Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Их Британийн ЕХ-ноос гарах /Брексит/ хугацааг 2020 оны нэгдүгээр 31 хүртэл гурван сараар сунгах Европын холбооноос тавьсан саналыг дэмжжээ. Тэрбээр Европын зөвлөлийн тэргүүн Доналд Тускт явуулсан захидалдаа Беннийн гэх тодотголтой Брекситийн тухай хуулийн дагуу ЕХ-ны саналыг зөвшөөрөхөөс өөр сонголтгүй гээд гэвч Брекситийн хугацааг сунгах нь Британийн ардчилал болон Лондон, ЕХ-ны харилцаанд хохиролтой хэмээн дурджээ.
Нэгэнт Британийн парламент ЕХ-той тохиролцсон гэрээг батлахгүй, Брекситийн хугацааг сунгах хүсэлт тавьсаар байгаа тул парламентын ээлжит бус сонгууль явуулж, асуудлыг шийдэх өөр арга зам байхгүй гэж Борис Жонсон учирласан байна. Тэрбээр Лондон, Брюссель ойрын хугацаанд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах талаар яриа хэлэлцээ эхлүүлнэ гэж найдаж буйгаа илэрхийлжээ.
Борис Жонсоны энэ даваа гарагт Нийтийн танхимд хүргүүлсэн ээлжит бус сонгуулийг арванхоёрдугаар сарын 12-нд явуулах тухай саналыг Нийтийн танхим дэмжсэнгүй.
Жонсонд өдгөө үйлчилж буй хуулийн дагуу ээлжит бус сонгууль явуулах санаачилгаа хэрэгжүүлэхэд 434 буюу гуравны хоёр санал шаардлагатай байсан ч саналыг 299 гишүүд дэмжсэн байна. 70 хууль тогтоогчид эсрэг санал өгчээ. Өмнө нь Жонсоны энэ саналыг хоёр ч удаа эсэргүүцэж байсан Лейборист намынхан энэ удаа санал хураалтад оролцохоос түдгэлзжээ.
Гэсэн хэдий ч Борис Жонсон парламентын ээлжит бус сонгууль хийх дөрөв дэх оролдог хийнэ гэж мэдэгдэв. Тэрбээр ээлжит бус сонгуулийг явуулах эсэхийг гуравны хоёр бус энгийн олонхын саналаар шийдэх боломж олгосон хуулийн төслийг өргөн барих гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )