Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Европын зөвлөлийн дарга Доналд Тускд Их Британийн Европын холбооноос гаргах хугацааг 2020 оны нэгдүгээр сарын 31-нийг хүртэл хойшлуулах тухай хүсэлт бүхий захидал илгээжээ. Энэ талаар Туск өөрийн твиттер хуудсаар дамжуулан мэдээлсэн байна.
“Дөнгөж сая хүсэлт хүлээн авлаа. Одоо ЕХ-ны удирдлагатай ямар хариу өгөх талаар зөвлөлдөнө” гэж тэрбээр бичжээ.
Энэ сарын 17-нд Брюссельд болсон ЕХ-ны дээд хэмжээний уулзалтаар ЕХ-ны гишүүн 27 орны эрх баригчид Лондон, Брюсселийн хооронд хүрсэн Брекситийг хэрэгжүүлэх журмын тухай тохиролцоог баталж, Их Британи Европын холбооноос гарах хугацааг энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөр баталсан. Хүсэлтийг хэлэлцэх үүднээс ЕХ ээлжит бус дээд хэмжээний уулзалтыг энэ сарын 31-нээс өмнө зарлах ёстой болж байна.
Бямба гарагт /2019.10.19/ Британийн парламентын хуралдаан дээр Лондон, Брюсселийн тохиролцсон хэлэлцээрийг хэлэлцээгүй учир Жонсон мөн өдөр Тускд Брекситийг гурван сараар хойшлуулах хүсэлтийг Беннийн хуулийн дагуу илгээжээ. Их Британийн Нийтийн танхимын баталсан Беннийн гэх хуулиар Их Британи ЕХ-ноос гэрээгүй гарахгүй гэсэн нэмэлт баталгаа өгөхийг ерөнхий сайдаас шаардаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )