Түүнийг Н.Буянбат гэдэг. Тэр Ховдын хязгаарт төрсөн, тэндээ л аж төрдөг 19 настай шүлэгч хүү. Тэр бас кино үзэх дуртай. Алс холоос гэрэл гэгээт хэдхэн өдрийг хотод үдээд өнөөдөр нутаг руугаа буцаж яваа. Ховд аймгаас Улаанбаатар хот хүртэл 1500 км. Хот хоорондын автобусаар нэг талдаа 70 мянга, хоёр талдаа 140 мянган төгрөгийн зардлаар 27 цаг хурдалсаар тэндээс энд хүрдэг. Хот гэдэг хэн нэгний хувьд сайн сайхан дурсамжаар хөглөгдөх тийм л газар.
Аравдугаар сарын 14-20-ны өдрүүдэд нийслэл хотноо 11 дэх удаагийн "Улаанбаатар" олон улсын кино наадам болж, бүтэн долоо хоногийн турш олон орны онцлох, шилдэг гэсэн кино бүтээлүүдээр үзэгч олон амьсгаллаа. Жилээс жилд тус наадам хүрээгээ тэлж, үзэгчдээ улам чанаржуулж байгаагийн нэгэн тод жишээ бол Н.Буянбат. Танхим дүүрэн үзэгчдийн дунд тухлах Ховдын хүү алс холоос яг л энэ мөчийг зорин иржээ. Салахдаа тэр "Харих замдаа ярилцлагаа унших нь ээ" гэж ичингүйрэн хэлсэн. Би ч мөн амласан ёсоороо түүнд бас уншигчдадаа ном унших гэж, кино үзэх гэж холын Ховдоос хотыг зорин зорин ирдэг түүний ярилцлагыг яаран яаран хүргэж байна.
-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Н.Буянбат гэдэг. Би Ховд аймгийн Ховд их сургуульд Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр сурдаг. Одоо хоёрдугаар курсын оюутан.
-Өмнө нь хотод сурч байсан гэж сонслоо. Яагаад Ховд руугаа буцаж, тэнд сурахаар болсон юм бэ?
-Нутгаа санаад... Яг л сая үзсэн "Хийморь" кинон дээр гардаг хүү шиг...
-Энд ямар сургуульд сурч байсан билээ?
-"Улаанбаатар" их сургуульд англи хэлний орчуулагчийн ангид сурч байсан. Хотод оюутан болж ирээд нэг л намар болсон. Өнгөрсөн жилийн өдийд “Улаанбаатар” кино наадмыг үзчихээд нутаг буцсан.
-Таныг ном унших, кино үзэх дуртайг мэднэ. Алс хол Ховдоос зөвхөн кино үзэх гэж ирж байна гэхээр урлагт их хайртайн шинж гэж бодож байна...
-Кино үзэхээс гадна бас найзуудтайгаа уулзах гэж зорьж ирдэг. Бас “Залуу нас” яруу найргийн дугуйланд сууя гэж бодсон ч сард нэг удаа л цуглаж, уншлага хийдэг болчихсон байна лээ. Энэ жил хоёр дахь удаагаа “Улаанбаатар” кино наадмыг үзэж сонирхлоо. Өнгөрсөн жилийн наадам их дурсамжтай өнгөрсөн. Хамгийн таалагдсан кино нь “Үсрэгч” гээд орос кино байсан. “Үсрэгч” дээр гэртээ харьж буй хүүгийн тухай гардаг. Тэр киног үзсэнийхээ дараа би гэртээ харья гэж бодсон. Өнгөрсөн жил бараг л нээлтийн киноноос бусад бүх киног үзсэн.
-Хотод ирээд өөр юу хийв?
-Fat Cat-д сар бүр болдог "Poetry night"-д очиж гурван шүлгээ уншсан. Уур амьсгал, цугласан хүмүүс нь их халуун, дулаан юм билээ. Таалагдсан.
-Анх удаагаа кино наадам үзэхэд ямар сэтгэгдэл төрж байв?
-Дөнгөж Ховдын хязгаараас ирж байгаа над шиг хүүхдэд бол цоо шинэ ертөнц байсан. Үзэж дуусаад л ирэх жил заавал ирж үзнэ дээ гэж бодсон. Хүлээгээд л байсан.
-Кино наадмаа үзэж дуусчихаад шууд нутаг руугаа буцах уу?
-Тэгнэ ээ. Намар "Номын баяр"-аар хотод ирэх бодол байсан ч боломж болоогүй. Найзууддаа ном захиж авхуулсан. Тэгээд энэ жилдээ “Улаанбаатар” кино наадмын үеэр л хотод очъё гэж бодож, төлөвлөөд ирсэн. Ер нь холоос ирж байгаа учир сайн төлөвлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол эрсдэлтэй шүү дээ. 1500 км-ын хооронд юу ч болох юм билээ.
-Ховд аймгийн төвд гэрийнхэнтэйгээ хамт амьдардаг уу?
-Үгүй. Гэрийнхэн сумын төвд байдаг. Би төвд төрсөн дүүтэйгээ амьдардаг. Монгол гэрт.
-Энд ирээд долоо хоногийн турш зардал зөндөө гардаг байх. Яаж зардлаа олсон бэ?
-Зуны амралтаараа ажил хийсэн. Номын баяр, кино наадам хоёрт зориулж цалингаа цуглуулсан. Ажил хийж олсон мөнгөө өөрийнхөө сонирхолтой, дуртай зүйлдээ зориулах сайхан байдаг.
