АНУ-ын Калифорни мужийн газар нутагт дэгдээд буй ой хээрийн түймрийн улмаас Лос Анжелес хот орчмын 100 мянга гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байна.
CNN телевизийн мэдээлснээр, байгалийн гамшгийн улмаас нэг хүн амиа алджээ. Аврагчид 23 мянган айл өрхийг нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд байгалийн гамшигтай нэг мянга гаруй гал сөнөөгчид тэмцэж байна.
Лос Анжелес хотын гал түймэртэй тэмцэх газрын мэдээллээр, ой хээрийн түймэрт 75 барилга байгууламж шатжээ. Мужийн хэмжээнд дөрвөн тусламжийн төв ажиллаж байгаа аж.
Одоогоор 300 мянган хүн гэрэл цахилгаангүй байна гэж Pacific Gas and Electric эрчим хүчний компани мэдээлжээ. Калифори мужийн түүхэн дэх асар их хохирол учруулсан түймрийн буруутан гэгдээд буй тус компани ой хээрийн түймэртэй холбогдуулан цахилгаан нийлүүлэлтээ зогсоогоод байгаа юм.
2018 оны арваннэгдүгээр сард тус мужийн хойд хэсэгт гарсан ой хээрийн түймэрт 85 гаруй хүн амиа алдаж, 14 мянган амины орон сууц, 520 гаруй офисын барилга, дөрвөн мянга гаруй байгууламж шатжээ. Нийт 620 кв км газар түймэрт өртсөн байна. Калифорнийн хойд хэсэгт орших Пулга суурин газар орчим Pacific Gas and Electric компанийн цахилгаан дамжуулан шугам сүлжээнд гэмтэл гарсны улмаас энэхүү гал түймэр гарсан гэж тогтоогоод байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )