УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай ярилцлаа.
-УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Үрэлгэн, төсвийн орлогыг өөдрөг төсөөлсөн байна гэсэн шүүмжлэл гараад эхэллээ. Таны хувьд төсвийн төслийг хэрхэн харж байна вэ?
-Энэ жилийн төсвийн тухайд би чуулганы хуралдааны үеэр байр сууриа илэрхийлсэн. Их л өөдрөг төсөв болсон доо. 13 их наяд төгрөгийн зарлага гаргаж, төсвийн алдагдал хоёр их наяд төгрөг байхаар тооцсон байна лээ. Гэтэл ирэх жилүүдэд хүлээгдэж байгаа бонд, зээлийн хугацаат төлбөрүүд бий. Тэр эрсдэлүүдээ тооцон төсвийн төлөвлөлтөө эргэж харах хэрэгтэй гэж би хувьдаа бодож байгаа. Товчхондоо, бидэнд боломж байгаа бол дэмий үрэлгэн зардал гаргахын оронд төсвийн алдагдлаа бууруулаад бага ч гэсэн хуримтлал үүсгэж нөгөө өр авлагаа дарахад чиглүүлбэл зөв биш үү гэсэн үг.
-2020 оны улсын төсвийн төсөл дээр УИХ-аас гарсан ажлын хэсэгт та орсон байна лээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан хоёр ч удаа зарлагдаад хуралдаагүй. Ажлын хэсгийн хуралдаан нэлээд ширүүн болов уу?
-Ажлын хэсэг нэг удаа хуралдсан. Ингэхдээ аудитын дүгнэлт, төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зөвлөмж, ажлын хэсгийн гишүүдийн саналыг сонссон. Төсвийн ажлын хэсэг ямар зарчмаар ажиллах вэ гэдгээ ярилцсан. Миний хувьд төсвийн хөрөнгө оруулалтыг жаахан эргэж харах ёстой гэдэг байр сууриа илэрхийлсэн. Нэгдүгээрт аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтыг ижил түвшинд төлөвлөх, хоёрт шинээр эхлэх конторын барилгуудыг бүгдийг нь царцаая, үр ашиггүй хөрөнгө оруулалтуудыг зогсоох тухай саналаа хэлсэн.
Аудитын дүгнэлтэд ч 365 тэрбум орчим төгрөгийн 91 барилга, байшингийн хөрөнгө оруулалтыг онц шаардлагагүй хөрөнгө оруулалт гэж үзсэн байна лээ. Үүнтэй санал нэг байгаа. Би УИХ-д гурав дахь удаагаа сууж байна. Ер нь сонгуулийн урд жилийн төсвийг сонгуультай холбон ярьдаг олон нийт ч тэгж шүүмжилдэг. Тэглээ гээд сонгуульд ямар нэг нөлөө үзүүлэхгүй шүү дээ. Харин ч сонгуулийн жил баахан шинэ объект эхэлснээрээ дараа дараагийнхаа жилийн төсвүүдэд хүндрэл авчирдаг. Яагаад гэвэл нэгэнт эхэлсэн юмыг дуусгах шаардлагатай болно. Ингээд дутуу барилга, хөрөнгө түгжсэн асуудал гардаг учраас бид зоригтой өөрчлөлт хийчихвэл яасан юм бэ гэдэг саналыг хэлж байгаа. Дээр нь “Саарал жагсаалт”-д орсонтой холбоотой шинэ нөхцөл үүсчихлээ. Сангийн сайд “айхтар онцын нөлөөлөл байхгүй” гэж яриад байгаа. Гэхдээ учир мэдэх мэргэжлийн улсууд энэ жилдээ нөлөөлдөггүй юм гэхэд дунд болон урт хугацаандаа тодорхой түвшинд нөлөөлнө гэж ярьж бичээд л байгааг анхаарах хэрэгтэй.
-Хөрөнгө оруулалтын хувьд төсөв дээр гишүүдийн тойрогт жигд хоёр тэрбум төгрөг тавьсан гэдэг. Гэхдээ Хэнтийд их, Хөвсгөлд бага ч гэдэг юм уу гомдол гараад байна. Үнэндээ, Хэнтийд бол зөндөө ажил хийгдэх юм билээ л дээ?
-Би төсвийн хөрөнгө оруулалтын талаар шүүмжлэлтэй хандаж байгаа. Ингэхдээ дотор нь байгаа барилга, байшингуудыг онцлоод хөндөөд байгаа юм биш, ерөөсөө л жигд биш байна гэдгийг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл, Дархан-Уул аймагт 33 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсан хэр нь Хэнтийд 142 тэрбум, Увсад 49 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьчихсан байх жишээтэй байна. Үүнийгээ эргэн харж аймгуудын хөрөнгө оруулалтаа жигдлээч гэж байгаа юм. Өнөөдөр Хэнтийд тавигдсан төсвийг аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд гэж тайлбарлаад байна. Гэтэл тэнд Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа аялал жуулчлалын төвийг Батноров сум Бэрх тосгонд 3.2 тэрбум төгрөгөөр барина гээд байх жишээтэй. Аялал жуулчлал хөгжүүлэхэд музей хэрэгтэй байж болно. Энд тэнд сумдад музей бариад байх санхүүгийн боломж байгаа билүү. Ойрын жилүүдийн төлөх төлбөр маань хэд билээ гээд бодоход арай л тансаг төсөв болсон гэж үзэхээр байгаа юм.
Иргэний агаарын тээврийн талаар төрөөс баримтлах үзэл баримтлалдаа өөрчлөлт оруулаад агаарын тээврийн орлого нэмэгдүүлэх, зорчигчийн тоогоо нэмэгдүүлэх боломжийг бий болгосон. Одоо яаж нислэгийн тоо, тээвэр, хүлээн авах чадварыг нэмэгдүүлэх, хэрхэн тийзний үнийг бууруулж гадаад, дотоодын жуулчдын эргэлтийг эрчимжүүлэх вэ гээд зүгээр энгийн логикоор бодоход хөрөнгө бага зарах ажлаасаа эхэлбэл зүгээр юм уу гэж бодож байна. Мэдээж, Чингисийн музей баръя гэхэд үгүй гэх монгол хүн байхгүй. Гэхдээ цаг хугацааны хувьд төлөх өр төлбөр төлбөр нь тулчихсан байхад аялал жуулчлал хөгжүүлнэ гэдэг нэрээр хэзээ дуусах нь тодорхойгүй зүйл рүү мөнгө цацаж царцаагаад байх нь хэр оновчтой юм бол. Би үүнийг л хэлсэн. Түүнээс биш аялал жуулчлал хөгжүүлэхэд садаа болох санал гомдол хэлээгүй л гэж бодож байна.
-Та сонгууль угтаж юм хийгээд сонгуульд нөлөөлдөг ч юм биш гэлээ. Төсвийг харахад барилга, байшингаас гадна халамжийн чиглэлд бас нэлээд хөрөнгө тусгасан байсан. Цалин тэтгэвэр, МСҮТ-д суралцагчдын урамшуулал нэмэх, эхчүүдэд тэтгэвэрт гарахад нь төрүүлсэн хүүхдийн тоогоор 1.5 жил тооцох хуулийг хэрэгжүүлэх гэх мэт өчнөөн зүйлүүд байна лээ?
-Харин энэ жилийн төсөвт суусан сайшаалтай юмнууд бол нийгмийн хамгааллын чиглэлийн асуудлууд байгаа юм. Эдгээр нь намын мөрийн хөтөлбөрт, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч байгаа. Шийдэх ёстой асуудлуудын нэг мөн үү гэвэл гарцаагүй мөн. Нийгмийн хамгааллын чиглэлээр суусан төсвүүд, түүнд орж байгаа тогтоол, хуулийн өөрчлөлтүүдийг бүрэн дүүрэн дэмжиж байгаа.
-Тойргуудад суусан төсвийн хөрөнгө оруулалт ялгавартай байна гэлээ. Тухайлбал, таны тойрог дээр хөрөнгө оруулалт шаардсан ямар чухал ажил байгаа вэ?
-Энэ жил УИХ-ын гишүүдэд хоёр тэрбум төгрөгт багтааж тойрог дээрээ хийх ажлаа төлөвлөөрэй гэсэн чиглэл өгсөн. Би үүний дагуу хийж өгсөн. Харамсалтай нь, манай тосгоны сургуулийг хасчихсан байна лээ. Уг нь Засгийн газрын гишүүн нь өөрөө очоод амлачихсан зүйл байсан юм.
-Тосгон гэхээр?
