Их Британийн шинэ Ерөнхий сайд Лиз Трасс: Дараагийн Тетчер үү, Мэй юу?

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 06

Их Британийн Консерватив намын шинэ тэргүүнээр, улмаар Их Британийн шинэ Ерөнхий сайдаар Элизабет Трасс сонгогдов. Өөрийгөө “төмөр хатагтай” гэж дуудуулахыг хүсдэг 47 настай Трасс татварыг бууруулахаа амлаж, Путинг зогсоохыг уриалж байна. Их Британийн хатан хаан томилсны дараа Трасс Ерөнхий сайдын албан тушаалыг албан ёсоор авна. Одоогоор Трасс үнэнч консерватор, барууны үзэлтэй либерал улс төрч. Харин шаардлагатай үед тэр итгэл үнэмшлээ өөрчлөхгүй байгаа гэсэн асуулт тавигдаж байна.

Их Британийн гадаад хэргийн сайд Лиз Трасс эрх баригч Консерватив намын гишүүдийн 57.4 хувийн санал авч, ялсан бол ерөнхий сайдын албан тушаалын төлөө түүнтэй өрсөлдсөн сангийн сайд Риши Сунак 42.6 хувийн дэмжлэг авчээ.

Их Британийн түүхэнд тодоор үлдсэн анхны эмэгтэй ерөнхий сайд Маргарет Тетчерийн дараа энэ албан тушаалд өрсөлдөгч эмэгтэйчүүдийн “төмөр хатагтай”-н шалгуураар хэмждэг болсон. Их Британийн Ерөнхий сайд асан Тереза Мэйг /2016-2019/ ч энэ шалгуураар хэмжиж байсан. Гэхдээ түүнд энэ цол тохироогүй.

Харин Мэй-г бодвол Лиз Трасс Тетчер шиг шийдэмгий, итгэл үнэмшилтэй консерватор удирдагчийн дүрд дөхөж очно. Трасс өөрөө ч үүнийг сануулахыг хичээдэг. Их Британийн хэвлэлүүд Трассыг Зүүн Европт танк дээр гарч зургаа татуулж байсан, телевизийн мэтгэлцээнд цэнхэр цамцтай ирж байсан нь Тетчерийн хэвлэлийн төрхийг санагдуулж байсан тухай онцолж байна. Трасс олны өмнө итгэл үнэмшилтэй улстөрчийн дүр бүтээдэг. Ямартаа ч дэмжигчдийнхээ нүдэнд тэр татвар буруулагч, хувь хүн, бизнесийн эрх чөлөөний төлөө тэмцэгчийн дүрээр харагддаг гэж “Times” бичиж байв.

Европт дайн болж байгаа. Их Британи Украинд идэвхтэй дэмжлэг үзүүлж байна. Өдгөө үүнээс илүү чухал асуудал үгүй мэт. Гэтэл дайнтай хамт эдийн засгийн хямрал ирсэн. Тиймээс ч эдийн засгийн асуудал Трасс, Сунак хоёрын мэтгэлцээний гол сэдэв байв.

“Сонгуулиар би консерваторын хувьд тэмцэж, консерваторын хувиар удирдах болно. Ард иргэд эрх чөлөөтэй ажиллаж, амьдарч, цэцэглэхийг хүсэж байна. Тэд засгийн газраар хэрхэн ажиллаж, амьдрах, мөнгөө зарцуулахыг заалгахыг хүсэхгүй байна. Би консерватизмын үндсэн зарчмын төлөө зогссоор ирсэн” хэмээн “Telegraph” хэвлэлд нийтлүүлсэн өөрийнхөө нийтлэлд Трасс бичиж байв. Трасс татварыг бууруулахыг амлаж байна. Түүний өрсөлдөгч Сунак төсвийн тэнцлийг хангах амлалт өгч байсан бол Трассын хувьд зарчим чухал. Үүнээс гадна Трасс төсвийн зарцуулалтыг шалгаж, хөнгөвчилсөн дүрэм, журамтай хөрөнгө оруулалтын бүс байгуулахыг амлаж байна.

Мэргэжлийн уян хатан байдал

Трасст үл итгэгчид тэр зарчимдаа хэр үнэнч вэ гэсэн асуулт тавьдаг. Олон жилийн турш түүнийг ажиглаж байсан олон хүн түүнд хатуу итгэл үнэмшил байдаг эсэхэд эргэлзэн, тухайн үед ашигтай гэсэн байр суурийг баримталдаг хэмээн харддаг хэмээн CNN агентлагийн тоймч бичжээ. Одоо Трассыг сонгосон тори намын гишүүдэд түүний хэлсэн бүхэн таалагдах учиртай. Харин сонгогчдод таалагдах нь чухал сонгуульд намаа тэргүүлж орох үед тэр юу хэлэх бол? Ямартаа ч түүний бизнес, хувь хүний эрх чөлөөг дэмжих байр суурь Трасст оноо өгнө.

Түүний хувирамтгай занг хэвлэлүүд сануулах нь бий. Ялангуяа Брекситийн талаар. 2016 онд болсон бүх нийтийн санал асуулгаас өмнө тэр Их Британийг Европын холбооноос гаргахын эсрэг байсан. Харин санал асуулга болж, Ерөнхий сайд Дэвид Кэмероныг огцорсны дараа энэ асуудал дээр буруу бодож байсан хэмээн мэдэгдэж, Брекситийн төлөө гэдгээ онцолж байсан. Борис Жонсоны танхимд гадаад худалдааны сайдын алба авсан Трасс чөлөөт худалдааны гэрээг дахин байгуулж эхэлсэн. Ингэхдээ тэрбээр Их Британийн ЕХ-ны ачаанаас амжилттай ангижирч байна хэмээн тухай бүрд бардаж байсан ч гэрээний нөхцөлүүд нь бараг өөрчлөгдөөгүй.

Лиз Трассыг дараагийн ерөнхий сайд болно гэх яриа 2018 оноос эхэлж яригдсан. Британийн сэтгүүлчид эдгээр ариаг Трасс өөрөө гаргасан гэж харддаг. Гэхдээ 2019 онд тэрбээр нэрээ дэвшүүлээгүй. Түүнийг дэмжих гишүүд цөөн байсан төдийгүй Борис Жонсонтой тэмцэх нь тухайн үед ирээдүйгүй байв.

Путиныг зогсоо

Оросын талаар баримтлах Лондонгийн бодлого Трассын үед өөрчлөгдөхгүй нь тодорхой. Гадаад хэргийн сайдын хувиар Лиз Трасс Оросыг хүчтэй эсэргүүцэгчдийн нэг болсон. “Бид Путиныг зогсоохгүй бол Балтын тэнгисийн орнууд, Польш, Молдов зэрэг улсууд аюулд орж, улмаар НАТО-той мөргөлдөх хэмжээнд хүрнэ. Тиймээс золиос гаргах нь туйлын чухал байна” гэж Трасс мэдэгдэж байлаа. зарцуулж байгаа. Трассыг Ерөнхий сайд байх үед Их Британи Европын батлан хамгаалах чадавхыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна гэж тэрбээр амлаж байна. Энэ хүрээнд тэр батлан хамгаалах салбарын төсвийг ДНБ-иий одоогийн 2.1 хувиас гурав хувьд хүргэх амлалт өгсөн. Гэхдээ 2030 он гэхэд. Өдгөө тус улс үүнд 30 тэрбум ам.доллар зарцуулж байгаа.

Трасс мөн Украинд дайны дараах сэргээн босголтод дэмжлэг үзүүлнэ гэж амлаж байна. Тэрбээр мөн Ерөнхий сайд болсны дараа хамгийн түрүүнд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярина гэж мэдэгдсэн билээ.

Мягмар гарагт /2022.09.06/ Борис Жонсон Даунинг стрит дэх өргөөнийхөө өмнө Ерөнхий сайдын хувиар хамгийн сүүлийн удаа ард иргэддээ хандаж, хатан хаан II Элизабетад бараалхан, ажлаа албан ёсоор өгнө. Үүний дараа хатан хаан Трассыг томилох учиртай. Лхагва гарагт буюу есдүгээр сарын 7-нд парламентын чуулганы үеэр хууль тогтоогчид түүнээс асуулт асууна. Лиз Трасс хатан хаан II Элизабетын хаанчлалын үеийн 15 дахь Ерөнхий сайд, гурав дахь эмэгтэй Ерөнхий сайд болж байна. Өнөөдөр тэрбээр Ерөнхий сайдын хувиар анх удаа ард иргэддээ хандан үг хэлнэ. Эх сурвалж: ВВС

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
аээ(64.119.18.168) 2022 оны 09 сарын 06

консерватив, либерал 2 чинь өөр үзэл ш дээ.

0  |  0
Top