#1 ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД ХЭМЭЭХ ХОЁР ТУЙЛААС ХОЛДОХ ХҮСЭЛ
Манай энэ олон шүдээ хавирсан дарга нарыг хар. Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, Н.Энхбаяр, С.Баяр, Ч.Сайханбилэг, М.Энхболд гээд хэл аманд орсон, өөр хоорондоо толхилцсон улс байх. Эндээс юу харагдаж байна гэхээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүс нэг нэгнээ үздэггүй юм байна. Бидний түгээмэл ойлгодог шиг хувь хүний амбиц, зорилго бүр шуналаараа огтлолцсон бол биш байх. Тэдний муудалцсан цаад шалтгааны углуурга хашиж явсан албан тушаалынх нь зовлон байж таарна. Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч, УИХ буюу УИХ-аас томилсон Засгийн газрын Ерөнхий сайдын эрх хэмжээ нь зөрчилдөөд байгаа хэрэг. Үүнээс болж Монголын сор эрчүүд өнөөдөр бие биенээ барьж идэх гээд хярж байгаа юм. УИХ хууль тогтоох эрх мэдлээ ашиглаад засаглалын энэ зовлонг хөнгөвчлөөд өгчихвөл Монгол Улсын хөгжлийн нэг тушаа тас үсрэх гээд байна даа. Үүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр л хийнэ. Тэр боломж нь ч саяхан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг, Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсаныг парламент хүлээн авснаар гарлаа. Нэгдүгээрт, Ард нийтийн санал асуулга явуулаад дэмжүүлчих юм бол тэр хуулийн төсөлд Ерөнхийлөгч, бусад нам хүчин тэр байтугай Үндсэн хуулийн цэц саад болж чадахгүй байлаа. Гэхдээ зовлон нь Ард нийтийн санал асуулгын тухай хуулиар санал асуулга явуулдаг юм гэхэд сонгуулийн насанд хүрсэн иргэдийн 50 дээр нэмэх нь нэг хувийн ирцтэй байх ёстой. Сонгуулиар машинаар зөөж, мөнгө тарааж байж хүргэдэг ирцийг өвөл хаяанд ирсэн энэ үед гүйцээх нь юу л бол. Малчид өвөлжөөндөө буучихвал саналыг нь авахаар уулын ам бүрээр давхиулаад байх тийм олон зараал төрд олдох уу. Олдсон ч цаг хугацаандаа амжих бил үү.
#2 С.ЗОРИГИЙН ХЭРГИЙН ТАЙЛАН: ХУДАЛ МЭДҮҮЛЭГ БА ЭРҮҮДЭН ШҮҮЛТ
Олон улсын парламентын холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны төлөөлөгчид өнгөрсөн зургаадугаар сарын 5-7-ны өдөр Монгол Улсад ажилласан томилолтын тайлангаас ОНЦОЛЖ байна. Тэд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийн талаар тайландаа дурджээ. Энэ талаар Олон улсын парламентын холбооны төлөөлөгчид тайландаа дурьдсан ба тайлангийн хэсгээс анхаарал татах хэсгийг товчлон нийтлэв.
Төлөөлөгчдийн томилолтоос өмнө С.Зоригийн хэрэгт яллагдагч Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг харгисаар эрүүдэн шүүж, хүнлэг бусаар хандаж байгааг харуулсан дүрс бичлэг ил болов. Агуулгыг тодруулж дүгнэлт хийхийн тулд төлөөлөгчид дүрс бичлэгийг үзүүлэхийг шаардсан. Эрх баригчид хэдийгээр төлөөлөгчидтэй нээлттэй яриа хэлэлцээ хийх хүслээ илэрхийлсэн ч Ерөнхий прокурорын орлогч, Түр хорооны гишүүд, Тагнуулын ерөнхий газрын дарга нар бүгд төлөөлөгчидтэй бичлэгийг хуваалцахаас татгалзаж байсан. Бичлэгийг хуваалцахад гарах хариуцлагыг хэн ч хүлээхийг хүсэхгүй байгаа мэт сэтгэгдэл төлөөлөгчдөд төрсөн. Гэсэн хэдий ч төлөөлөгчид УИХ-ын даргад цөхрөлтгүй хүсэлт гаргасны дараа ТЕГ бичлэгийн хуулбарыг өгч, төлөөлөгчид түүнийг Төрийн ордон дотор үзэх боломжтой болсон.
