БНАСАУ-ын Гадаад хэргийн яам АНУ энэ оны сүүлч гэхэд дайсагнасан бодлогоосоо татгалзаж, цөмийн зэвсгээс ангижрах талаар бодит санал дэвшүүлэхгүй бол яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхгүй гэж мэдэгджээ.
Хойд Солонгосын тал асуудлыг шийдвэрлэх тодорхой төлөвлөгөө хүргүүлсэн тул АНУ, БНАСАУ-ын яриа хэлэлцээний хувь заяа АНУ-ын талаас шалтгаалах бөгөөд үүний эцсийн хугацаа энэ оны эцэс юм гэж БНАСАУ-ын ГХЯ-ны мэдэгдэлд дурджээ.
Тус улсын онцгой үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Ким Мён Гил тэргүүтэй төлөөлөгчид, АНУ-ын БНАСАУ-ыг хариуцсан тусгай төлөөлөгч Стивен Биганаар ахлуулсан АНУ-ын төлөөлөгчид өнгөрсөн бямба гарагт Стокхолм хотноо албан ёсны ажлын яриа хэлэлцээ хийсэн. Гэвч хэлэлцээг төгсгөлгүйгээр Хойд Солонгосын дипломатууд уулзалтыг орхин явсан юм. Үүний дараа Ким Мён Гил ажлын яриа хэлэлцээ бүтэлгүйтсэн талаар мэдэгдсэн. Тэрбээр АНУ-ын тал БНАСАУ-ын талаас тавьсан шаардлагыг үл харгалзан “хоосон гар”-тай ирсэн нь яриа хэлэлцээ хийх хүсэл эрмэлзлийг үгүй хийлээ гэж тайлбарлажээ. Түүний хэлснээр, АНУ өөрийн үндсэн байр суурийг давтан илэрхийлж, яриа хэлэлцээг тасалдуулалгүйгээр явуулах шаардлагатай хэмээн ямар нэгэн баталгаа, тооцоо судалгаа санал болгоогүй байна. Энэ яриа хэлэлцээний дараа АНУ-д БНАСАУ-тай харилцаагаа урагшлуулах улс төрийн хүсэл зориг үгүй болох нь тодорхой болсон бөгөөд Хойд Солонгосыг зөвхөн намынхаа эрх ашигт ашиглаж байна гэж мэдэгдэлд онцолжээ.
Ким Мён Гил ойрын хоёр долоо хоногийн дотор АНУ-тай дахин уулзалт хийх тухай мэдээллийг үгүйсгэсэн байна.
Ёнхап агентлагийн мэдээлснээр, БНСУ-ын ГХЯ-ны энх тайван, аюулгүй байдлын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Ли До Хун ажлын яриа хэлэлцээний үр дүн болон дараагийн алхмыг Стивен Бигантай хэлэлцэхээр өнөөдөр /2019.10.07/ эх орноосоо АНУ руу нисэх гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )