Г.Равдан: Энд тэнд очиход нүүр тахлах хэдэн шүлэг, ганц хоёр өгүүллэг цээжинд бий

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 25

“Ацаг шүдний зөрөө” киноны  Заяат, “Сүүдэр” киноны Дугар,  “Мандухай цэцэн хатан”-ы Лаваг, “Би нисэх дуртай” киноны Мөнгөн эмч гэхээр уруул дээрх мэнгээрээ л ижил болохоос хахь ондоо ертөнц, орь ганц хувь, дахин давтагдашгүй чанарыг илэрхийлсэн сайн, муу, сайхан, муухай олон дүр урган тодорно. Тэр бол Ардын жүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Гомбын Равдан. Үг бүрийнхээ утгыг зүрх рүү шидэж,  сэтгэлийнхээ тээшийг зурж, сийлж өгдөг түүний уран бүтээлийн тухай яривал дуусашгүй баялаг. Өөрийгөө Баянгол дүүргийн долоодугаар хорооны өндөр настан гэж хошигнож байгаа нь хүртэл цаанаа нэгийг хэлэх шиг эгэл даруухан түүний бүтээж туурвихуйн ид хав иртэй, өнгөтэй явна. Өдгөө тэр ямархан дүрд хувирч, ямархан өгүүлэмжийг дотроосоо ярган суугаа бол?

-Таны уран бүтээлийн замнал бидэн хоёрын ярилцан сууж буй энэхүү Драмын театраас эхлэлтэй. Залуу насныхаа тухай дурсамжаасаа хуваалцаач?

-Улсын Багшийн Дээд сургуулийн Кино драмын ангийг 1975 онд төгссөн. Төгсөөд 10 гаруй жил энэ театрт ажиллахдаа К.Гольдоны “Хоёр эзний ганц зарц”, А.Вампиловын “Ууган хүү”, Ч.Чимэдийн “Маш нууц”, В.Шекспирийн “Гамлет”, Д.Намдагийн “Эрдэмтний яриа” Хамзагийн “Баян, борлог хоёр”, В.Розовын “Аз жаргалын эрэлд” зэрэг 30 гаруй жүжгийн гол болон туслах дүр бүтээжээ.  Театр маань намайг ахмадуудынхаа эгнээнд багтаагаад жил бүрийн үзвэрийн нээлтэд болон бусад үйл ажиллагаа дээрээ тогтмол урьж байдагт баярлаж явдаг юм. 1987-1994 онд Монгол кино нэгтгэлд жүжигчнээр орж “Сахиул уу, сахиус уу”, “Адаг шүдний зөрөө”, “Сүүдэр”, “Би нисэх дуртай”, “Алтан шонхор”, “Тод магнай”, “Удам”“Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”  гээд уран  сайхны олон кинонд дүрээ мөнхлөх завшаан тохиожээ. 1994 оноос Монголын радиод нэвтрүүлэгч, хөтлөгч, Монголын үндэсний телевизэд орчуулгын киноны жүжигчнээр тус тус ажилласан байна даа. Залуу нас гэдэг хийж бүтээхийн эрч хүч амтагдаад зүгээр суулгахгүй. Нэг тийм энгийн атлаа  сэтгэл гижигдсэн дотоод зөрчил ихтэй, характерный дүрүүдэд тоглох сон гэхээр байж ядна шүү дээ.

 

/“Сүүдэр” киноны Дугар/

-Та тэр дүрээ олсон гэж боддог уу?

“Сүүдэр” киноны Дугарын тухайд дотор хүнтэйгээ тэрсэлдэж,  хамаг сэтгэлийн тэнхээгээ барж, өөрөө өөрийгөө яллаж, үйл лайгаа үзэж яваа хүн. “Би нисэх дуртай” киноны Мөнгөний тухайд “Хоёулаа юу?” гэдэг ганцхан үгэндээ бүдэрч насаараа төлж барамгүй сэтгэлийн өр, шаналантай үлдэж буй бардам эмчийн дүр л дээ. Хэрэвзээ дотоод хүчийг  минь шавхсан дүр таарвал хүчээ сориход бэлэн.

-Сүүлийн үед та ямар дүр дээр хүчээ сорив доо?

