ЗИНДАА 2019.10.28 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 10 сарын 28

#1 ЭЦСИЙН ЗАМ: ЦАГААЧДЫН ЦОГЦОС ОЛДСОН ХЭРГИЙН ЭРГЭН ТОЙРОНД



Өнгөрсөн лхагва гарагаас пүрэв гарагт шилжих шөнө Их Британийн хууль сахиулагчид Ессекс мужийн Грейс хотын нэгэн аж үйлдвэрийн паркийн бүсэд хаягдсан ачааны машинд 39 хүний цогцсыг илрүүлсэн хэрэг дэлхийн нийтийг цочирдуулсан. "Найман эмэгтэй, 31 эрэгтэй байсан, тэдний нэг нь насанд хүрээгүй хүн байсан ба бүгд Хятадын хууль бус цагаачид байжээ" гэж анх мэдээлж байсан ч аравдугаар сарын 26-ны өдөр тэдний дунд хуурамч хятад паспорт бүхий олон тооны вьетнамчууд байгаа  нь тодорхой болж эхлэв. Вьетнамын зургаан гэр бүл Их Британид суугаа Вьетнамын элчин сайдын яамандаа хандаж, төрөл төрөгсдөөсөө салах ёс гүйцэтгэсэн утга бүхий мессеж авсан тухай мэдэгдэн, тусламж хүсжээ. Вьетнамын 26 настай Фам гэгч нэгэн бүсгүй Лондон руу Хятад, Европоор дамжин ирж байсан бөгөөд хамгийн сүүлд “Ээж ээ, уучлаарай. Миний аялал амжилттай болсонгүй. Ээж ээ, би танд хайртай. Би үхэж байна, амьсгалж чадахгүй байна. Би Нген тосгоных” гэж бичээд холбоо тасарсан байна.  Түүний гэр бүл 30 мянган фунт төлсөн гэнэ.
 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#2 Д.ХАЯНХЯРВАА: ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТУУДЫГ ЭРГЭЖ ХАРАХ ХЭРЭГТЭЙ
 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай ярилцлаа.


-УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Үрэлгэн, төсвийн орлогыг өөдрөг төсөөлсөн байна гэсэн шүүмжлэл гараад эхэллээ. Таны хувьд төсвийн төслийг хэрхэн харж байна вэ?

-Энэ жилийн төсвийн тухайд би чуулганы хуралдааны үеэр байр сууриа илэрхийлсэн. Их л өөдрөг төсөв болсон доо. 13 их наяд төгрөгийн зарлага гаргаж, төсвийн алдагдал  хоёр их наяд төгрөг байхаар тооцсон байна лээ. Гэтэл ирэх жилүүдэд хүлээгдэж байгаа бонд, зээлийн  хугацаат төлбөрүүд бий. Тэр эрсдэлүүдээ тооцон төсвийн төлөвлөлтөө эргэж харах хэрэгтэй гэж би хувьдаа бодож байгаа. Товчхондоо, бидэнд боломж байгаа бол дэмий үрэлгэн зардал гаргахын оронд төсвийн алдагдлаа бууруулаад бага ч гэсэн хуримтлал үүсгэж нөгөө өр авлагаа дарахад чиглүүлбэл зөв биш үү гэсэн үг.

-2020 оны улсын төсвийн төсөл дээр УИХ-аас гарсан ажлын хэсэгт та орсон байна лээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан хоёр ч удаа зарлагдаад хуралдаагүй. Ажлын хэсгийн хуралдаан  нэлээд ширүүн болов уу?

-Ажлын хэсэг нэг удаа хуралдсан. Ингэхдээ аудитын дүгнэлт, төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зөвлөмж, ажлын хэсгийн гишүүдийн саналыг сонссон.  Төсвийн ажлын хэсэг ямар зарчмаар ажиллах вэ гэдгээ ярилцсан. Миний хувьд төсвийн хөрөнгө оруулалтыг жаахан эргэж харах ёстой гэдэг байр сууриа илэрхийлсэн. Нэгдүгээрт аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтыг ижил түвшинд төлөвлөх, хоёрт шинээр эхлэх конторын барилгуудыг бүгдийг нь царцаая, үр ашиггүй хөрөнгө оруулалтуудыг зогсоох тухай саналаа хэлсэн.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#3 ТОЙМЧИЙН ӨНЦӨГ: ДУТЕРТЕ БА ФИЛИППИНИЙ ЗАСАГЛАЛ
 

Филиппин улсад 2016 онд Ерөнхийлөгчийн сонгууль болж “хар тамхитай тууштай тэмцэнэ” гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн тэр бүр танигдаж амжаагүй “PDP laban” намаас нэр дэвшигч Родриго Дутерте үнэмлэхүй ялалт байгуулсан байдаг. Филиппин улсын Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаатай нэг удаа сонгогддог. Түүний бүрэн эрхийн хугацаа талаасаа илүү цаг хугацааг туулаад байна.