-Миний тойрог л доо. Дархан-Уул аймгийн Дархан сумын нэг, хоёр, гуравдугаар баг гээд 16 орчим мянган хүн амтай том гурван баг байна. Энэ гурван багийн дунд ганцхан сургууль байдаг. Тэр ганц сургуулийн хуучин ашиглаж байсан байр нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон учраас нураагаад талбайг нь шинэ сургууль барихад зориулаад цэвэрлэчихсэн. Шинэ сургуулийн барилга эхлүүлэхээр улсын төсөвт суулгаад байсан мөнгийг хасчихсан. Би УИХ дахь МАН-ын бүлгийн дарга болон Сангийн сайдад ингэж болохгүй гэдгийг хэлж байгаа. “Та нарын хэлсэн хоёр тэрбум төгрөгт багтаагаад хөрөнгө тавьсан. Тэр сургуулийг хасч болохгүй, буцаагаад оруулаарай” гэсэн шаардлага тавьж байгаа.
-Хэрэв барихгүй бол тэнд сургууль байхгүй гэсэн үг үү?
-Байхгүй. Нөгөө улсын хэмжээнд сургуулиудыг хоёр ээлжинд орууллаа гэдэг яриа худлаа болж хувирах байхгүй юу. Тийм учраас тэр сургуулийг заавал оруулах ёстой гээд байгаа юм. Хоёрдугаарт, Шарын голын зам байна. Энэ зам дээр төсөвт өртгийг нь дутуу тавьчихаад байгаа. 41.5 тэрбумаар төсөвт өртгийг нь тооцоод ирэх жил дуусгах ёстой.
-“Саарал жагсаалт”-ын талаар та дээр цухас дурдаад өнгөрлөө. Одоо бол энэ явдалтай холбогдуулаад зарим хүмүүст хариуцлага тооцох талаар яриа гараад эхэллээ?
-Ний нуугүй хэлэхэд би УИХ-ын даргад шүүмжлэлтэй хандаж байгаа. “Саарал жагсаалт”-д орлоо гэнгүүт хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр дамжуулж Монголын нийгэмд буруутан нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо гэдэг ойлголтыг өгөөд, хариуцсан хүмүүс нь ажлаа өг гэдгийг шаардаж эхэлж байна. Худлаа мэдээлэлд тулгуурлаж халаа сэлгээ хийх гэсэн санаагаа гүйцэлдүүлэх гэж байгаад нь шүүмжлэлтэй хандаж байгаа. Өөрөөр хэлбэл, ард нийт бол ерөөсөө л Монголбанк, СЗХ-ноос болоод “саарал жагсаалт”-д орчихлоо гэсэн ойлголттой болж байна шүү дээ. Үнэн хэрэгтээ өнгөрсөн жил мөнгөний бодлогоо батлахдаа Монгол улсын Засгийн газар, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороонд маш тодорхой чиглэлтэй тогтоол баталж өгсөн байгаа түүнийг хэрэгжүүлээгүйгээс л болсон юм байна гэж үзэж байна. Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо хоёрыг огт буруугүй гэж хамгаалаад байгаа юм бол байхгүй. Яаж хурдан “саарал жагсаалт”-аас гарах вэ гэдгийгээ л бодох хэрэгтэй.
-Чуулганаар мөнгөний бодлогыг хэлэлцэж байх үеэр та энэ талаар байр сууриа илэрхийлсэн санагдаж байна?
-Би үг хэлэхдээ өнгөрсөн жилийн Төрөөс баримтлах мөнгөний бодлогыг хэлэлцэхэд гаргасан УИХ-ын тогтоолын нэгдүгээр заалтыг уншиж өгсөн юм. Уг тогтоолын терроризм, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хэсэгт хамгийн түрүүнд Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд гээд даалгачихсан заалтууд байгаа. Гэтэл тэр Терроризмтой тэмцэх үндэсний зөвлөлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд ахалж байгаа. Хэрэв ингэж цогцоор нь авч үзвэл яг хариуцлага тооцох субъект нь гарцаа байхгүй Засгийн газрын холбогдох яамд, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо. “Саарал жагсаалт”-аас гарах дөрвөн заалттай зөвлөмжийг тэртэй тэргүй ФАТФ-аас бидэнд өгчихсөн шүү дээ. Тэр “Саарал жагсаалт”-д орсон дөрвөн заалт дотор нь банкны систем, банктай холбоотой үг үсэг байхгүй. Хууль, хяналтын байгууллагын хийх ёстой ажлыг л дурдсан байгаа. “Саарал жагсаалт”-д орох асуудал ерөөсөө ганцхан энэ жил бий болчихсон юм биш. Тодорхой хугацаанд үүрэг даалгавар өгсөөр байтал Засгийн газар нь ч тэр, холбогдох байгууллагууд нь ч анхаарлаа хандуулахгүй явсаар үүнд орчихож байгаа юм.
-Тэгээд ер нь зовлонтой юм аа. “Саарал жагсаалт”-д орсон сургаар ам.долларын ханш 60 төгрөгөөр нэмэгдэж хасагдан хэлбэлзэж байна?
-Би эрх мэдэл бүхий ажил албатай улсуудад энэ “Саарал жагсаалт”-аар улс төр хийхээ болиоч гэж хэлмээр байна. Одоо бид хамгийн гол нь яаж “саарал жагсаалт”-аас гарах вэ гэдэг юмыг маш нухацтай хэлэлцээд, богино хугацаанд үүнээс гарах замаа хайх хэрэгтэй. Түүнээс буруутан хайгаад “Чи ч буруутан, чамайг ажлаас чинь солино” гээд байж таарахгүй. Хүн ажлаас нь солиод өргөс авсан юм шиг зүгээр болоод явчихгүй. Харин ч шинэ хүн тавиад, тэр нь дахиад өнөө ажил төрөлдөө уялдаж, дасаж, танилцах гэсээр байтал сонгууль болоод юун саарал байтугай хар луу орчих вий гэдэг болгоомжлолыг эдийн засаг, санхүү мэддэг хүмүүс яриад эхэллээ. Тэгэхээр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы хэлдэг тэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хаалттай хуралдаанаар яг юунаас болсон юм гэдгийг ярилцъя гээд байгаа бол маш зөв.
Тухайлбал, Н.Баяртсайхан ерөнхийлөгч хэлсэн шүү дээ. ФАТФ-ын хурлаар Исландыг “саарал жагсаалт”-д оруулна гэхэд Европын маш олон орон оруулахгүй гээд тэмцэж, ярьж хэлж байна. Исландын Засгийн газар ФАТФ-ын гишүүн орнууд руу сайд нартаа томилолт өгч явуулан холбогдох хүмүүстэй нь уулзуулж “саарал жагсаалт”-д оруулахгүйн тулд хэрхэн анхаарч ажилласан тухай ярьсан. Харин манай Засгийн газар яаж ажиллав аа. Мөн Бангладешийг оруулна гэхэд олон орон “хар жагсаалт”-д оруулахгүй гэж яриад аваад үлдэж байна. Монголыг гэтэл нэг ч орон, юу ч дуугарахгүй “саарал жагсаалт”-д шууд оруулж байна гэж. Тэгвэл үүний шалтгаан юу вэ. Үүнийг янз бүрийн шуугиан дэгдээгээд байхгүйгээр хаалттай хэлэлцье гэдгийг нь би зөв гэж бодож байгаа. Бид юун дээр алдав, юуг анхаарах ёстой юм гэдгээ эхэлж ухаарч аваад, үүнээсээ гарах арга замаа хайх ёстой. Түүнээс биш ерөөсөө энийг солъё, тэрийг халъя гэдэг болчимгүй үйлдлийг юу юуны туханд хүрэлгүй гаргаж ирэх нь нийгэмд дахиад асар их сөрөг үр дагавартай гэж бодож байгаа.
-Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэг, Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсан. Одоо зөвшилцөх ажил явагдаж байх шиг байна. Өнгөрсөн Баасан гарагийн чуулганаар Үндсэн хуулийг гуравдугаар хэлэлцүүлгээр батлах УИХ-ын тогтоолыг хэлэлцэхийг парламент дэмжлээ. АН-ын хувьд Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх, УИХ-ын сонгуулийг холимог болгох гэсэн гурван санал тавиад байгаа. Түүнийг хүлээж авах боломж бололцоо ямар байгаа бол?
-УИХ тодорхой хоёр тогтоол баталлаа шүү дээ. Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолоо хүчингүй болголоо. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийх хугацааг товлолоо. Тэгэхээр гурав дахь хэлэлцүүлгийг хийгээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батална гэсэн үг. Ингэхийн тулд ажлын хэсэг гарсан, ажиллаж байгаа. АН-аас тавьсан гурван саналыг яаж хүлээж авах уу гэдгийг мэдээж ажлын хэсэг дээр зөвшилцөнө. Тэгээд УИХ дахь намын бүлгээр орно. Бүлэг дээр гишүүд үгээ хэлэх байх. Бид ямар ч тохиолдолд олонхын шийдвэрээ дагаад явахаас өөр гарц үлдсэнгүй шүү дээ.