-Хотод байдаг найзууд чинь дандаа урлагтай холбоотой хүмүүс байдаг уу?
-Дандаа урлагт дуртай хүүхдүүд байдаг. Ховдын хязгаараас урлаг, утга зохиолын сайхан хүмүүс зөндөө төрдөг ч яг одоо бол миний байгаа орчинд тийм хүмүүс байхгүй. Их ховор. Тийм болохоор жаахан ганцаарддаг. Хотод байгаа найзууд дээрээ ирэх нь хамгийн сайхан мөч байдаг. Манай үеийнхэн ямар байдгийг сайн мэдэхгүй. Миний найзууд, миний хотод ирээд танилцсан найзууд бол урлагийн талаар ярилцах дуртай. Нэг нэгнийхээ санаа бодлыг сонсож, кино үзэж, ном уншиж, уншсан номынхоо талаар санал солилцдог. Энэ нь надад маш сайхан байдаг. Би бүр уншсан номынхоо талаар найзуудтайгаа ярилцах гэж яаран яаран ирдэг.
-Ном уншихын сайханд хэзээнээс дурласан бэ?
-Бүр багаасаа л ном унших дуртай байсан. Анх хоёрдугаар ангид байхдаа шүлэг бичиж байснаа санадаг. Багш "Туулай" гэдэг сэдэв өгөөд шүлэг бич гэсэн. Ангийнхан маань яаж шүлэг бичихээ мэдэхгүй, багагүй сандарсан. Харин би яагаад ч юм шууд хоёр мөр холбоод бичиж байснаа тод санадаг. Бас тавдугаар ангид байхдаа нэг охинд сайн болоод... Шүлэг бичих гэж үзсэн. "Болор цом" наадмаар л яруу найргийг төсөөлдөг байсан долоодугаар ангидаа Г.Аюурзана зохиолчийн номуудыг уншиж үзээд, илүү их утга зохиол, яруу найрагт дуртай болсон. Тэндээс л өөртөө уран зохиол, яруу найргийг нээсэн, олж мэдсэн гэж боддог. Дэлхийн сонгодог 50 ботиос өөрт байгаагаа уншиж эхэлсэн. Манай сумын номын сан тийм ч баялаг номтой байгаагүй болохоор олдсон номоо л уншдаг байсан.
-Уран зохиолынхныг яаж илүү дотно мэддэг болов?
-Би аравдугаар ангидаа анх гар утастай болж байсан. Арваннэгдүгээр ангидаа фэйсбүүктэй боллоо. Тэгээд л зохиолч, яруу найрагчдыг дагаж, ном уншдаг, шүлэг бичдэг хүүхдүүдтэй танилцаж, найзууд болж эхэлсэн.
-Тэгвэл кинотой танилцсан түүхээ хуваалцаач?
-Сурагч байхдаа дотуур байранд амьдардаг байсан болохоор телевизээр кино үзэх ямар ч боломжгүй байсан л даа. Тэгээд арай гэж хүлээж үзсэн кино нь "Нөгөө кинонууд"-аар гарсан найруулагч И Чан Доны "Гаатай чихэр" байсан. Тэрнээс хойш идэвхтэй кино клубуудыг фэйсбүүкээс мэдэж, тэнд хэлэлцэж, хүмүүсийн үзэж байгаа киног интернетээр үзэх болсон. "Нөгөө кинонууд", "Кино клуб", "dreamers day" гээд л... Хэрвээ би фэйсбүүк нээгээгүй байсан бол, утастай болоогүй байсан бол одоо хаана байх нь сонин санагддаг. Технологийн дэвшлийн ачаар би олон сайхан хүмүүсийг мэддэг болсон, танилцаж найзалж, нөхөрлөсөн. Таних, танихгүй олон мундаг хүмүүс надад их нөлөөлсөн санагддаг. Бас оюун санааны хувьд намайг их өөрчилсөн. Одоо цагаа мэдрэх, шинэ мэдээлэл цаг тутам авах нь нэг талаар дэвшил гэж боддог.
-Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
-Сүүлд номын баяраар найзууд "Дур булаам"-ыг өгч явуулсан.
-Энэ жилийн "Улаанбаатар" кино наадмаас аль кино нь хамгийн их таалагдав?
-Германы “Систем сүйтгэгч” таалагдлаа. Өмнөд Солонгосын “Паразит”-ыг өмнө нь үзчихсэн байсан учир тооцохгүй байх.
-Зав гаргаж ярилцсанд баярлалаа. Аян замдаа сайн яваарай.
-Баярлалаа. Дараагийн "Номын баяр" дээр баяртай уулзъя. Тэр үед л хот руу ирэх төлөвлөгөөтэй байна.
Сэтгэгдэл ( 4 )
Мундаг хүү юмаа
Uneheer er busiin huuhed bgaa yum. Tuunii dotood ertunts ni ta ashgui aguu. Tevcheer iin tuil bolson huu. Zorilgodoo tuushtai. Ueiihendee ulger duurial bolson huuhed shuu. Surah ih uilsed ni amjilt husie.
Мундаг хүү байна.Өөртөө зорилготой ийм залуучууд монгол улсад ус агаар мэт хэрэгтэй байгаа юм. Хүүд амжилт хүсье\n
сүрхий залуу байна. зорьсондоо хүрээрэй. амжилт