Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч С.Мөнхчулуунтай ярилцлаа. Тэрбээр Нийслэлийн Засаг даргад өрсөлдсөнөөс хойш олон нийтэд төдийлөн байр сууриа илэрхийлж байгаагүй юм.
-Нийслэлийн Засаг даргад та нэр дэвшсэнээс хойш улс төрд төдийгүй, олон нийтэд танигдсан. Таныг өмнө нь ямар ажил, алба хашиж байсныг сонирхмоор байна л даа?
-Хамгийн анх 2009 онд Нийслэлийн өмчийн харилцааны газар бүртгэлийн мэргэжилтнээр орж ажилласан. Концессын тухай хууль 2010 оны нэгдүгээр сард батлагдаад, түүнтэй холбоотойгоор нийслэлийн хэмжээнд концесс хариуцсан хэлтэстэй байх ёстой гэж үзээд анх гурван хүний бүрэлдэхүүнтэй Концессын баг байгуулагдсан. Тэр Концессын багт 2012 оны арванхоёрдугаар сар хүртэл ажиллаж байгаад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдсон. Дүүргийн Тамгын газрын даргаар 2016 он хүртэл ажилласан.
2016 оны аравдугаар сараас нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга, 2017 оны нэгдүгээр сараас 2018 оны арванхоёрдугаар сар хүртэл НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажилласан. Мөн НИТХ дахь тэргүүлэгчээр гурван жил, НИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны даргаар хоёр жил ажилласан.
-2009 оноос өмнө хувийн хэвшилд ажиллаж байв уу?
-Хувийн хэвшилд ажиллаж байсан. Гэхдээ удаан хугацаанд ажиллаагүй. Техникийн их сургуулийн Механик, инженерийн сургуульд сурч байхдаа найзуудтайгаа нийлээд хамгаалалтын компани байгуулан ажиллаж байлаа. Тухайн үед харуул, хамгаалалтын компани байгаагүй. Хамгийн анхны л харуул хамгаалалтын компани байв. Тоглолт, үзвэр үйлчилгээний хамгаалалт хариуцаж ажиллана. Цагдаагийн академи болон Техникийн их сургуулийнхаа оюутнуудыг ажиллуулдаг байв. Хичээлээ тараад чөлөөт цагаараа ажилладаг байлаа. Тэр ажил маань өргөжөөд хамгаалалтын компани болсон. Би өөрөө 2000 онд Техникийн их сургуулиа төгсөөд шууд Герман явсан. Ирээд л шууд төрийн албанд ажилласан.
-МАН-д хэдэн онд элссэн юм бэ?
-Оюутан байхдаа 1999 онд элсэж байсан. Тухайн үед аав, ээжийн нам гээд л элссэн. Түүнээс намын ажилд идэвхтэй ажиллаж байгаагүй. Намд элснийхээ дараа 2000 онд Германд сурахаар явсан. Германд суралцаж байхад 2003 онд тэр үеийн МАН-ын дэргэдэх Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо /одоогийн НАМЗХ/-ны салбар зөвлөлийг байгуулна гээд залуучуудын холбооны удирдлагууд очиж байсан. Европын холбооны салбар зөвлөлийг байгуулалцаад ажиллаж байлаа. Монголдоо 2008 онд ирсэн дариудаа Сонгинохайрхан дүүргийн МАН-ны хорооны улс төрийн ажилтнаар ажилд орсон. Сонгууль болоод дарга, удирдлагууд нь нэр дэвшээд явсан. Тэгээд би улс төрийн ажилтан байсан учраас дүүргийн намын хорооныхоо дэд даргаар сонгогдож, богино хугацаанд ажилласан.
-Хотын даргад та нэр дэвшсэн. Эхний санал хураалтаар ялалт байгуулсан. Яагаад Ерөнхий сайд батламжлаагүй юм бол?
