Төрийн ордны Их танхимд "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний чуулган үргэлжилж байна. “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ий тэргүүн Б.Батсайхан “Дэлхийн хүйг хамгаалах хуулийн боломж” сэдвээр илтгэл тавилаа. Түүний илтгэлээс онцлох хэсгийг хүргэж байна.
Монголчууд бидний өвөг дээдэс дэлхийн иргэдтэй нэг завин дээр сууж байгаа гэдгээ эрт дээр үед л ойлгож байсныг эхлээд хэлье. Хүн төрөлхтөний номер нэг асуудал байгаль орчин гэдгийг өдгөө дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Африк, Австрали тив хүлээн зөвшөөрөөд гараа өргөчихлөө. Ус алтнаас үнэтэй болохыг нотлоод эхэллээ. Энэ хоёр тив уул уурхайн халдлагад хамгийн ихээр өртсөн гэдгийг та бид мэднэ.
Энэ нь Монголд ямар хамаатай вэ гэдэг асуудал гарна. Тэгвэл Монголын асуудлыг дэлхий нийтээр яриад эхэллээ. Дэлхийн байгаль хамгаалах байгууллагын чуулган дээр Монголын усыг хамгаалах шаардлага байна гэдэг дээр бүх оролцогчид санал нийлж байна.
Монгол Улсын гол, мөрний усны нөөцийн 70 гаруй хувь нь Алтай, Хангай, Хэнтий нуруу, Хөвсгөлийн уулсын өндөрлөг хэсэг буюу нутаг дэвсгэрийн 30 гаруй хувьд бүрэлддэг. Хангай, Хэнтий нуруунаас урсдаг бүх гол гадагшаа Байгаль нуур руу цутгадаг. Байгаль нуур дэлхийн цэвэр усны 23 хувийг агуулдаг. Туул гол л гэхэд Хэнтийн нуруунаас эх авч гадагш урссаар Байгаль нуурыг сэлбэдэг. Амар мөрөн гэхэд Онон голоос эх авдаг.
Тэгэхээр дэлхийн гол мөрнүүдийн ирээдүй Монгол Улстай шууд хамаарч байна. Тиймээс бид ус голоо хамгаалах нь хүн төрөлхтөний өмнө хүлээсэн үүрэг юм.
“Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн” улс төрд ямар нэгэн төлөөлөлгүйгээр “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийг өөрсдөө санаачлан боловсруулж, УИХ-аар батлуулж чадсан. Урт нэртэй гэдэг нэрийг улстөрчид өөрсдөө албаар мушгин гуйвуулж өгсөн.
Энэ хуулийн амин сүнс нь Монгол Улсынхаа гол нууруудыг хамгаалах юм. Гэвч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаас өмнөх бүх Ерөнхий сайд нар энэ хуулийг хэрэгжүүлэхийн эсрэг байсан. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд энэ хуулийг өөрчлөхийг оролдсон. Энэ хууль амин сүнсгүй болсон.
Тиймээс уг хуулийг дахин сэргээх, хэрэгжүүлэх чиглэлд зайлшгүй арга хэмжээ авах хэрэгтэй байна. Цагаан дээр хараар бичсэн хууль байгаа ч хууль үйлчлэлгүй болсон. Тиймээс бүгд нэг талдаа гарч энэ хуулиа анх батлагдаж байсан хэлбэрээр эргүүлэн сэргээж, хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Олон улсын байгууллагыг ч оруулж ирэх зайлшгүй шаардлагатай. Бид хүн төрөлхтөний өмнө үүргээ хүлээж усны эхийг хамгаалсныхаа төлөө өөрсдийнхөө эрх мэдлийг хадгалж байсан өвгөдийнхөө ухааныг санах хэрэгтэй.
ВИДЕОГ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 5 )
Та нар Монгол улс дэлхийн цэвэр усны эх ундрага болсон есөн гол мөрний эх нутаг гэж дуулж байв уу? Би ч өөрөө сайн мэдэхгүй лдээ. Тэгж дуулж байв.
Сүржигнэх хэрэггүй. Гол мөрнөө ашиглах тухай яривал хүн зөвшөөрнө. Өвөл орсон цасны ус урсаад алга болдог. Нутагтаа тогтоож ашиглах тухай яривал монголчуудын сэтгэлд нийцнэ.
Хамгалах бишээ мангар минь. Сайн ашиглах, болж өгвөл арилжих хэрэгтэй. Нөхөн сэргээгэгдэг баялаг шүү дээ. Хамгаалсан хамгаалагүй урсаад л гараад явчихна
Энэ нөгөө Эгийн голын УЦС барихыг эсэргүүцэгч үү. Хэнээс юу авсан юм болдоо хөөрхий.
“Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийн 4 дүгээр зүйл.Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох\n4.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно. .............гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс гэсэн хэсгийг ...........гол, мөрний урсац бүрэлдэх эх, нийт ус цуглуулах талбайн хэмжээнд гэвэл жинхэнэ хамгаалалт болно.