Хар тамхичидтай тэмцэх тэмцлээ тууштай явуулахын тулд цагдаа нартаа буудах эрх олгосон нь тухайн үедээ олон улсын анхаарлын төвд орж байв. Түүнийг Төрийн тэргүүн болсноос хойш хар тамхитай холбоотойгоор 29 мянган иргэнийг “цааш харуулсан” гэх албан ёсны статистик байдаг аж. 29 мянга гэдэг бага тоо биш. Гэхдээ тэмцлийн дүнд 100 мянган хүний амь нас золионд гарах болно гэдгээ Ерөнхийлөгч болохоосоо өмнө мэдэгдчихсэн юм билээ. 110 сая хүн амтай тус улсын хувьд хар тамхинаас салахын тулд үүнээс илүү золиос гаргах ёстой гэхэд дуу нэгтэй толгой дохьдог. Энэ манай улсад “цаазал”, “ал”, “дүүжил” хэмээн сошл сүлжээнд өдөөн хатгадагтай агаар нэгэн аж. Өдөр бүр хэдэн арваараа гудамжинд үхдлүүд хэвтэх болсон нь хэвлэлийнхнийх нь анхаарлын төвд орсон байдаг. Тиймээс учир битүүлгээр буудуулан амиа алдсан иргэдийн талаар сэтгүүлчид эрэн сурвалжилж явсаар цагдаа нар тэднийг хороож байсныг мэдсэн гэдэг.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#4 #REVIEW: “37-Р ТОЧКА”-ААС ЮУ Ч ХҮЛЭЭХ ХЭРЭГГҮЙ
 

GOT, Vikings, Stranger things... Монголчууд цуврал кино үздэг, мэддэг болсон гэдгийг энгийн жишээ бол эдгээр нэрс. Харин одоо энэ нэрсийн араас “37-р точка” гэж бичмээр байна.  Өмнө нь бид монгол киног яг ийм хэмжээнд өндөр хүлээлт үүсгэн, сэдэв болтол нь үзэж, ярьдаг байсан бил үү. “37-р точка”-ын эхний бүлгийн ангиуд цацагдаж эхлэхээс өмнө кино багийнхан хэвлэлийн бага хурал зарлаж, уран бүтээлээ танилцуулав. Тэндээс тус кино үнэхээр монголын кино урлагт цензур тогтоож, шинэ шатанд гаргах уу гэх асуултыг өөртөө тээсээр гарсан. Харин одоо хоёр сар гаруйн дотор хугацаа урт, нэг ангидаа цогц үйл явдал өгүүлэх, бүрэн хэмжээний уран сайхны киноны хэв шинжтэй, цөөхөн анги, олон бүлэг телевизийн цувралын жишгийг монголд нэвтрүүлэх зорилготой 37-р точка” киноны нэгдүгээр бүлгийн долоон анги үзэгчдийн хүртээл болоод байна.

Өнөөх л асуултаа бодсон хэвээр эхний ангийг үзэхэд төмөр замын өртөөний буйдхан амьдрал, хэдэн шавар байшин, байшингийн гадаа хэц дээр өлгөсөн хувцаснууд, томдсон малгай духлуулсан хэсэг жаалууд нэгнээ шоглох зэрэг ахуйлаг үйл явдлууд өрнөж байв. Аливаа киноны эхлэлийн 10 минут хамгийн чухал. Киноны эхлэл хэсэгт гол дүрүүд болоод, ерөнхий агуулгыг танилцуулах үүрэгтэй байдаг. “37-р точка” Ялалтын түүхээр эхэлдэг. Тиймээс Ялалт бол киног зангидаж буй хамгийн чухал дүр юм. Цаашид Ялалт киног хэрхэн эргүүлэх нь сонирхолтой. Улмаар төмөр замын өртөөний хүүхдүүд том болцгоов. Өртөөндөө амьдрах замгүй болсон ах дүүс хотод ирснээр дараагийн ангиуд хөвөрнө. Амьдрал тэдний бодсон шиг байсангүй. Долоон ангийн турш олон ч зүйл болсон.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#5 АСАШЁОРЮҮГИЙН АВГА ДҮҮ ЦОЛОНД ХҮРСЭН ШИНЭ БАНЦҮКЭ
 


Японы сүмо бөхийн холбооноос ирэх сард Фүкүокад эхлэх Кюүшюү башёгийн банцүкэг танилцууллаа. Ёкозүна Какүрюү гурван башё дараалан, зүүн жигүүрийг магнайлж байна. Ирэх тэмцээн бол түүний хувьд Мичинокү дэвжээнээс барилдах анхны башё болох юм. Гоэйдо 32 башё озэки цолтой барилдаж байгаа нь түүхэнд тавд бичигдэх амжилт боллоо. Чиёотайкай, Кайо нар озэки цолтой 65 тэмцээнд орсон нь рекорд амжилт юм.

Өнгөрсөн тэмцээнд 12 давсан Такакэйшёо озэки цолоо эргүүлэн авсан бол Точиношин озэки цолоо алдаж, сэкивакэ боллоо. Кюүшюүд 10 давбал цолоо буцаан авна. Асанояма комүсүби болсноор 13 жилийн дараа мэргэжлийн сүмо дөрвөн комүсүбитэй болж байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top