ХӨНДӨХ СЭДЭВ: Дүгнэх цагийг хүлээе

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 31

Илүү сартай намар налайж, шөнөдөө арваад хэмийн хүйтэн хонож байгаа энэ үед утаа багассан, багасаагүй гэж маргалдах нь дэндүү эртэдсэн ажил гэлтэй. Хасах хэмд огцом шилжсэн анхны өдрүүдэд олон хүн угаартаж, эрдэнэт хүний амь эрсэдсэн нь нийгмийг цочирдуулсан. Цочирдохоор ч зүйл болсон. Иргэдийн буруутай ажиллагаа, шинэ технологи аль алинд нь байсан биз ээ. Эрдэнэт хүний амь эрсэдсэн ч Засгийн газар шийдвэрээ цуцлахгүй, шахмал түлшийг цаашид хэрэглэнэ гэж УИХ-ын чуулганы индэр дээрээс зоримогхон мэдэгдсэн. Эцсийн үр дүн, шийдлийг харалгүй шийдвэрээ цуцлах Засгийн газар гэж хаана ч байхгүй учраас богино зайд гаргасан энэ шийдвэрийг хувьдаа хүлээн зөвшөөрч байгаа. Ядахад хасах 20 хэмээс дээш хүйтэнд шахмал түлш утаатай, утаагүй, илчтэй илчгүй, хортой хоргүй гэдгийг дүгнэх учиртай. Энд гагцхүү цаг хугацааны асуудал байна. Наана нь элдэв маргаан дэгдээж, нийгэмд айдас хүйдэс түгээх хэрэггүй болов уу. Тэртээ тэргүй өвлийн улирал үүдэн хоймрын зайд амар мэнд эрэн зогсож байгаа энэ үед өнөө маргаашгүй түлшний чанарыг таньж болно гэсэн үг.

Тэгэхээр шахмал түлш, хүний амиар улс төр хийхгүй баймаар. Магадгүй утаагаар дамжуулан олон жил бизнес хийсэн нөхдийн хэтэвч рүү “юм” орохоо больсон учраас янз бүрээр улстөржүүлж байхыг үгүйсгэхгүй. Утаагаар бизнес хийсэн жишээ маш олон байгаагаас гадна утаа, агаарын бохирдлын чиглэлд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, байгуулсан сангийн тоо ч алдагдсан. Агаарын бохирдлыг бууруулах үлгэр “эсгэж” жилийн жилд маш их мөнгө зарцуулж байсны цаана ажил ч байсан, луйвар ч байсан. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 2007-2016 онд улс болон нийслэлийн төсвөөс 119.7 тэрбум төгрөг төсөвлөн зарцуулсан бол олон улсын зээл тусламжийн хүрээнд 87.1 тэрбум төгрөг зарцуулжээ. Тэгвэл зөвхөн Японы “Жайка”-тай хамтарч хоёр шатны төсөл хэрэгжүүлэхэд нийт 2.7 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Мөн зөвхөн “Цэвэр агаар сан”-гаар дамжуулан 92.2 тэрбум төгрөг гаргаснаас гадна “Төслийн зуух” болон зарим олон улсын байгууллагаар дамжуулан авсан мөнгө асар их. Түүнчлэн Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулан, сүүлдээ Ерөнхийлөгч дэргэдээ авч 2014 оны байдлаар гэхэд даруй 250 тэрбум гаруй төгрөг зарцуулсан гээд олон зүйл бий.

Тэгвэл ганцхан жишээ дурдъя. Утааг бууруулах бус зарим улстөрчдийн хэтэвчийг зузаалах зорилготой гэж хардаж болох “Цэвэр агаар сан”-г 2010 онд Засгийн газрын “Тусгай сангийн тухай хууль”-д  нэмэлт өөрчлөлт оруулснаар байгуулжээ. Энэ үед хамтарсан Засгийн газрын тэргүүнээр С.Батболд, Шадар сайдаар Н.Алтанхуяг ажиллаж байв. Улмаар 2012 онд АН засгийн эрх авч, “Цэвэр агаар сан”-гийн үйл ажиллагаа ч идэвхжиж эхэлсэн бөгөөд энэ сангаар дамжих мөнгөний тоо жилээс жилд нэмэгдсээр ирсэн баримт байдаг. Тухайлбал 2013 онд хамгийн том төсвийг 60 тэрбумаар суулгаж өгсөн байдаг. Тодотговол, “Цэвэр агаар” сангийн захирал Н.Хүрэлсүх нь зөвхөн 2012 онд 116 сая төгрөгийг сургалт зохион байгуулах, ажлын хөлс нэрээр 21.440.000, түлш нийлүүлэх гэрээний хүрээнд нэрээр 1.454.079.500, зар сурталчилгаа нэрээр 100.000.000, мөн түлш нийлүүлэх нэрээр 240.000.000 төгрөгийг тус тус танил талынхаа компаниудын дансаар 1.931.519.500 төгрөг хувьдаа завшсаныг шүүх тогтоосон гэхээр энэ сангаар дамжуулан асар их мөнгө завшиж байсныг харж болно. Ийм их мөнгө завшиж ахуй цагт Ерөнхий сайдаар ажиллаж асан Н.Алтанхуяг “Бохирдол, утаа буураагүй ч утааны чанар сайжирсан” хэмээн шүүмжлэлд өртөж байсныг санаж байгаа байх.