Эхний хэсэгт Б.Содномдаржаагийн 2015 оны наймдугаар сарын 31-нд баривчлагдсан өдрөөс хойш буюу 2015 оны есдүгээр сарын 1-6-ны өдрүүдийн бичлэг байсан. Эрх баригчид мэдээлж буйгаар түүнийг баривчилж, цагдан хорих нь мөрдөн байцаалтын ажиллагааны хэсэг байв. Бичлэгт Б.Содномдаржаа нь зоорь өрөөнд хоригдож байгаагаар гарав.Тэрбээр Ц.Амгаланбаатар болон ТЕГ-ын ажилтантай хамт нэг хорих өрөөнд байсан. Хорих өрөө нь нарийхан, наад захын тоноглолгүй /жишээлбэл: Бие засах хэсгийн оронд хувин тавьсан байсан. Тагнуулын ажилтан хорих өрөөнд чөлөөтэй орж, гарч байхад Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нар тэнд зургаан өдөр байсан.
#3 “УСТГАСАН БААВГАЙН ГЭДСЭНД ШОРООНООС ӨӨР ЗҮЙЛ БАЙГААГҮЙ”
Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ аймгуудын зарим сумдад энэ оны есдүгээр сараас хойш баавгай үзэгдэж, хүн малд халдах болсон. Сум орон нутгийн удирдлагууд шаардлагатай арга хэмжээг авч, уул руу буцаан хөөж байгаа ч айлын гэр, мал руу дайрсан тохиолдол бүртгэгдсээр байна. Тухайлбал, Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун сумдад өнгөрсөн өдрүүдэд баавгай үзэгдсэн тохиолдол хэдэнтээ гарчээ. Баян-Уул сумын 1, 3, 6 дугаар багуудад гэхэд баавгай мал руу дайрсан тохиолдол бүртгэгдсэн байна. Баян-Уул сумын нэгдүгээр баг, Хужиртаан гэх газарт мөн баавгай үзэгджээ.
Энэ талаар Баян-Уул сумын иргэн Б-тэй холбогдож тодруулахад “Дорнод аймгийн Баян-Уул сумын нэгдүгээр баг, Хужиртаан гэдэг газарт манай хүргэн ахынх болон өөр бусад 10 орчим айл нутаглаж, олон жил малаа өсгөн амьдарч байна. Ойрын өдрүүдэд энэ нутагт баавгай үзэгдэх болсон. Хоёр хоногийн өмнө /2019.10.22/ бага насны бололтой жижиг баавгай ирж, шөнөжингөө нохойд боргуулан айлын хотонд ойртож чадахгүй ойролцоо хөндийд хоносон. Баавгайг хөөж байх зуур Баян-Уул сумын ойн байцаагч, хамгаалагчид ирж, буудаж хороож болохгүйг хатуу сануулсан байсан. Гэхдээ шөнө байтугай өдөр ч тайван сууж, малдаа ч сэтгэл амар явж чадахгүй хаанаас ямар баавгай гарч ирэх бол гэсэн айдас түгшүүртэй байх боллоо. Даруйхан арга хэмжээ авч өгөхгүй бол энэ нутгийн аль айлд ямар хохирол учирч болохыг урьдчилж таашгүй. Тиймээс нутгийн иргэдээ хамгаалах арга хэмжээг авах нэн шаардлагатай байна” гэлээ.
Баян-Уул сумын удирдлагуудад хандсан "Баавгай айлын мал, хот руу дайрсан" тухай дуудлага ойрын өдрүүдэд тасраагүй байна. Сумын шуурхай алба дуудлагын дагуу очиж, мотоциклиор хөөдөг боловч хол явахгүй, эргэж ирдэг аж. Мөн Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн Баянголын ам гэдэг газарт айлын гадаа баавгай ирсэн дуудлагын дагуу өчигдөр /2019.10.23/ тус сумаас ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа гэх мэдээллийг албаны хүмүүс өглөө.
#4 ОЮУ ТОЛГОЙ | III УЛИРЛЫН ТАЙЛАНГААС ОНЦЛОХ ГУРВАН ЗҮЙЛ
Саарал жагсаалтын өнгө будаг улс төрийн хүчнүүдийн өнгө будагтай сүлэлдэн байгаа энэ өдрүүдэд Монголын хамгийн том төсөл гэгдэх “Оюу Толгой” төсөл гуравдугаар улирлын тайлангаа танилцууллаа. Саарал жагсаалтын өнгө будагтай адилаар гуравдугаар улирлын тайлан тийм ч базаахгүй байх нь. Бүх үзүүлэлт буурч, гүний уурхайн санхүүжилтээ хайсан дүр зураг том төслийг тойрч байна. Саарал жагсаалт одоохондоо мэдрэгдэхгүй ч хөрөнгө оруулалт хайж эхэлмэгц л мэдэгдэх байх гэсэн айдас сүлдэндээ тэмээ залсан том төслийнхний удирдлагуудад бий. Сөрөг үзүүлэлттэй эерэг хүлээлттэй “Оюу Толгой”-ын гуравдугаар улирлын тайлангаас онцолж харах ёстой гурван зүйлийг та бүхэнд танилцуулъя.