-Сүүлийн үед уран бүтээлийн арвин богцтой байлаа. Өнгөрөгч хавар найруулагч Б.Тамирын “37 дугаар точка” кинонд удирдах ажилтны дүрд тоглолоо. Энэ их сонин байлаа. Өмнө нь би дарга, дорго болж тоглож байсангүй. Хуучны социализмын үеийн айхтар хүнд сурталтай, цаагуураа нэлээн ашиг хонжоо хайсан дүр л дээ. Мөн найруулагч О.Бат-Өлзийгийн найруулсан “Дээд хэмжээ” кинонд бас нийгмийн хөгжилд чөдөр тушаа болсон, эрх мэдлийнхээ төлөө үхэн хатан тэмцдэг удирдах ажилтны дүрд тоглолоо. Энэ жил чинь удирдах ажилтны дүрд л  яагаад ч юм тоглоод байлаа. Би чинь хүний урамд амьдралдаа дарга сэтэр зүүж үзээгүй хүн дээ. /инээв/

 

-Монголын Радиотой таны амьдралд салшгүй холбоотой. Таны дуу хоолойгүйгээр дэлгэцийн урлаг болоод радио,  кино , өгүүлэхүйн урлагийн түүх нэгэн өнгө байтугай нэгэн зууны түүхээр дутна даа?

-Энэ урлагт амьдралынхаа 40 гаруй жилийг зориулж явна. Радио, телевизийн болон тайз дэлгэцийн уран уншлагын олон арван бүтээлтэй болжээ. Энэ намар Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулж Монголын үндэсний радиогийн “Их хөлгөн туульс” нэвтрүүлгээр нэрт зохиолч Н.Банзрагч гуайн 1982 онд бичсэн “Халхын гол” романыг бүрэн эхээр нь цувралаар уншиж дуусгалаа.  Наадмын үеэс эхлээд энэ сарын 1-ний өдөр хүртэл уншиж дуусгалаа шүү дээ. Ер нь романыг ганцаарчилсан, театрчилсан уншлагаар үйл явдал, дүр ялгаруулалтын өгүүлэмжээр дотоод сэтгэлээсээ яргаж унших шаардлагатай байдаг.

 

/“Ацаг шүдний зөрөө” киноны  Заяат 1985 он/

-Сүүлийн үед та цэрэг дайн, эх орон, эр цэргийн тухай кинонд нэлээд тоглосон байх аа?

-Түүхт ялалтын ойтой холбогдуулж Монгол кино нэгтгэлийн захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ж.Солонгын найруулсан, Ардын уран зохиолч, төрийн шагналт Б.Догмидын кино зохиолоор улсын гарамгай баатар Л.Дандарын тухай түүхэн уран сайхны кино хийж дуусаж байгаа. Ардын жүжигчин П.Цэрэндагва бид хоёр Лодонгийн Дандарын дайны дараах үеийн амьдралын ээдрээтэй хэсэгт тоглосон. Мөн 1945 оны хоёрдугаар сард ЗХУ-ын Кримийн Ялта хотноо гурван гүрний их удирдагчид дэлхийн газар нутаг, бүрэн эрхт байдлыг талаар шийдвэрлэх хурал дээр БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм. Тэр Ялтын бага хурлын ойд зориулж залуу найруулагч н.Бадрал “Кримийн зуун” гээд баримтат кино бүтээж байгаа. Тэр баримтат киноны зураг авалтаар Кримийн Бүгд найрамдах улсад хөтлөгчийн үүрэгтэйгээр оролцоод ирсэн. “Долоодугаар тусгай тасаг” кино өнгөрсөн зун нээлтээ хийлээ.  Ардын жүжигчин Г.Мягмарнаран, гавьяат жүжигчин Ё.Цог, Д.Гүрсэд, соёлын тэргүүний ажилтан Д.Сүхбаатар нарын ахмад жүжигчидтэй тоглосон уг кино нь насаараа цэргийн алба хаасан бэлтгэл офицеруудын тухай өгүүлдэг юм.

-Хоёулаа уран бүтээлийн ярианаасаа түр зайлсхийж, цаг үетэй холбоотой сэдвээр яриа өрнүүлье. Театрын барилгуудыг нурааж шинэ барилга барина хэмээн нийгмийн дунд талцал үүсгэж, багагүй бухимдал төрүүлээд байгаа. Энэ тал дээр та ахмад уран бүтээлч хүний хувьд ямар бодолтой байна вэ?

- Ухаантан мэргэд дээдэс, яам тамгын дарга нар нь мэдэж байгаа болов уу гэж найдах юм. Гэтэл тэнд нь урлагийн нарийн асуудлыг мэддэг хүн нь байдаг юм уу мэдэхгүй байна. Түүхэн уран барилга, соёл урлагийн дурсгал болсон архитектурын онцгой гойд шийдэлтэй, нийслэл хотынхоо нүүр царай болсон барилгуудыг хэвээр нь хадгалах нь зүйтэй.

