НЭГ СЭДВЭЭР: БУУДАЛ ДАМНАСАН БАРИВЧИЛГАА БА 800 ХЯТАД ИРГЭН
Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт байрлах “Кентавр”, “Амар”, “Ориентал” зочид буудал, “Union building”-ийн оффисын барилгад 500 гаруй хятад иргэнийг баривчлан шалгах ажиллагаа аравдугаар сарын 29-ний оройн 21:00 цаг орчмоос эхлэн үргэлжилж байгааг бид мэдээлж байсан. Тэдгээр иргэний ихэнх нь жуулчны визээр, зарим нь бизнесийн визээр манай улсад зорчиж байсан гэж тогтоогдсон. Өчигдрийн байдлаар Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан баг Хятад Улсын иргэдийг зохион байгуулалттай цахим гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр саатуулан шалгаж байна. Энэ тухай редакцийн сурвалжлах баг “НЭГ СЭДВЭЭР” буланд онцлон, ярилцлага, сурвалжлага, нийтлэл бэлтгэн хүргэж байна.
ХЯТАД ЗАЛУУС 20:00 ЦАГААС ХОЙШ Л ГАДУУР ГАРАХ ЭРХТЭЙ БАЙЖЭЭ
Өглөөний 10:00 цагт манай сонины сурвалжлах баг Баянгол дүүрэгт байрлах “Кентавр” зочид буудлыг зорилоо. Зочид буудлын эргэн тойрон эл хуль, нам гүм дүнсийж харагдана. Хашаан дотор нь гурван машин байрлаж зогссон бөгөөд өчигдөр шөнийн баривчилгаанаас хойш хэнийг ч гаргаж оруулахгүйгээр тус зочид буудлыг цагдаагийн байгууллагын хяналтад бүрэн авчээ. Зочид буудал дотор саатуулсан хятад иргэдийг шалгаж, байцаалт авч байгаа гэдгээс өөр дорвитой мэдээлэл өгсөнгүй. Зочид буудлын ойролцоох айлууд, үйлчилгээний газрууд ч шөнөжин бужигнасан. Юу болсныг сайн ойлгоогүй тухайгаа хэлж байгаа юм. “Кентавр” зочид буудал том цонхтой учраас шөнийн баривчилгааны үеэр гэрэл тусаж, хөшиггүй цонхтой хэсгийн үйл явдал гадна зогсох хүмүүст нэвт шувт харагдаж байсан билээ. Тэгвэл өглөө очиход цонхоор тусах зүйл ч үзэгдсэнгүй.
Иймээс бид дараагийн баривчилгаа явагдсан зочид буудал болох "Амар”-ыг зорилоо. Баянзүрх дүүрэгт байрлах “Амар зочид” буудал нь барилга дотроо хятад ресторан, Хятадын виз мэдүүлэх төв гээд төрөлжсөн цэгүүдтэй байлаа. Ойролцоо байрлах үйлчилгээний төвийн эх сурвалжийн хэлснээр “200 орчим хятад иргэнийг баривчилж шалгаж байгаа сурагтай. Манайх шөнө ажиллаагүй учраас болсон үйл явдлын гэрч болж чадаагүй” гэсэн юм. Харин буудлын гадна хэв журмын гурван цагдаа, зочид буудлын манаач харуулд зогсож, орсон гарсан хүмүүст хяналт тавьж ажиллаж байна. Зогсоолд нь машинаа тавьж хонуулсан иргэд машинаа авах, буудлын ажилчид шаардлагатай тохиолдолд гадагш гарахаас бусдаар хэнийг ч оруулж гаргахгүй байгаа гэнэ. Мөн ямар ч мэдээллийг хэнд ч өгөхгүй хэмээгээд юу ч асуусан “мэдэхгүй” гэх хариулт өгч байх юм. Битүүмжилсэн хоёр ч зочид буудлын хаалга мөргөөд гарсан бид баривчилгаа өрнөж, мөрдөн шалгах үйл ажиллагаа эд явагдаж байгаа дараагийн зочид буудал болох Баянзүрх дүүргийн "Ориентал”-ыг зорихдоо “заавал мэдээлэл авна” гэсэн зорилготой байсан юм. Зорилго ч бүтлээ.
ХЯТАД УЛСЫН ИРГЭД ШӨНИЙН ЦАГААР ХООЛОО АВДАГ БАЙЖЭЭ
“Ориентал” зочид буудал өмнө нь “Зон тон” гэх хятад эзэдтэй саун, дэн буудал ажиллуулдаг компани байжээ. Тус зочид буудлын эзэн Ху Фан нь монголоор ярьдаг, монгол операторын утасны дугаар барьдаг болохыг эх сурвалж мэдээлсэн юм.
