ШҮҮХ: Амиа алдсан байлдагчийн хэргийг хэлэлцэж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 10 сарын 01

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан цэргийн алба хаагч, Орхон аймгийн харьяат 19 настай А нь энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдөр амь насаа алдсан хэрэг гарсан.

Амь хохирогчийн ар гэрийнхний зүгээс түүнийг бусдад зодуулсны улмаас нас барсан гэж үзэж байгаа бол цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар гаднын нөлөөгүй хэмээн мэдээлж байсан билээ. Дээрх хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газарт шалгаж, хавтаст хэргийг шүүхэд шилжүүлээд байсан ба өнөөдөр уг хэргийг Говьсүмбэр аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж байна. Шүүх хуралд хохирогчоор талийгаачийн ах  Б.Эрдэнэбат оролцож байгаа бол холбогдогчоор А.Энхбаяр, П.Бадамсамбуу нар оролцож байна. Холбогдогч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.31, 10.6.1 гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд байсан юм. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хэрэгт холбогдогч нарыг байлдагчийн биед гэмтэл учруулсан боловч уг гэмтэл нь үхэлд хүргэх хэмжээний байгаагүй хэмээн тодотгож байгаа ба тэднийг цэргийн анги дахь дотоод журам зөрчсөн, бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэх үндэслэлээр шүүх ажээ. Харин талийгаачийн ах Б.Эрдэнэбат “Дүү маань эмчийн үзлэгээр орж, эрүүл саруул гэгдээд цэргийн албанд явсан. Жудо бөхөөр хичээллэдэг. Гүйлт зэргийг тоохооргүй хүүхэд. Хэрэг болсон өдөр гар утасны хэргээс болоод 17 цэргийг шийтгэж, гүйлгэсэн юм билээ. Цэргүүд багтраад байна, цааш гүйж чадахгүй нь гэхэд тус ангийн ахлагч М зодож гэмтээн, ухаан алдаж унахад нь эмч дуудсан ч аль хэдийн амьсгал хураасан байсан. Цэргийн ангиас ажил явдлын хөрөнгө мөнгө гаргаж өгнө гэж байгаа ч бид нарт тэр мөнгө хэрэггүй. Хэрэг гарсан 22-ны орой бид энэ талаар мэдэж, маргааш нь цэргийн ангид очиж, камерын бичлэг үзсэн. Эмнэлгийн тусламж үзүүлж, амь насыг нь аврах боломж байсан ч тэгээгүй юм билээ. Талийгаачийн шарилыг авч ирэхэд ар гэрийнхнээс нь зөвшөөрөл авалгүй задлан шинжилгээнд оруулсан байсан. Ерөөсөө л дүүг минь зодож алчхаад, одоо дараад өнгөрөх гэж байна” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top