орлогын өөр эх үүсвэртэй болоход нь ятгая, тусалъя гэсэн бодлого баримталдаг.

Харин "жинхэнэ нинжа" нар бол төрд тамга бариад сууж байгаа хүмүүс байдаг юм шүү.

Бичил уурхайг хэн харлуулаад байгаа юм бэ гээд харахаар том том машин техниктэй,  том алтан бөгж зүүчихсэн яваа тэр хүмүүс байдаг. Тэд бичил уурхайчдыг харлуулдаг. Сумын засаг дарга нартай нь хуйвалдчихсан байдаг.

Бичил уурхайчин сансраас гэнэт буугаад ирсэн үү... Үгүй шүү дээ. Нийгмийн бүтээл юм.

Хоёр бага насны хүүхдэдээ хоол олж ирэхийн тулд нүх рүү орж байгаа эх хүн тэнд байна. Шуудайны талаар чулуу үүрчихсэн,  биенийхээ талаар цасанд норчихсон эмэгтэйчүүд тэнд байдаг. Төрсний дараах гам барьж чадахгүй толгойгоо цагаан алчуураар боосон эмэгтэй нүх рүү орохыг Говь-Алтай аймагт би харж байсан.

Яг үнэндээ газар дээрээ иргэдийн амьдрал ийм л байгаа. Бичил уурхай эрхлэгчид хулгай хийгээгүй. Төрөөс юм гуйгаагүй. Үр хүүхдүүдээ тэжээхийн тулд хуруу хумсаа хугалан байж зүтгэж байгаа, тийм л хүмүүс.

"Нинжа"-тай, юутай хээтэй нь бичил уурхайг хаая гэж болохгүй. Ер нь аливаа улс оронд тулгамдсан байгаль орчин, хүний эрхийн зөрчил зэргийн үндсэн шалтгаан нь ядуурал байдаг.

Баялгийг хүн бүр тэгш хүртдэг, хууль хүн бүрт хүрч үйлчилдэг нийгмийг бүтээхийн төлөө хамтдаа хичээе.
 

МЭДЭЭЛЛИЙГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top