Монголын урлагийн эцэг театр  болсон Драмын театр тун удахгүй 90 насныхаа ойтой золгоно. Улсын ардын дуу, бүжгийн чуулга, Дуурийн театр, Хүүхдийн театр, Улсын цирк бүгд л Драмын театрын өлгийнөөс даль жигүүрээ дэлгэсэн. Энэ л түүхт барилгаа нураалгүйгээр сэргээн засварламаар байгаа юм. Зураг төлөвлөлтийн анхны шийдлийг нь эвдэхгүйгээр дотор, гадаргүй орчин үеийн хэв маягийг хослуулаад сэргээн засварлах хэрэгтэй. Драмын театрыг 1958-1959 онд бүх ард түмний хөдөлмөрчин, сэхээтэн, малчин залуусын сэтгэл зүтгэл шингэсэн хөрөнгөөр босгосон байхгүй юу. Монгол Улсын зөвлөх архитектурч  С.Одон  “Барилга бол түүхийн гэрч, урлагийн бүтээл” гэсэн байна. Улсын төв номын сан, Дуурийн театр, Драмын театрын барилгын талаар үүх түүхтэй нь холбож мэргэжлийн хүний үүднээс ярилцлага өгснийг дарга нар нь уншаасай. Урлагийн салбарын байгууллагыг удирдаж байгаа удирдлагууд энэ тал дээр дутуу дулимаг, өнгөцхөн хараад байна уу даа гэж бодогдож байна. Байгалийн түүхийн музей бол  Сэлбийн гүүрний цаана байгаа Санхүү эдийн засгийн дээд сургуультай яг нэг үед, нэг зураг төслөөр баригдсан барилга. Гэтэл сургууль дотор нь оюутан залуус гүйлдээд л зүв зүгээр байж байхад музей нь хэрэггүй балгас болчихлоо гээд байдаг нь сонин санагдаад байна.

-Цаг үеийн шаардлагаар уран бүтээлчдийн бүтэц бүрэлдэхүүн нэмэгдэх, техник, тоног төхөөрөмж, тайз заслын шийдэл гээд өөрчлөн томруулах хэрэгцээ гардаг л байх даа...?

-Цаг үе улиран өнгөрөх тусам үнэ цэн нь улам өсөж байдаг зүйлсийн тоонд  тухайн улсын  түүх, соёл, урлагийн түүхийг бүтээсэн энэ л барилгууд зүй ёсоор орно. Уран бүтээлийн цараа хүрээ тэлж байгаа энэ цаг үед сайхан ордонтой болохыг хүсэлгүй л яах вэ. Гэхдээ байгаа юмаа арчилж тордоод, уужим саруул болгоод, агаар солилцооны асуудлыг нь шийдээд, орчин цагийн дэлхийн театрын өнгө төрхийг шингээгээд яваад л байвал яваад л байна. Хэдэн зууныг ч элээнэ шүү дээ.

-Дэлхийн жишигт урлагийн түүхт цогцолборуудаа хэрхэн хадгалж, хамгаалж байдаг жишээг олон харсан байлгүй?

-Алтан ордны бүрэлдэхүүнд багтаж байсан, Кримийн хаант улсын үед цэцэглэн хөгжиж байсан Бахчисрай хэмээх эртний хотод очлоо. Нөгөө алдарт С.Пушкины “Бахчисарайн оргилолт булаг” найраглалаар “Бахчисарайн оргилолт булаг” гэдэг бүжгэн жүжгийг Монголд тавьж байсан түүхтэй шүү дээ. 1400-аад оны үеийн тэр л дорнын соёл шингэсэн өнгө төрх нь яг л хэвээрээ. Бахчисарайн оргилолт булгийн зургийг нь аваад явж байхад нэг зүйлийг мэдэж авсан. Тэр нь юу гэхээр дээр үеийн барилга цаг хугацааны элэгдэлд хана туургаараа цуурдаг юм байна. Тэр хэсгээр нь төмөр карказаар бэхэлж, бүслүүрдээд хамгаалсан байдаг юм байна. Тэрнээс манайхан шиг юу, юугүй нураагаад, шинээр барина гэдэггүй юм байна шүү. Оросын Холбооны Улсын Буриадын Улаан-Үүдийн театр , Эрхүүгийн Охлопковын нэрэмжит драмын театрын гадна орчин үгээр илэрхийлэмгүй тансаг. Хүнийг театр гэдэг ариун сүм,  урлагийн шилтгээнд ирсэн гэдгээ бүрнээ мэдрүүлэх орчныг гадна талаас нь эхэлж бүрдүүлсэн байна. Симфони эгшиглэдэг усан оргилуур, хүрхрээ шиг усан оргилууртай.  Тухайн сард тоглогдох үзвэрийнх нь жүжгүүдийн хэсгийн бичлэг  нь том дэлгэцээр явж байдаг. Эргэн тойронд том бут, цэцэг навч тарьчихсан. Үзвэртээ бие, сэтгэлээ бэлдэх тансаг, эрхэмсэг орчныг бүрдүүлэх ёстой л доо.

