ЗИНДАА 2019.10.23 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 10 сарын 23

#1 УВСЫН ХЯЗГААРТ УЛААН ТУГ ХАТГАХ УУ, ЦЭНХЭР ТУГ ХАТГАХ УУ
 


Бид өмнөх дугаартаа нөхөн сонгуулиас үүдэн олны анхааралд байсаар ирсэн Хэнтий аймаг дахь УИХ-ын 42 дугаар тойрог болон 40, 41 дүгээр тойрог дамжсан эх сурвалжийн мэдээллийг хүргэсэн. Харин энэ удаад алс баруун хязгаар Увс аймаг дахь УИХ-ын 31, 32, 33 дугаар тойргийн тухай эх сурвалжуудын мэдээллийг “Сонгууль-2020” буландаа онцлов. Увс аймаг бол Ховд аймаг лугаа халх, дөрвөд, баяд, хотон гэх мэт олон ястнаас бүрддэг, алс баруун хязгаарт орших гээд онцлог зүйл олонтой тойрог. Он цагийн цаана үлдэж буй 2016 онд тус аймгаас өдгөөгийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нар увсчуудыг УИХ-д төлөөлөх болсон.

Тус аймаг ч Хэнтий аймгийн нэгэн адил цэнхэр туг мандуулж байсан түүх ховор. Энэ удаад улаан цэнхэр гээд чухам ямар туг хатгахыг сонгогч олны таалал, хувь гишүүдийн рейтинг мэдэх хэрэг. Ямартай ч айсуй сонгуулиар дээрх гурван эрхмийн мандатыг булаачих аавын хүү одоогоор МАН-д байхгүй ч 32 дугаар тойрогт мандатын маргаан гарах төлөвтэй байна. Улс төр хаашаа ч эргэсэн энэ гурван нөхөр мандатаа хадгалж үлдэх боломжтой. Тэгэхээр дээрх тойргуудад МАН-аас “Чойжин” тэргүүтнээс өөр дүр тодруулах нь  илүүц хэрэг байх.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#2 САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ШҮҮГЧИЙГ ЯЛЛАХ САНАЛ ХҮРГҮҮЛЛЭЭ
 

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдуулан нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж эхэлсэн билээ. Эдгээр  шүүгчийн найм нь уг хэрэгт холбоотой болох нь баримтаар тогтоогдсон гэдгийг өмнө нь бид мэдээлж байсан. Тэгвэл уг хэрэгт холбогдон шалгагдаж байсан зургаан шүүгчийн хэргийн мөрдөн байцаалт дуусаж, хавтаст хэргийг прокурорт шилжүүлсэн байна.

Энэ тухай тодруулбал, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нарыг яллах саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлжээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#3 ТЭД БИДНИЙ ТУХАЙ | РИО ТИНТО ОЮУТОЛГОЙН САНХҮҮЖИЛТЭЭ ЧАНГАТГАХ ЁСТОЙ БОЛЛОО
 

Австралийн санхүү, эдийн засаг, уул уурхайн чиглэлээр дагнан бичдэг “Financial Review” сонин Мөнгө угаах, терроризмтой тэмцэх, санхүүгийн арга хэмжээ авах байгууллагаас эрчимтэй ангиллын бүсэд үлдээсэн асуудлыг хөндсөн байна. Тодруулбал энэ жагсаалтад нэг биш хоёр ч удаа багтаж байгаа энэ улсад тэр дундаа “Оюу Толгой” төсөлд хөрөнгө оруулахдаа ихээхэн няхуур болгоомжтой хандахыг уриалжээ. Түүнчлэн хөрөнгө оруулагчидтай энэ асуудлаар ойрын хугацаанд нэг ширээнд суухыг ч сануулсан байна. “Financial Review” сонинд нийтлэгдсэн мэдээллийг та бүхэнд хүргэе.

“Рио Тинто”-гийн хэрэгжүүлж буй “Оюу Толгой” төслийн эх нутаг Монгол Улс Мөнгө угаах, терроризмтой тэмцэх, санхүүгийн арга хэмжээ авах байгууллагын саарал жагсаалтад эрчимтэй ангиллын бүсэд багтлаа.

Энэ улсын сан­хүүгийн систем мөнгө угаадаг, угаасан мөнгөөрөө терроризмыг санхүүжүүлдэг байж болох тул энэ ангилалд багтжээ. ФАТФ-ын гишүүн Авсралийг оролцуулаад 39 улс Монгол Улсыг энэ ангилалд багтаахыг дуу нэгтэй зөвшөөрөв. Тэдэнтэй хамт Исланд, Зимбабве улс багтсаныг дурдах нь зүй. Энэ жагсаалтад багтсан улсыг эрсдэлтэй гэж үзэн багтаадаг болохоос багтсан учраас л мөнгө угаадаг, терроризмыг санхүүжүүлдэг гэж ойлгож болохгүй. Гэхдээ эдийн засгийн чадамж нь тааруу, хөгжиж буй гэх тодотголтой, нэг салбараас хараат жижиг улсад хүсээд байхаар зүйл гэдэг нь ойлгомжтой.

