АНХААРЛЫН ТӨВД: Хойд Солонгос “чухал” туршилт хийжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 08

Хойд Солонгос тус улсын стратегийн байр суурьд нөлөөлөхүйц “чухал” туршилтыг Сохэ сансрын буудалд амжилттай явууллаа гэж Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ мэдээлжээ.

БНАСАУ-ын батлан хамгаалахын шинжлэх ухааны академи энэхүү чухал гэх туршилтын үр дүнг Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хороонд танилцуулсан байна. Эл туршилтын үр дүн ойрын үед Хойд Солонгосын стратегийн байр суурьд нөлөөлнө гэж мэдээлэлд дурдсан бөгөөд ямар туршилт хийсэн талаар мэдээлээгүй юм. Хэвлэлүүдийн бичсэнээр, хиймэл дагуулаас авсан гэрэл зураг Хойд Солонгос хиймэл дагуул хөөргөх хөдөлгүүрийг туршихаар бэлтгэж байж болзошгүйг илтгэж байна.

Харин АНУ, БНСУ-ын албаны хүмүүс Хойд Солонгосын тал Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах алхам хийсэн байж магадгүй хэмээн таамаглаж байна. Арванхоёрдугаар сарын 7-нд АНУ, БНСУ-ын төрийн тэргүүн нар сүүлийн долоон сард анх удаа утсаар ярьж, Солонгосын хойгт энх тайван тогтоох үйл хэрэгт гарч буй дэвшлийн талаар ярилцсан байна. Талууд ойрын үед дээд хэмжээнд зөвлөгөөн хийх шаардлагатай гэдэгт санал нэгджээ.

Үүнээс өмнө Хойд Солонгосын тал Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны хуралдаан дээр тус улс болон дэлхий дахины нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан чухал шийдвэр гаргах тухай зарлаж байсан билээ. Сүүлийн үед Пёньян Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг зохицуулах талаар Вашингтоны санал тавих хугацаагаа энэ оны сүүлээр дуусна гэж удаа дараа сануулж байгаа юм.
БНАСАУ-ын Гадаад хэргийн яам Пёньян энэ чиглэлээр хангалттай алхмууд хийсэн гэж үзэж байна. Хэрэв Вашингтон хариу алхам хийхгүй бол “Зул сарын бэлэг” авах болно гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top