Тэрбээр Хятад Улсын иргэн бөгөөд эхнэр нь ч бас БНХАУ-ын иргэн юм байна. Мөн Хятад Улсын өөр нэг иргэн Лин гэгчтэй хамтарч ажилладаг байсан бололтой. Улмаар өнгөрсөн наймдугаар сард зочид буудлаа худалдсанаар ямар үйл ажиллагаа эрхэлдэг болох нь тодорхойгүй болжээ. Өөрөөр хэлбэл, зургаан давхар зочид буудлын гадна хайсыг өндөрсгөж, барилгад нь засвар шинэчлэлүүд хийж, үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний байгууллага гэхэд өдрийн цагаар дэндүү нам гүм байдаг болсон гэнэ.
Энэ сэжигтэй нөхцөл байдлуудын тухай гэрчүүд өгүүлэхдээ “Юу хийж байгаа нь тодорхойгүй. Лав зочид буудал, саунаа ажиллуулахаа больсон байх. Хийж байгаа үйлдлээ нууцлахын тулд хашаа, хайс барьсан байхыг үгүйсгэхгүй” гэсэн юм. Шинэчлэл хийхдээ 100 гаруй оффисын сандал, ширээ зөөвөрлөж байсан нь хачирхалтай. Ингээд 25 хүртэлх насны гэмээр хятад залуус ихэвчлэн оройн цагаар зочид буудлаас гарч ирж тамхилж харагддаг бөгөөд “Гадны хүн орохыг хориглоно” гэсэн бичигтэй зочид буудлын хойно байрлах хоолны газраас өөр газарт зоог барьдаггүй ажээ. Гарч орохдоо дуудлагын машинтай болов уу гэмээр анзаарагддаг гэдгийг эх сурвалж хэлсэн юм.
“Ориентал” зочид буудал нь “Жи Мобайл” компанийн “Жи нэт” интернэтийн сүлжээ ашигладаг байна. Ингэхдээ долоо хоногийн өмнөөс шилэн кабелийн сүлжээгээ өргөсгөсөн гэсэн мэдээлэл бид олж авлаа.
Мөн зочид буудлын доод подволын гараашид нь олон тооны компьютер байдаг гэдгийг анзаарсан хүнтэй таарсан юм. Зочид буудлын ресепшнээс бусад хүмүүс нь хятадууд. 200 орчим хятад иргэнийг зочид буудалд саатуулсан байж болзошгүй гэнэ. Түүнчлэн тэнд байрлаж байсан хятадууд оройн 20:00 цагаас хойш гадагш гардаг бөгөөд бусад үед “цоож”-нд байдаг байж магадгүй аж. Учир нь наймдугаар сард зочид буудлын эзэн шинэчлэгдэхэд “Сүлд” хамгаалалтын албаар хамгаалуулсан хар шил, “ганган” том машинтай “эздүүд” ирсэн гэдгийг ч батлах гэрч байна.
Цааш бид үдийн 01:00 цагийн орчимд Сүхбаатар дүүрэгт байрлах “Union building”-ийн оффисын барилгыг зорилоо.
Тэнд 16-30 орчим насны хятад залуус хэсэг хэсгээрээ орж ирэн барилгын нэг давхарт байрлах ресторанд цайлж байх юм. Хоорондоо төрөлх хэлээрээ ярьцгаана. Тэдэнд орчуулагч н.Насаа гэх Өвөрмонгол эрхэм хөтөч хийдэг бололтой. Түүнээс мэдээлэл авахыг хүсэхэд “Юу болоод байгааг огт ойлгохгүй байна” гэсэн хариулт өгсөн юм.
Хятад залуус үдийн цайндаа орчихоод торонд хятад бэлэн гоймон мэтийн бэлэн бүтээгдэхүүний дээжийг авч орж харагдав. Тэд “Union building”-ийн “С блок”-ийн зургаа, долоодугаар давхрыг түрээсэлж ажиллагаа явуулж байжээ. Мөн л нэгдүгээр давхарт байрлах “Suntime” ресторанаас өөр газарт хооллодоггүй болох нь тогтоогдов. Тэд өглөө 11:00 цаг, үдээс хойш дөрвөөс таван цагт хооллож, хамгийн хачирхалтай нь шөнийн 00:00 цагт ч хооллодог байжээ. Мөн л зочид буудлыг хамгаалалтад авсан учраас дээд давхрууд руу зөвшөөрөлгүй хэнийг ч нэвтрүүлэхгүй байлаа.
Энд байрлаж байгаа Хятад Улсын 150 орчим иргэнийг тус барилгын хоёр давхарт цагдаагийн хамгаалттайгаар шалгаж байна. Энэ хоёр давхрын нэг нь гэхэд дунджаар найман өрөөтэй бөгөөд явган шатны ойролцоох шилэн хаалганы цаана цагдаа нар байрлажээ. Зарим өрөөний хаалга онгорхой. Эмх цэгцгүй нөхцөл байдал ажиглагдана.