-Хотын даргад нэр дэвшсэн маань учиртай. МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Амарсайханыг хотын даргад нэр дэвшүүлсэн. Гэтэл С.Амарсайхан өмнө нь 2017 оны хоёрдугаар сард ИТХ-ын дарга болохдоо МАН-ын Удирдах зөвлөлөөс нэрийг нь дэвшүүлсэн Д.Баярсайхан гэж хүнтэй заалнаас нэр дэвшиж өрсөлдөөд ИТХ-ын дарга болсон. Харин Нийслэлийн Засаг даргыг 2018 онд сонгох болоход С.Амарсайхан намын бодлогоор дахин нэр дэвшсэн. Тэгээд залуучууд бид ярилцсан л даа. “Яагаад ийм байгаа юм бэ. Намын дотоод ардчилал, шударга ёс, зарчим нь хаана байна вэ” гэж. Намын дүрэмд бол намын бодлого зөрсөн хүнийг хариуцлага тооцно гэсэн заалт бий. Гэтэл намын бодлого сөрж НИТХ-ын даргад өрсөлдөж, дарга болсон хүнийг Засаг дарга болгоё гээд оруулаад ирсэн. Ийм байх юм бол намын бодлого, дүрэм журам гээд яах юм. Цаана нь НИТХ-ын МАН-ын 34 төлөөлөгч байна шүү дээ гэдэг асуудлыг тавьсан. С.Амарсайхан бид хоёрын энэ тохиолдол ижил байхгүй юу. С.Амарсайханыг намын бодлого сөрөөд гараад ирэхээр нь дэмжээд, дахин Засаг даргад нэр дэвшүүлдэг, намайг болохоор намын бодлого сөрсөн гээд хөөчихдөг байж болохгүй л дээ.
С.Амарсайханы анкетыг үзэх юм бол төрийн албаны ямар ч туршлага байхгүй шүү дээ. Төрийн албанд өмнө нь ажиллаж үзээгүй хүн. Нийслэл, төрийн ажил гэдэг бол хэн дуртай нь хийх хүний ажил биш гэдгийг бид ярилцаж байсан. Тиймээс би нэр дэвшсэн. Нэр дэвшихдээ ч дараагийн болох зүйлүүдийг гадарлаж байв. Намайг дэмжиж байсан залуучууд “Чамайг ялаад гараад ирэхэд батламжлахгүй шүү дээ” гэж ярьж байсан. Эрсдэлийг тооцоод нэр дэвшсэн. Гэтэл ялалт байгуулсан ч Ерөнхий сайд батламжлаагүй буцаасан.
Түүний дараа МАН-ын Хяналтын хорооны удирдлагууд “Чамайг дахиад хотын даргад нэр дэвших юм бол намаас хөөнө. Дэвшихгүй байх юм бол асуудлыг ярилцаж болох юм” гэж санал тавьсан. Би дэвшинэ гэдгээ хэлээд гарсан. Би ганц өөрийнхөө асуудлыг яриад яваад байгаагүй. Надад итгэл өгсөн 24 төлөөлөгч байна. Дээрээс нь миний тойргийн гишүүд болон нийслэлийн иргэдээс над руу хандаж “Бууж өгч болохгүй шүү. Битгий буцаарай. Засаг даргын ажлаа хийх ёстой шүү” гэж байсан. Тиймээс олон хүний итгэлийг наймаалах асуудал байж болохгүй учраас дахин өрсөлдсөн.
-Та тухайн үед Ерөнхий сайдтай уулзсан уу?
-Нэг удаа өрөөнд нь орж уулзсан. Би дарга нартай нэг их ойр байдаггүй хүн л дээ. Өөрийнхөө хариуцсан ажлаа хийгээд л явдаг хүн. Даргад очоод хийсэн ажлаа яриад явдаг хүн биш. Тиймээс Ерөнхий сайд намайг сайн мэдэхгүй гэсэн үг. Би Ерөнхий сайдад өөрийнхөө тухай ярьж, цаашид хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулсан. Ерөнхий сайд “Аль нь ч надад хамаагүй. Хоёулаа адилхан манай намын залуучууд байна. Гол нь намынхаа Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Нийслэлийн намын даргатайгаа учраа ололц” гэсэн. Нөгөө талаас шахалт байсан гэсэн үг л дээ.
-Ерөнхий сайдад уу?
-Тийм. С.Амарсайханыг заавал Засаг дарга болгох ёстой гэдэг бодлого явж байсан. Тиймээс би Нийслэлийн намын дарга, намын Ерөнхий нарийн бичгийн даргатайгаа уулзсан. Нэгэнт би ялчихсан юм чинь батлах ёстой шүү гэдгийг хэлсэн. Намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд явна гэдгээ хэлж, ярьсан. Дарга нар наанаа надтай уулзахдаа дэмжиж л байлаа. Гэтэл удалгүй Ерөнхий сайд батламжлахгүй буцаасан. Яагаад буцаасныг сүүлд нь хэнтэй нь ч уулзаж, яриагүй. Ерөнхий сайд болон Д.Сумьяабазар, Д.Амарбаясгалан дарга нартай уулзаагүй. Нэгэнт буцаасан юм чинь нэмэргүй л дээ. Хэдий бодлогоор С.Амарсайханыг нэр дэвшүүлсэн ч шударгаар өрсөлдөөд ялалт байгуулсан хүнээ буцаасан нь ямар нэгэн үндэслэл байх ёстой. Намынхаа нэр хүндийг бодох ёстой байсан даа.
-МАН-д “Хотын”, “Зүүний хүчнийхэн” гээд фракцууд бий. Та аль нэг фракцад нь багтдаг уу?
-МАН-д албан ёсны фракц байхгүй шүү дээ. Зүүний хүчний холбоо гэдэг чинь төрийн бус байгууллага. Төрийн албан хаагч байж байгаад ажлаа өгсөн, эсвэл намд байж байгаад төрийн албанд байгаа хүмүүсийн байгууллага. Дүүргүүдийн Тамгын газрын дарга нар нь тухайн дүүргийнхээ Зүүний хүчний холбоогоо удирдаад явдаг. Гэхдээ би Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга байхдаа дүүргийнхээ Зүүний хүчний холбоог удирдаж байгаагүй. Ер нь би айхтар талцаж, бүлэглэх сонирхолгүй хүн. Би ямар нэгэн фракцад харьяалагддаггүй.
-Таныг нэр дэвшиж байхад М.Энхболд фракцын хүн гэж бичиж байсан. М.Энхболд даргатай ямар холбоотой вэ?
-Би Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга байхдаа ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байхад нь М.Энхболд даргатай нэг удаа орж уулзаж байсан. Бусдаар бол наадмаар, эсвэл “Алтан сарнай” баярын арга хэмжээн дээр таараад хундага тулгадаг ч юм уу. Энэ мэтээр уулзалдаж байсан. Баяр наадам, арга хэмжээн дээр таараад ажил төрөл нь сайн уу гээд гар бариад өнгөрөхийг уулзсан гэж хэлэхгүй байх. М.Энхболд дарга УИХ-ын дарга, МАН-ын даргаар ажиллаж байсан. Бид нар чинь ажил төрлийн хувьд таарах хүмүүс биш шүү дээ. Хувь хүнийхээ хувьд ч уулзалдах боломж байгаагүй. Нийслэлийн намынхан чинь төв намын дарга нартай уулзаад байдаггүй.
Тухайн үед чинь нийтээрээ 60 тэрбум гээд яриа гарчихсан. М.Энхболд гэдэг хүнийг хамгийн аймаар “хадны мангаа” байна гээд ярьдаг болчихсон байсан. Нийгмийг М.Энхболдын эсрэг эргүүлчихсэн байв. Намайг нэр дэвших үед ямар нэг зүйлтэй холбохын тулд Ц.Сандуй даргатай холбосон. Тэр утгаараа намайг Ц.Сандуй даргатай хамт намаас хөөсөн шүү дээ. МАН-ын Хяналтын хорооны дарга надтай уулзахдаа бид хоёрыг хамтад нь хөөнө гэдгээ хэлж байсан. “Чи хэрвээ дахиж дэвшвэл намаас хөөнө. Чамайг намаас хөөхдөө Ц.Сандуйтай хамт хөөнө шүү дээ” гэж байсан. Би тэгэхэд нь “Ц.Сандуйтай хамт хөөдөг нь яаж байгаа юм” гэхэд “Жаран тэрбумынх гэж харагдуулна шүү дээ. Тэгээд наад хүмүүс чинь чамайг дэмжихээ болино” гэж хэлж байгаад хөөсөн. Намайг 60 тэрбумын асуудалтай холбоотой харагдуулах гэсэн нь улс төрийн акц, пиар л байсан даа.