-Уг нь Ард нийтийн санал асуулга явуулаад дэмжигдсэн бол Ерөнхийлөгчийн хориг, Үндсэн хуулийн цэц гэхгүй шууд батлагдах байсан байх. Одоо ямар болгоомжлол байна гэхээр дахиад Ерөнхийлөгч хориг тавьчих байх, Үндсэн хуулийн цэц дээр асуудал үүсэх болов уу гэсэн яриа байна?
-Яахав, тийм болгоомжлол явж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ Ерөнхийлөгч дахиж хориг тавихгүй болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл бидэнд “тогтоол гаргасан хуулиар та нар Үндсэн хууль зөрччихлөө. Энэ хуулиа засч залруул өөр ярих юм байхгүй” хэмээн хориг тавьсан гэж ойлгосон. УИХ хоригийг хүлээж аваад тэр тогтоолыг гаргасан хуулийн заалтаа засч залруулчихсан. Дахиад хориг тавьчихвал яах вэ гэдэг эрсдэл ирэх нь мэдээж, УИХ хоригийг хүлээж авах эсэхээ шийднэ шүү дээ.
-Та Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл дотор санал нийлэхгүй зүйл байна гэж өмнө нь байр сууриа илэрхийлж байсан. Одоо таны байр суурь ямар болсон бэ?
-Шүүхийн хараат бус байдлын тухайд бидний анхны томьёолж оруулснаар бол есөн зүйл заалттай томьёолол байсан. Тэр нэлээд чамбай болсон байсан. Үндсэндээ үүнийг өөрчлөөд гурван зүйл заалт болгосон. Гэхдээ одоо байгаагаас нь сайжруулсан. Ний нуугүй хэлэхэд би зургаагийн хоёр дээр сэтгэл дундуур байгаа. Тэр заалтын “стратегийн ач холбогдол бүхий орд газрын өгөөжийн дийлэнх хэсэг” гэдэг. Намайг ингээд хэлэхээр олигархуудын талд орж байна, эх орноо гадныханд худалдах гэж байна гээд олон яриа гарах байх. Юм мэддэг хүмүүс сэтгэл нь зовниод “Дийлэнх гэдгийг гуравны хоёр гэж барууны орнууд хүлээж авна шүү. Гуравны хоёр гэдгээр хүлээж авбал манайд хөрөнгө оруулагчид орж ирэх үү, үгүй юу гэдгийг та нар сайн бодооч” гэж хэлээд байгаа юм. Яг энэ хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилладаг, гадаад дотоодод боловсрол эзэмшсэн олон хүн ярьж байгаа. Тийм болохоор миний хувьд энэ зургаагийн хоёрыг дахиж хянаж үзэж болохгүй юу гэдэг саналаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёр, гуравдугаар хэлэлцүүлэг дээр боломж гарвал хэлнэ. Авна гэвэл авна биз, авахгүй гэвэл түүгээрээ батлаад цаашаа явах ийм л болж байгаа шүү дээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 5 )
Хаян гишуун зов ярьж байна. Дэмжихээ естой.\n
МАНАН АРИЛЖ НАР ГАРАХЫГ ҮЗНЭ ШҮҮ. АРД ТҮМЭН.2020 ОН МАНАНГ ҮДЭХ ЖИЛ.
ЭНЭ МАНАН -Г АХИЖ УЛС ТӨРД ХӨЛ ТАВИУЛЖ БОЛОХГҮЙ...ӨНӨӨ АМ БАРДАН БИЕ ШАЛДАН ГЭДЭГ ЧИНЬ МӨН....ДАРХАНГ ДАМПУУРУУЛСАН..ОДОО ЮУ СЭДЭЖ БГААГ ТААШГҮЙ ХУВИРАМТГАЙ...ХАРИН МЭНГЭТ БОЛ ЧИГЭЭРЭЭ ЯВААД Л ДУУСЧ БНА ДАА...
ЭНЭ МАНАН -Г АХИЖ УЛС ТӨРД ХӨЛ ТАВИУЛЖ БОЛОХГҮЙ...ӨНӨӨ АМ БАРДАН БИЕ ШАЛДАН ГЭДЭГ ЧИНЬ МӨН....ДАРХАНГ ДАМПУУРУУЛСАН..ОДОО ЮУ СЭДЭЖ БГААГ ТААШГҮЙ ХУВИРАМТГАЙ...ХАРИН МЭНГЭТ БОЛ ЧИГЭЭРЭЭ ЯВААД Л ДУУСЧ БНА ДАА...
МАН 20 ОНЫ СОНГУУЛЬД ЭНЭ НӨХРИЙГ НЭГ ӨНЖӨӨХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНАА. ЦАГ НЬ БОЛСОН ХҮН БАЙНА.