Үүнийг яагаад дурдах болсон гэвэл агаарын бохирдол, утаагаар дамжуулан олон жил бизнес хийсэн нөхдийн наймаа “Тавантолгой түлш” компани байгуулж, түүхий нүүрс хориглосноор зогсчихов уу гэж харлаа. Олон жилийн найдвартай бизнесээ алдсан нөхдийн уур цухал нь ийнхүү шахмал түлшийг муулах замаар улс төр хийж байгаа хандлага цухалзаж байна. Мэдээжийн хэрэг, сөрөг хүчнээс үүнийг өлгөн авч улстөржүүлж байгаа. Утаа, агаарын бохирдлоор бизнес хийж байсан нөхөд АН-д ч бий, МАН-д ч бий. Нуух хэрэггүй.

Засгийн газар болон удирдах бүрэлдэхүүн ч улс төрийн янз бүрийн акц даган хуйлрах хэрэггүй гэдгийг салбарынхан хэллээ. Эцсийн үр дүнг харж байж дараа дараагийн шийдлийг гаргах нь зөв гэх бодлоготнууд ч байна. Тэгээд ч эрсдэлгүй ялалт гэж байдаггүй, алдаагүй оноо гэж үгүй. Нөгөө талаар угаартсан иргэдийн хувьд чухам ямар шалтгааны улмаас  амь насаа алдсан бэ гэдгийг хараахан тогтоогоогүй байна. Энэ асуудлыг Цагдаагийн газар болон холбогдох байгууллагууд шалгаж байгаа учраас эцсийн шийдвэр гартал ийм тийм гэж ярих нь илүүц хэрэг. Ямартай ч Санкт Петербург хотын “Бюро Веритась Русь” компанийн “Регион Север Запад” лабораторид “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэсэн шахмал түлшийг шинжлүүлжээ. Харин тус лабораторийн битүүмжилсэн хариуг задлахад “Сайжруулсан шахмал түлш нь 5679.2019 стандартын шаардлагыг хангасан. Хэрэглэж болно” гэсэн байна. Тодотгож хэлбэл, хүний аминд хүрэх, эрүүл мэндэд халтай бодис алга гэсэн хариу ирүүлснийг холбогдох байгууллагууд танилцууллаа. Энэхүү шинжилгээний хариутай дөрөө харшуулан ийм нэртэй хаанахын лаборатори байдаг юм, үнэн худлыг хэн мэдлээ “Регион Север Запад” нэртэй лаборатори дуулаагүй гэх зэргээр хардалт өрнөж байна. Хардах эрх нь хэнд ч нээлттэй хойно яалтай билээ. Ямартай ч “Регион Север Запад”  лаборатори нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эсэхийг мэдэхгүй нь үнэн.

Эрх баригчид, мэргэжлийн багийнхан нийслэлийн утааг 50 хувь бууруулах зорилго тавин шахмал түлшний үйлдвэр байгуулж, түүхий нүүрс хорьсон. Өнөөдөртөө хүйтний эрч чангараагүй учраас утаанд ямар нэг дүгнэлт өгч болохгүй гэдгийг дээр дурдсан. Гэхдээ иргэд олон нийт, тэр тусмаа нийслэлийн утааны голомт дүүрэг хороонд амьдардаг иргэдийн ярьж байгаагаар бол өдийд өглөө оройдоо утаатай болчихдог, энэ жил харьцангуй гайгүй, утаа буурах хандлагатай гэх нь бий. Хамгийн гол нь нийслэлийн хэмжээнд 200 гаруй мянган яндан байдаг. Энэ яндан байгаад тэнд хүн амьдарч байгаа цагт ямар нэгэн байдлаар утаа гарч таарна. Утааг 50 хувь бууруулна гэсэн болохоос биш арилгана гэж хэлээгүй. Тэгэхээр 50 хувь буурдаггүй юм гэхэд бага хэмжээгээр ч болтугай буурах хандлага байгаа нь аль аль талаасаа харагдаж байна. Хэдийгээр сайжруулсан шахмал түлш түлж байгаа ч нийслэлд байгаа 200 гаруй мянган өрхийн утаа нийслэлийг бүрхэнэ. Энэ нь утаагаар бизнес хийгчид, утаагаар улстөр хийгчдийн олз болох зайлшгүй хандлага бий. Нөгөө талаар одоо яригдаж байгаа шахмал түлшний нөөц, нийлүүлэлт гээд бэрхшээл нь ч энэ өвлийн нэгэн дуулиан байх нь зайлшгүй харагдана.

Нөөц гэснээс “Тавантолгой түлш” компаниас өгч байгаа мэдээллээс харахад одоогийн байдлаар нийслэлд 339 цэг ажиллаж, тэнд түлш худалдаалаад эхэлжээ. Дээрээс нь хангамжийн дундын бүс 44 байдаг бөгөөд  300-аад мянган тоннын агуулахтай, түлш дүүргэлт бэлэн болсон гэнэ. Мөн долоон хангамжийн баазтай, энэ нь дүүргээ түлшээр хангах аж. Нийтдээ нийслэлд 504 борлуулалтын цэг байгуулна гэсэн Байгаль орчны яам, нийслэл, “Тавантолгой түлш” компани гуравласан тохироо хийсэн дагуу өдгөө ч цэг байрлуулах, борлуулагч авах ажил явж л байгааг дуулгана лээ. Мэргэжилтнүүдийн хэлснээр бол шахмал түлш нь илчлэгийн хувьд түүхий нүүрснээс хоёр дахин илүү, удаан шатдаг тул нүүрсний хэрэглээ 200 мянган тонноор багасна. Энэ бүгдээс харвал ажил урагшаа явж л байна. Чухам хаана ямар үр дүнтэй очих уу гэдэгт л эцсийн дүгнэлт байгаа юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top