САЙЖРУУЛСАН ТҮЛШ ТАРААХДАА УРЬДЧИЛАН БЭЛТГЭЛЭЭ ХАНГААГҮЙ НЬ АЛДАА БОЛСОН
-Нийслэлийн шинэ удирдлага томилогдоод 200 хоногийн ажлаа тайлагнаж байна. Та нийслэлийн ажлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Эдийн засаг, нийгмийн зорилт, үндсэн чиглэлийн биелэлтийг НИТХ хэлэлцэж байна. Биелэлтийг 80 хувьтай гэж оруулж ирсэн байна лээ. Би бол хангалтгүй гэж үзэж байгаа. Энэ оны есдүгээр сарын 14-ний байдлаар НИТХ-д 2020 оны хөрөнгө оруулалтын ажлын явцыг танилцуулсан. Нийт 460 төсөл арга хэмжээнээс 180 ажлын гэрээ нь хийгдсэн. Түүнээс гүйцэтгэл хийсэн ажил нэг ч байхгүй. Цаана нь үлдсэн 280 ажлын гэрээг хийгээгүй байна.
Тэгэхээр одоо арваннэгдүгээр сар гарч байна. Одоо барилгын ажил хийх боломжгүй. Ийм байхад 80 хувьтай, хангалттай гэж үнэлэх боломжгүй юм. Нийслэлийн ажил явсангүй. Яахав өдөр тутмын захиргааны ажил бол хэвийн үргэлжилж байна. Он дамжсан ажлуудын гүйцэтгэл дуусаад, ашиглалтад орж байгааг иргэд хараад нийслэл ажлаа сайн хийж байна гэж ойлгож байх шиг байна. Тийм биш юм. Энэ бол одоогийн нийслэлийн удирдлагын хийж, хэрэгжүүлж буй ажил биш.
-Хотын агаарын бохирдол бол хамгийн их анхаарал хандуулах асуудал. Энэ жилээс сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүллээ. Гэвч иргэд угаартсан нь санаа зовоож байна?
-Засгийн газраас “Улаанбаатар хотод түүхий нүүрс түлэхгүй” гэдэг захирамж гаргаад хэрэгжиж эхэлсэн. Сайжруулсан түлшийг иргэдэд нэвтрүүлэх ажил нь Засгийн газрын санаачилсан ажил. Ерөнхий сайдын санаачилсан маш зоригтой ажлын нэг л дээ. Улс төрчийн хувьд нүүрс, түлээтэй холбогдсон хүн хэцүү л байдаг юм билээ. Н.Алтанхуяг ерөнхий сайдын үед нүүрсний хэрэг гэж гарч байлаа. Энэ ажлын түгээлтийн ажлыг хот хариуцаж байгаа. Мөн хотоос сайжруулсан түлштэй холбоотой иргэддээ мэдээлэл, сурталчилгаа өгөх ёстой.
Гэтэл хариуцсан ажлаа хангалттай хийж чадахгүй л байна. Би инженер хүн. “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан түлш нь илчлэг ихтэй, хагас коксжуулсан нүүрс. Кг нь 6000 калори илчлэгтэй. Гэтэл өмнө нь хэрэглэж байсан Багануурын нүүрс кг нь 3000 калори илчлэгтэй. Нүүрс бүрэн шатаад агаарт гарахаараа хүлэмжийн хий болоод гарах ёстой. Гэтэл сайжруулсан түлш нь илчлэг ихтэй учраас илүү хүчил төрөгч шаардаад байна. Бидний уламжлалт нүүрс түлдэг байсан зууханд байгаа хүчил төрөгч агаар нь өнөөдрийн сайжруулсан түлшинд хүрэлцэхгүй байна. Дээр үед бол гэрийн зуухны стандарт хариуцдаг байгууллагатай байсан. Өндөр технологийн стандартын зууханд түлэх ёстой сайжруулсан түлшийг бүх төрлийн зууханд хэрэглэх тохиромжтой гэж хэрэглээнд нэвтрүүлсэн нь буруу болсон.
Иргэдэд сайн ойлгуулах ёстой байв. Нэгэнт түүхий нүүрс түлэхгүй гэж байгаа нөхцөлд бэлтгэлээ сайн хангаад, ямар зуух хэрэглэх шаардлагатайг иргэдэд ойлгуулах хэрэгтэй байлаа. Урьдчилан бэлтгэлээ хангаагүй нь алдаа болсон. Ханан пийшин чинь ямар ч яндан байхгүй шүү дээ. Ханан пийшин шатсан түлшний угаарыг дотроо бариад пийшингээ халаадаг. Дээшээ утаагаа гаргахгүй учраас пийшин ямар нэгэн зай завсартай байх юм бол түүгээр нь утаа гарч гэрийг угаартуулах эрсдэлтэй байдаг. Герман, БНСУ-д сайжруулсан түлж хэрэглэж байгаа тохиолдол бий. Зуух нь өндөр стандарттай байдаг юм билээ.
-Иргэдэд өгөх мэдээлэл сурталчилгаа, зөвлөмж муу хийгдсэн юм болов уу гэж ойлгож байна?
-Муу гэж огт хийгээгүй гэж үзэж байгаа. Хэвлэл мэдээллээр иргэд угаартаж байгаа талаар мэдээлэл хүчтэй явснаас хойш иргэдэд мэдээлэл, сурталчилгаа өгөх асуудлыг нийслэл ярьж эхэлсэн. НИТХ дээр сар болгон сайжруулсан түлшний асуудлыг ярихад хотын удирдлагууд “Түлш үйлдвэрлэл сайн явж байгаа. Одоо харин түлш түгээлтэд санхүүжилт хэрэгтэй байна” гэдэг байсан. Нөгөөтээгүүр сайжруулсан түлшний уутан дээрээ “Бүх төрлийн зууханд хэрэглэх боломжтой” гэсэн бичигтэй байгаа. Тэгэхээр өөрсдөө асуудлыг нарийн мэдээгүй гэсэн үг юм. Мэргэжлийн хяналтын дүгнэлтээр “Улаанбаатар хотын гэр хорооллын нийт иргэдийн хэрэглэж буй зуухны 64 хувь нь стандартын шаардлага хангахгүй” гээд гарсан. Гэтэл 64 хувь нь стандарт хангахгүй байгаа зуухтай иргэдэд хүчээр сайжруулсан түлш шууд өгнө гэдэг байж болохгүй. Одоо бол “Тавантолгой түлш” компанийнхан айлуудын янданг хөөлөөд, зуухыг нь битүүлээд засаад яваад байх шиг байна. Үүний дараа арай өөр болох байх.
-Сайжруулсан түлш хэрэглэснээр утаа хэдэн хувь буурах юм бол. НИТХ дээр судалгаа байгаа юу?
-Түүхий нүүрсийг барьцалдуулагчтай нийлүүлээд тоосжилтыг нь аваад үлдчихэж байгаа учраас тодорхой хэмжээгээр буурна. Ойролцоогоор 20-30 хувь буурна гэж ойлгож байгаа.
-Хотын түгжрэлийг бууруулах тал дээр НИТХ, Засаг даргын Тамгын газар яагаад анхаарал хандуулахгүй байна вэ?