СӨРӨГ ҮЗҮҮЛЭЛТ. ГЭХДЭЭ...
Том төслийн гуравдугаар улирлын тайлан сайн мэдээ дуулгахгүй байх нь. Зэс, алтны олборлолт, боловсруулсан хүдрийн үзүүлэлт, үйлдвэрлэсэн баяжмал, баяжмал дахь зэсийн хэмжээ, баяжмал дахь алтны хэмжээ бүгд өмнөх улирлынхаас буурсан. Тухайлбал тайлант хугацаанд нийтдээ 28.446 тонн зэс олборлосон нь өмнөх оны мөн үеийнхээс 27.8 хувиар бага байв. Мөн энэ хугацаанд 52.6 мянган унц алт олборлосон нь өмнөх оныхдоо харьцуулахад 66.8 хувиар бага. Үйлдвэрлэсэн зэсийн баяжмалын хэмжээ өмнөх улирлынхаас 27.2 хувиар, баяжмал дахь зэсийн агууламж өмнөх улирлаас 27.4 хувиар, баяжмал дахь алтны хэмжээ өмнөх улирлаас 64.3 хувиар буурчээ. Зэс, алтны дундаж агуулга буурна гэдгийг компани энэ жилийн урьдчилсан төлөвлөгөө боловсруулахдаа л тооцоолж байж. Учир нь агуулга өндөртэй олборлолтын үе шат болох 4А олборлолт дуусаж, төлөвлөгөөний дагуу 4В үе шат буюу бага агуулгатай овоолгын хүдрийг олборлож эхэлсэн нь гол шалтгаа аж. Түүнчлэн аравдугаар сард хийх ёстой басан баяжуулах үйлдвэрийн түр зогсолтыг есдүгээр сард хийсэнтэй болсонтой холбогдуулж дээрх үзүүлэлт буурчээ.
#5 ШАРИФОВ: Г.МАНДАХНАРАН, НОВРУЗОВ ХОЁРЫН БАРИЛДААНЫГ БИ ҮНЭН ЗӨВ ШҮҮСЭН
Чечений анхны Ерөнхийлөгч А.А.Кадыровын нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн Грозный хотод болж өнгөрлөө. Тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд олимпын шүүгч Азербайжаны Хижран Шарифов байлаа. Түүнтэй "Грозный-информ" агентлагийн сэтгүүлч Шукран Якумова уулзаж ярилцжээ.
-Тэмцээний талаар сэтгэгдлээ хуваалцаач.
-Увайс Ахтаевын нэрэмжит спорт цогцолбор олон улсын шаардлагад бүрэн нийцсэн, тамирчдын барилдах бүх нөхцөлийг хангасан сайхан ордон байна. Би 20 жил гадаад, дотоодын олон цогцолборт очсон, ийм танхим өмнө нь үзэж байсангүй. Тэмцээнд олимп, ДАШТ, тивийн аваргын шагналтнууд оролцсон, өрсөлдөөнтэй сайхан болж өнгөрлөө. Хамгийн хурц сайхан барилдаан гэвэл 70 кг-ын финалд Чечений Расул Арсаналиев олимпын аварга Сослан Рамоновыг 16-6 ялсан барилдаан байлаа. 86 кг-д Муслим Дадаев Узбекистаны Жабраил Шапиевийг давсан барилдаан ч сонирхолтой сайхан болсон.
-Таньдаг тамирчидтайгаа тааралдав уу?
-Би орос, чечен, ингуш, осетин бөхчүүдийн барилдааныг олон шүүж байсан. 2008 онд Бээжинд Ислам-Бек Альбиев, Назир Манкиев, 2012 онд Лондонд Жамал Отарсултанов, 2016 онд Рио-Де-Жанейрод Билял Махов, Алан Засеев хоёрын барилдааныг шүүж байлаа. Тэдэнтэй энэ тэмцээнд тааралдсандаа баяртай байна.
-Та өөрийнхөө тухай яриач. Уншигчдад сонирхолтой байх.
-Би Бакугийн дагуул хотод төрсөн. М.Азизбековын нэрэмжит Азербайжаны нефть, химийн дээд сургуулийг төгссөн. Цэрэгт явахаасаа өмнө сонгомол барилдаанаар хичээллэж, залуучуудын тэмцээнд оролцож байлаа. 1997 онд спортын мастер болсон ч илүү амжилт гаргаж чадаагүй. 1999 оноос “Нефтчи” клубт багш, дасгалжуулагчаар ажилласан. Одоо Азербайжаны ДХЯ-ны Цагдаагийн академид багшилж байна.
Сэтгэгдэл ( 1 )
БААВГАА ХАРАНГАЛЖЭЭ