-Гэтэл манай театруудын үүдээр битүү машины зогсоол байдаг шүү дээ?

-Хэлээд яах вэ. Театрын эргэн тойронд жинхэнэ театрын орчин буй болгох ёстой. Хуучин, хүрээний цаг үед энэ хавьд Гаалийн хороо гэж байсан байна. Ачаа, тэмээ хөглөрсөн, амьтан, хүн бужигнасан замбараагүй газар байж. “Гаалийн хороо байсан газар гахайн хороо болжээ” гэж юм мэддэг хүн шүүмжилж байсан удаатай шүү. Драмын театр, Үндэсний урлагийн их театр хоёр маань эв түнжингээ олоод гаднах орчноо театр шиг театр болгоосой. Урьд нь цэцэрлэгт хүрээлэнтэй, амрах сандалтай, хүүхэд тоглох талбайтай сайхан байсан шүү дээ. Одоо машин тэрэг бүү хэл хөл гишгэх зайгүй чигжчихсэн. Үндэсний номын сангийн өмнө Б.Ренчин гуайн хөшөөний наана баахан машин овоорчихсон байдаг байсан бол одоо гадаад талбайдаа уран барилгынхаа донж маягийг бүрдүүлсэн хөөрхөн тохижилт хийчихсэн байгаа юм.

-Драмын театр, Үндэсний урлагийн их театр хоёр Хүүхэлдэйн театртай бөөр бөөрөө нийлүүлээд олон жилийг элээж байгаа даа?

-Энэ гурван байгууллага нэгэн дээвэр дор оршин тогтносоор ирсэн. Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга сүүлд Үндэсний урлагийн их театр гэж нэрээ өөрчилсөн байна лээ. Үндэсний урлагийн их театр гэхээр үндэсний гэсэн бүх зүйлийг ерөнхийлөн хамаатуулаад уран сийлбэр, уран хатгамал гээд урлагийн олон төрөл рүү халина. Өмнө нь Дуурь, бүжгийн эрдмийн театрыг Сонгодог урлагийн академик театр гэж байсан нь утга зүйн хувьд оновчгүй болж таарсан. Сонгодог уран барилга, сонгодог уран зураг, сонгодог уран баримал гээд талийж өгнө. Тиймээс буцаад мэргэжлийн чиг баримжаатай оноосон нэрээ өгсөн л  дөө. Тиймээс их бага, том жижигтээ биш, нэрийнхээ утга учрыг оноох нь зөв. Би том, чи том гэхийн оронд театрынхаа гадаад, дотоод орчныг нийлж байгаад шинэчлээсэй гэж бодоод байдаг юм. Ашгүй хэлэх завшаан олдлоо.

-Байгууллагын асуудлыг яриад байвал дуусашгүй болох нь. Уран бүтээлийнхээ яриа руу эргээд оръё. Таныг өгүүлэхүйн урлагийн их мастер хэмээн өргөмжилдөг. Таны цээжинд хэдэн судар ном байна вэ?

-Тэр цол гуншныг хэн ч надад оноож өгөөгүй ээ. Ард түмний л өгсөн нэр байх. Нэг мэдэхэд л өгүүлэхүйн урлагийн их мастер гээд л тайзан дээр дууддаг болсон байх юм. Оюутны ширээнээс төгсөхдөө хувийн уран сандаа өгүүллэгтэй, шүлэгтэй, найраглалтай, хошин өгүүллэгтэй байлаа шүү дээ. Биднийг залуу байхад Драмын театрт бүх уран бүтээлчдийн дунд уран уншлагын уралдааныг театр дотроо тогтмол явуулдаг байлаа. Тийнхүү  жүжигчдийг уран бүтээлийн арвин сантай болгодог байсан. Одоо чухам байдаг юм уу, мэдэхгүй байна. Уран уншлагын уралдаан, “Утгын чимэг”-ийн өгүүллэгүүдийг тасралтгүй уншсаар ирсэн. Байнга хэрэглэхгүй болохоор мартана, эргээд ганц нэг хараад сэргэнэ. Энд тэнд очиход нүүр тахлах хэдэн шүлэг, ганц хоёр өгүүллэг цээжинд бий, бий.