-Нийслэлийн МАН-ын хорооны мөрийн хөтөлбөр, мөн Засаг даргын “Аз жаргалтай хот” гэж мөрийн хөтөлбөр бий. Энэ мөрийн хөтөлбөрт “Түгжрэлгүй гудамж, бухимдалгүй хот” гэсэн бүлэг бий. Түгжрэлийг бууруулах чиглэлээр олон ажил хийж хэрэгжүүлэхээр заасан. Энэ хүрээнд тодорхой ажлуудыг хийгээд явж байгаа гэж ойлгож байгаа. С.Батболд даргын үед Налайхын замыг өргөтгөх, Яармаг болон Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил, замын уулзваруудыг олон замын огтлолцол болгох ажлуудыг тусгасан. Энэ ажлууд хийгдээд явж байна.
Мөн нийтийн тээврийг сайжруулах, тусгай замын автобус оруулж ирэх төслийг Азийн хөгж-лийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тусгасан.
Нийтийн тээврийг сайжруулах ёстой. Иргэд тав тухтай зорчих боломжийг бий болговол иргэд машинаа тавиад автобусанд сууна гэж бодож байна. Ингэснээр замын түгжрээ багасна. Нийтийн тээврийн үйлчилгээг хүнд чиглэсэн болгох хэрэгтэй. Хотоос нийтийн тээврийн компаниудад татаасаа хангалттай өгч байна. Тиймээс автобусны үйлчилгээ эрхэлж байгаа компаниуд үйлчилгээгээ сайжруулах ёстой. Гэтэл энэ тал дээр нийслэлийн удирдлагууд маань сайн ажиллахгүй байна.
-Нийтийн тээвэрт автобусны шинэчлэл хийнэ гэж сонсогдлоо?
-Цахилгаан тээвэрт шилжүүлнэ гэж 2018 оноос С.Батболд даргын үед ярьж, ажил нь эхэлсэн. Нийт 100 орчим автобус оруулж ирэхээр хэлэлцэж байсан. Гэвч одоо яасныг мэдэхгүй байна. Манай дээр нэг ийм зүйл байна л даа. С.Батболд даргын үед явж байсан ажил С.Амарсайхан даргын үед хэрэгжихээ больдог. Ц.Сандуй даргын үед хэрэгжиж байсан ажил Р.Дагвын үед зогсчихдог. Ийм асуудал байж болмооргүй байна. Төр иргэд рүү чиглэсэн ажлаа тууштай хэрэгжүүлдэг байх ёстой.
-Саяхан НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан Нийслэлийн Засаг даргыг огцруулах асуудлаар гарын үсэг цуглуулж, таныг гарын үсэг зурсан гэж ойлгосон?
-Ж.Батсайхан төлөөлөгч НИТХ-ын чуулган дээр үг хэлэхдээ “Хотын ажил явахгүй байна. Халаа сэлгээнээс өөр ажил хийсэнгүй” гэдэг асуудлыг хөндөөд огцруулах асуудлыг тавина гэдгээ хэлж байсан. Огцруулах бичигт би гарын үсэг зурсан. Гэхдээ хэчнээн хүн дэмжиж байгааг мэдэхгүй байна. Би дэмжиж гарын үсэг зурсан шалтгаан нь хотын ажил, хөрөнгө оруулалтын ажил сайн хийхгүй байгаа учраас дэмжсэн.
Сэтгэгдэл ( 5 )
Ene stagiin duu geed selemt bujig hiideg hoshnognii umhii nuh u bolson be medeh hun bna uu
Зөв хэлжээ хотын албан ёсны дарга болсонш дээ
Shuud germanaas ireed uls toriin ajiltan boldoggui um. Chi germand ochson nohodiinhoo bogsiig sain dolooson bna
Мөнхчулуун боловсролтой шулуун шудрага ажилч хичээнгүй одоо үед ховордсон залуу гэж харагддаг?! 60-н тэрбум л гэх?!... Үнэндээ энэ чинь гэмт хэрэг бишшдээ?! Зохиомол хэрэг?!... МАН-ын шинэ цагийн хтлмэгдүүлэлтийн нэр томъёо?!
za ta odooo xar tamxia xamaatanuudtaiugaa tatad yvj bail bolno bizdee