Израил еврейн он тооллын 5780 оныг тэмдэглэж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 30

Ням гарагийн орой, нар жаргасны дараагаар Израил улс еврейн он тооллын шинэ 5780 оныг тэмдэглэж байна. Лхагва гараг хүртэл төрийн байгууллагууд, ихэнх үйлдвэр, худалдааны төв хаалгаа барьж, нийтийн тээвэр зогсож, сургуулиуд хичээл хийхгүй. Мянга мянган цагдаа, аюулгүй байдлын ажилтнууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Энэ өдрүүдэд Израил улсад олон арван мянган жуулчин, мөргөлчид ирдэг байна.

Израилын аялал жуулчлалын сай Ярив Левин 5779 оныг дүгнэн хэлэхдээ, өнгөрч буй онд Израил улс 4.6 сая жуулчин хүлээн авсан нь 5778 онтой харьцуулахад 18 хувиар өсжээ. Сүүлийн 12 сард аялал жуулчлалын салбараас нийт 22.4 тэрбум ам.долларын орлого Израилын төсөвт төвлөрчээ. Статистик мэдээллээс үзвэл, Израилын хүн ам  есөн саяыг давсан бөгөөд нийт хүн амын 74.2 хувийг еврейчүүд, 21 хувийг арабчууд эзэлдэг байна. Эрчүүдийн дундаж наслалт 81 байдаг бол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 85.

Еврейн шинэ жил Рош Ашаныг еврейн тишрей сарын эхний хоёр өдөр тэмдэглэдэг. Григорийн тооллоор энэ жил есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 1-ний өдрүүдэд таарч байна. Уламжлал ёсоор Рош Ашан баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэдэг байна. Шинэ жилийн баяраар иүдейчүүд аз хийморийг бэлгэддэг зөгийн бал, алим, амжилтын бэлгэдэл анар жимс, элбэг дэлбэг байдлыг бэлгэдсэн загасаар ширээгээ чимдэг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top