-Монголын олон нэрт зохиолчид, төрийн шагналтнуудын даацтай бүтээлүүдийг та барьж авч уншсан даа, тийм ээ?

-1980-аад оноос эхлээд л Төрийн хошой шагналт Д.Намдаг гуайн “Хөгшин чоно ульсан нь” тууж, Ч.Лодойдамба гуайн“Алтайд” роман, С.Эрдэнэ гуайн “Занабазар” роман гээд томоохон бүтээлүүдийг үндэсний радиод цувралаар уншиж байлаа. Тэр уламжлалаа үргэлжлүүлээд Mongol HD телевизээр Л.Түдэв гуайн “Оройгүй сүм”, “Д.Намдаг гуайн “Цаг төрийн үймээн”,  С.Эрдэнэ гуайн “Хойд насандаа учирна”, Ц.Доржготов гуайн “Улаан орхимжийн давлагаа” гээд дөрвөн том романыг бүрэн эхээр нь уншлаа. Залгуулаад 2017-2018  онд Ч.Лодойдамба гуайн мэндэлсний 100 жилийн ойд зориулж “Тунгалаг Тамир” хоёр дэвтэр роман, Г.Мэнд-Ооёогийн “Гэгээнтэн” роман,  Ш.Ванчаарай гуайн “Шагнал, шийтгэл” романыг бүрэн эхээр нь уншсан.

-Та энэ бүх бүтээлээрээ сонсдог ном гаргавал ч олон хүнд хүрэх байх даа?

-Өө тэрийг чинь би мэдэхгүй, радио, телевизийн өмч болоод алтан фонддоо хадгалчихдаг юм.

-Өгүүлэхүйн урлагийн арвин их сангаас тань шимтэн суралцах хүсэлтэй залуус их байдаг байх. Ер нь та бүтээлээ хэрхэн өөрийн болгож уншдаг талаар яриагаа өндөрлөе?

-Залуус унших гэж байгаа бүтээл дээрээ яаж ажиллах уу, уншсан бүтээлээ ямар болж уу гэж ирдэг. Ер нь үгээр урлана гэдэг маш их  мэдрэмж, ур чадвар, хөдөлмөр шаардсан урлаг.  Зүгээр тангад ном уншиж байгаа лам шиг уншихгүй шүү дээ. Тухайн зохиолын бүх дүр, бүх үйл явдал дотор нь орж, агуулгыг нь ойлгож байж  уншдаг. Залуус энэ урлагийг өвлөн хөгжүүлж байгаад баяртай байдаг.

 

/"Сахиул уу Сахиус уу" МУСК. 1983 он/

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тогоо(202.131.240.246) 2022 оны 02 сарын 07

Бүтээсэн дүрүүд нь кинонод тоглосон биш, жинхэнэ бодит юм шиг үнэхээр мундаг шүү...\nСэтгэл татам хирнээ хүрч болохгүй хол ч юм шиг тийм л хүн...

0  |  0
шүтэгч(119.40.103.3) 2019 оны 10 сарын 27

тийм ш дээ бурханаас заяасан ховор авьяасыг агуу хөдөлмөрөөрөө хөгжүүлж чадсан гайхалтай жүжигчин урт насалж олон сайхан бүтээлээрээ сонорыг минь мялаахыг хүсье

0  |  0
zochin(119.40.103.3) 2019 оны 10 сарын 27

Pabdan guai ch 100-nd gants torson uguuleh urlagiin haan hun dee 20-r zuunii manlai oguulegcheer todruulah baisan

0  |  0
зочин(66.181.179.193) 2020 оны 11 сарын 11

эрдэмтэй хүн даруу гэж энэ дээ.ганц 2бий гэж байна.онгироо залуучууд байна шүү

0  |  1
Иргэн(202.21.126.30) 2019 оны 10 сарын 25

Үнэхээр авъяаслаг аугаа жүжигчин дээ. Равдан танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье!

1  |  0
Top