Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу энэ сарын 10-12-ны өдрүүдэд Архангай аймагт зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн удирдах бүрэлдэхүүний танхимын сургалтаар эхэллээ.
Сургуулийн нээлтийн ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газрын дарга, хурандаа Х.Сүхбаатар, Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг нээлтийн ажиллагаанд хэлсэн үгэндээ, “Гамшгийн үед хамгийн түрүүнд орон нутгийн удирдлага, анхан шатны нэгж, иргэд өөрсдөө ажилладаг. Тиймээс аймаг, сум, багийн түвшний төлөвлөгөө бодитой, хүч хэрэгслийн тооцоо тодорхой, мэдээлэл дамжуулах сувгууд найдвартай, иргэдийн оролцоо идэвхтэй байх нь амь нас, эд хөрөнгийг хамгаалах хамгийн чухал нөхцөл болдог. Түүнчлэн аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөлт нь олон төрлийн аюулыг хамарсан, улирлын онцлогт нийцсэн, сум, багийн түвшинд хэрэгжихүйц байх ёстой.
Гамшиг бол зөвхөн онцгой байдлын байгууллагын асуудал биш. Энэ бол төрийн байгууллага бүрийн, хувийн хэвшлийн, иргэн бүрийн хамтын хариуцлага юм. Бид өнөөдөр эрсдэлд суурилсан сургалт, дадлагаар алдаа, дутагдлаа илрүүлж, харилцан ажиллагаагаа сайжруулж, удирдлага зохион байгуулалтаа боловсронгуй болгож чадвал маргааш бодит гамшгийн үед иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг илүү үр дүнтэй хамгаалж чадна” хэмээн онцоллоо.

Удирдах бүрэлдэхүүний сургалт нь орон нутгийн удирдах түвшинд гамшгийн үед хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт, харилцан ажиллагаа, шуурхай штабын бүтэц зохион байгуулалт, төлөвлөлтийн чадавхыг сайжруулах, онцгой нөхцөл байдалд мэргэжлийн уялдаа холбоотой ажиллах, аюулт үзэгдэл, ослын хариу арга хэмжээний талаарх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм.

Сургалтад танхимаар болон цахимаар аймаг, сумдын нийт 500 гаруй алба хаагчийг хамруулж, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого, гамшгийн үеийн удирдлагын зохион байгуулалт, гамшгаас хамгаалах төлөвлөлт, салбар хоорондын хамтын ажиллагаа, зуд, үер, түймэр, халдварт өвчин зэрэг аюулт үзэгдлийн үеийн хариу арга хэмжээ зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг олголоо.
Мөн сургалтад олон нийттэй харилцах арга зүй, нэрвэгдэгсдийг нүүлгэн шилжүүлэх зохион байгуулалт, шуурхай штабын бүтэц, гамшгийн голомт дахь холбооны ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэг практик чадамж шаардсан сэдвүүд багтсан юм.
Энэ үеэр бүх шатны удирдах бүрэлдэхүүнд зарим аймагт гарсан малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдал, анхаарах асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УОК-ын томилгоот бүрэлдэхүүн мэдээлэл хийлээ.
Сургалтын үр нөлөөг үнэлэх зорилгоор оролцогчдоос сургалтын эхэнд болон төгсгөлд мэдлэг шалгах сорилыг цахимаар авч, мэдлэгийн ахиц дэвшил, ойлголтын түвшинг харьцуулан дүгнэсэн нь сургалтын чанарыг тодорхойлох чухал үзүүлэлт болсон бөгөөд сургалтаар Онцгой байдлын ерөнхий газар болон НҮБ-ын харьяа Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-ын төлөөлөл зэрэг мэргэжлийн байгууллагын экспертүүд мэдээлэл өгсөн юм.
Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс хөндлөнгийн үнэлгээ, судалгааг хийж байна.

Сэтгэгдэл ( 0 )