Д.Сансардарьмаа: Тусгай зөвшөөрлөөс хэтрүүлж олборлолт хийх зөрчил их байдаг

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 18

Төрийн ордны Их танхимд “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний чуулган үргэлжилж байна. Чуулганд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.Сансардарьмаа илтгэл тавилаа. Түүний өгсөн мэдээллээс товчлон хүргэж байна. 


“Энэ чуулганд илтгэл тавиач, мэдээлэл хийгээч гэсэн албан бичиг өнөөдөр /2019.12.18/ өглөө цохогдсон. Ямар нэгэн байдлаар слайд бэлтгэх цаг хугацаа олгогдсонгүй. Тиймээс ерөнхийдөө 2019 онд Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд хийгдсэн хяналт, шалгалтын мэдээлэлтэй холбоотой мэдээллийг товч хүргэе.

Байгаль орчин, геологи, уул уурхайн чиглэлээр улсын хэмжээнд 207 хяналт шалгалтыг төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус байдлаар хийж гүйцэтгэлээ. Үүгээр нийт 14185 орчим зөрчлийг илрүүлж, 1138 орчмыг газар дээр нь арилгуулж, бусад илэрсэн зөрчил дээр улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага, үйл ажиллагааг зогсоох зэрэг арга хэмжээнүүдийг авлаа. Уул уурхайн салбарт илэрч байгаа зөрчил дутагдал бол тусгай зөвшөөрөл эзэмшихэд батлагдсан зураг төслийн дагуу үйл ажиллагаа явуулахгүй, тусгай зөвшөөрлөөс хэтрүүлэн олборлолтын үйл ажиллагаа явуулах байдаг. Мөн уул уурхайн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийг баримтлахгүйн улмаас осол эндэгдэл үүсэх нөхцөл шалтгааны нэг болдог. Мөн ашигт малтмал хууль бусаар олборлохтой холбоотой үйл ажиллагаа дээр нутгийн захиргааны байгууллагууд хуулиар хүлээсэн эрх, үүргийг хангалттай биелүүлэн ажилладаггүй. Өөрсдийн үүднээс хуулийг тайлбарлаж, хууль бус гэрээ байгуулах зорилгоос үүдээд хууль бус ашигт малтмал олборлох, үйл ажиллагааны энэ салбарт эвдэрсэн газрын хэмжээг нэмэх, ийм чиг хандлага руу явж байна. Ийм учраас мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тухай бүр хийж байна. Хууль бус ашигт малтмал олборлохтой хатуу тэмцэж, хууль дүрэмд нийцээгүй орон нутгийн удирдлагуудын гаргасан тогтоол шийдвэрүүдийг цуцлуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулан ажилласан.

Мөн Архангай, Өмнөговь, Сэлэнгэ аймгуудад байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоож, нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгүүлж байна.

2020 онд хамтын оролцоотой хяналт шалгалтыг төлөвшүүлэх ажлыг дэвшүүлсэн. Байгаль орчныхоо төлөө энэхүү чуулганд оролцож байгаа та бүхний оролцоо чухал юм гэдгийг энэ дашрамд хэлье. Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжийн талбайд экологийн хохирлыг арилгах ажлыг зохион байгуулсан. Архангай аймагт гэхэд 70 орчимд нь техникийн 30 орчимд биологийн нөхөн сэргээлт хийсэн.

Видеог үзэх

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top