Хятад Улсын иргэдээс ашиглаж байсан компьютеруудных нь “Hard”-ыг яаравчлан хурааж авсан бөгөөд Хятадын нэг иргэн гэхэд “Мобиком”-ын хэд хэдэн дугаар зэрэг ашиглаж байсныг эх сурвалж хэлж байна.
Өмнөх зочид буудлуудын нэгэн адилаар Хятад Улсын иргэд оффист байрлаж байгаа өрөөндөө монгол иргэдийг бараг л оруулдаггүй гэнэ. Гэхдээ тэдгээр иргэн том дурантай зургийн аппаратыг цонх руу чиглүүлэн зураг дарж байгааг харсан хүнтэй таарлаа. Аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнөөс эхэлсэн мөрдөн шалгах ажиллагаа өглөөний 07:00 цаг хүртэл тасралтгүй үргэлжилсэн байж магадгүй гэдгийг иргэд мэдээлж байна.
Нэг хоног үргэлжилж байгаа тус шалгалт, мөрдлөгийн үйл ажиллагаа хэзээ дуусахыг тааварлашгүй. Өчигдрийн байдлаар тус үйл явдлын талаар Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яамнаас байр сууриа мэдээлсэн. Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар ч уг асуудлыг хэлэлцэж, ажлын хэсэг байгуулсан гэх мэдээлэл бидэнд байна. Албан бус мэдээллээр БНХАУ-ын иргэдээс 10 мянга гаруй гар утас, 1000 гаруй өндөр үзүүлэлттэй компьютер хурааж аваад байгаа юм. Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй олон тооны гадаад иргэн визний зориулалтыг урвуулан ашиглаж Монгол Улсад нэвтэрсэн нь олны анхаарлыг татсан, урьд болоогүй дуулиан тарив. Иймээс манай сонины сурвалжлах баг үйл явдлыг бодит нөхцөл байдал дээрээс нь дүрслэн сурвалжиллаа.
Хамгийн сүүлийн мэдээллээр 800 гаруй иргэн баригдсан нь тодорхой болоод байгаа юм. Тэдгээр иргэний мэдээллийг өнгөрсөн наймдугаар сараас эхлэн манай улсын холбогдох хууль, хяналтын байгууллагаас судалж, хэрэг явдал өрнөв. Одоогоор хэрэг явдлыг бүрэн хянаж байгаа бөгөөд БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яам ч эерэг уялдаа холбоотой ажиллана гэдгийг мэдээлсэн. Харин өчигдөр өрнөсөн ноцтой мэдээллээс дурдахад “Хятад Улсын харьяат эдгээр иргэн мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй. Монгол Улсын нэг иргэн, Хятад Улсын дөрвөн иргэн үйл ажиллагааг удирдсан” хэмээн мэдэгдсэн. Мэдүүлэгт үндэслэн нэмж Монгол Улсын хоёр иргэн удирдах ажилд нь оролцсон байж болзошгүй байна. Харин үйл явдалд холбогдсон 800 гаруй иргэнийг саатуулах үндэслэлгүй гэж үзэж, удирдсан гэх таван иргэнийг цагдан хорих асуудлаар прокурорын байгууллагад санал хүргүүлжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 6 )
Тэр хятадуудыг зочид буудал барихад нь зөвшөөрөл өгч, газар олгосон хүн хэн бэ? Ми Энхболд, Сундуй нар уу? Монгол улсад хорлон сүйтгэх ажиллагааг зохион байгуулдаг ийм олон төв байгаа нь гарцаагүй, тэдгээр хятадуудыг хөөж хөрөнгийг нь хурааж авах хэрэгтэй.
Mongolchuud aa er n bvdeeree sonor seremjtei bj sejigtei zvil bval darui holbogdoh gazart n medeelj baitsgaya eh ornoo hamgaalahad hvn bvr oroltsoh yostoi shvv neg n niitiin tuluu niit n negiin tuluu
Bairluulj bsan buudluudiin vil ajillahaag zosooj hyanaltand avah heregtei vvren telefonuudiig hamtarch ajillah bolomj olgoson vndesleleer shalgah heretei mungu l olj bval eh ornii erh ashgiig ulandaa gishgeg teneg ydirdlaguudiig zailuul
Тэгвэл тухайн гар утаснуудад ашиглаж байсан дугаар нь Монголын үүрэн телефон Жи Мобайлын дугаарууд байсныг эх сурвалж мэдээлж байна. Тэд ямар бүртгэлээр тухайн дугааруудыг авсан, хэрхэн ашиглаж байсан нь мөрдлөгийн явцад тодорхой болох юм. Мөн үзлэг нэгжлэг хийх үед их хэмжээний доллар, төгрөг олдсон байна.
Хятад солонгос эзэдтэй зочид буудлуудыг нэг мөр шалгах хэрэгтэй.
ГАДААДын иргэдийн хөдөлгөөнд манай байгууллагууд бүрэн хяналт тавьж чаддаггүй юм байна. ХУУЛЬ нь муу учраас байгууллагуудын уялдаа холбоо их муу нь харагдаж байна.