Сүүлийн гурван жил Дэлхийн банкны бизнес эрхлэх нь судалгаагаар алхам алхмаар ухарсаар ирсэн энэ улсад “саарал” жагсаалт бол шинэхэн сануулга бус. Аль жилийн өмнөөс ФАТФ-ын зүгээс шаардлага тавин санхүүгийн системээ хяналттай болгох, мөнгө угаах, терроризмтой тэмцэх стратеги, бодлогоо шинэчлэхийг сануулсаар ирсэн. Нийслэл Улаанбаатар хотод нь олон улсын санхүүгийн хэд, хэдэн төлөөлөгчийн газар байдаг ч энэ нь “саарал” жагсаалтаас сугарч үлдэх шалтгаан болсонгүй. Одоо тэдэнтэй хамт Сири, Пакистан, Ботсвана, Панам, Йемен, Бахамын арлууд, Тринидад ба Тобаго, Гана, Камбож зэрэг улсууд жагсаж буй.

“Манай байгууллага Исланд, Монгол, Зимбабве улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлж байж болзошгүй, эрсдэлтэй гэж үзэн энэ ангилалд багтаасан. Ингэснээр эрчимтэй хяналттай байх юм” гэж ФАТФ-ын албан мэдээнд дурджээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#4 ФОТО: ЯПОНЫ ШИНЭ ЭЗЭН ХААНЫГ ТУНХАГЛАХ ЁСЛОЛЫН ХҮНДЭТ ЗОЧИД
 

Японы шинэ эзэн хаан Нарүхитог хаан ширээнд заларсныг тунхаглах цуврал хүндэтгэлийн арга хэмжээ болж байна. Токио хотод өчигдөр /2019.10.22/ Гурван сүмийн бурхдад зарлах зан үйлээр эхэлсэн арга хэмжээнүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт оролцож байгаа билээ. Японы шинэ эзэн хаан Нарүхито хаан ширээнд заларсныг зарлах төрийн ёслолд тус улстай дипломат харилцаатай 195 улс орон, НҮБ, Европын Холбоо зэрэг олон улсын болон бусад байгууллагын төлөөлөгчид уригдсан.  Ёслолын хүндэт зочдын зургаас хүргэж байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#5 15 НАСТАЙ ОРОС ОХИН УРАН ГУЛГАЛТЫН ТҮҮХИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ
 

Олон Улсын Тэшүүрийн Холбооноос  зохион байгуулдаг "Stake America-2019" уран гулгалтын Гран-При АНУ-ын Лас Вегас хотноо дуулиан дүүрэн өндөрлөлөө. Тэр дундаа эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ёстой гайхамшиг гэгч тохиов. Богино үзүүлбэрийн дараа Америкийн уран гулгагч Брэди Теннелл тэргүүлж, ОХУ-ын Анна Щербакова түүнээс 7,5 оноогоор дутуу, тавдугаар байрт бичигдэж байлаа. Энэ их онооны зөрүүг нөхөх зорилгоор чөлөөт үзүүлбэрт Щербаковагийн дасгалжуулагч, Н.Медведева, А.Загитова, Ю.Липницкая нарын олимп, дэлхийн аваргуудыг төрүүлсэн алдарт Этери Тутберизе 4 эргэлттэй лутц, хоёр удаа гүйцэтгэх захиалга өгчээ. Австрийн уран гулгагч Алиоз Лутцийн 1913 онд анх гүйцэтгэсэн, хожмоо түүний нэрээр нэрлэгддэг болсон энэ үсрэлт нь уран гулгалтын хамгийн хүнд хэцүүд тооцогддог axel-ийн дараа дараа бичигддэг билээ. 

Лутц үсрэлтийг гүйцэтгэхэд хүнд төвөгтэй болгодог нэг элемент бол эргэлт нь нар буруу байдагт оршино. Урьд өмнө нь  эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 4 эргэлттэй лутц, нэг үзүүлбэрт хоёр удаа хэн ч гүйцэтгэж байгаагүй юм.

Ийнхүү уран гулгалтын түүхэнд тодоор, мөнхөд бичигдэхийн төлөө цэнхэр  даашинзтай 15 настай ОХУ-ын уран гулгагч Анна Щербакова мөсөн дээр гарч ирлээ...

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top