О.Намжинбаатар: Түрээсийн талбайг Монгол Улсын хуулийн дагуу ашиглана гэдэг гэрээтэй байсан

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 12 сарын 12

Өнгөрөгч аравдугаар сарын 30-нд Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажил явуулж, нэр бүхий зочид буудлуудаас цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй 800 гаруй хятад иргэнийг саатуулан, баривчилсан билээ. Эдгээр иргэдийг байршуулж байсан буудлуудын нэг болох “Амар” зочид буудлын эзнийг Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж эхэлсэн тухай манай сайт мэдээлсэн. Тиймээс мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс “Ноён капитал” компанийн ерөнхий захирал О.Намжинбаатараас зарим асуудлыг тодрууллаа.


-“Амар” зочид буудлын эзэн А.Амаржаргалыг хятадуудтай холбоотой хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Энэ мэдээллээс болоод хүмүүст буруу ойлголт, буруу сэтгэгдэл тарсан байна. Тиймээс энэ асуудалд бодит тайлбарыг өөрийнхөө зүгээс өгөх нь зүйтэй гэж бодож байна. “Амар” зочид буудлын эзэн буюу А.Амаржаргал нь миний эхнэр. Бид хоёр гэр бүлийн компанитай. Энэ зочид буудлыг 2017 онд ашиглалтад оруулаад өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор манай эхнэрт  эрүүгийн хэрэг үүсгэсэн зүйл байхгүй. Ажил хөдөлмөрөө хийгээд явж байна. Хоёрдугаарт, буудлын эзэн нь хятад иргэдийг нуух гэрээ хийсэн гэдэг нь гүтгэлгийн чанартай мэдээлэл. Тиймээс энэ мэдээлэлд албан ёсоор няцаалт өгч байна. Бид нар залилан хийгээд, хятадуудыг олноор нь оруулж ирээд нууж байсан зүйл огт байхгүй.

-Хятад иргэдийг зочид буудалд байршуулахдаа гэрээ контракт хийсэн зүйл бий юу?

-Бодит байдал дээр юу болсон бэ гэхээр, онлайн худалдаа үйлчилгээний чиглэлээр манай буудлын хэсгийг түрээслэх тухай гэрээг “Канкри консалтинг” гэх монгол захиралтай компанитай хийсэн. Энэ гэрээг аравдугаар сард хийсэн. Гэрээ хийхдээ Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу түрээсийн гэрээ хийгээд манайд дөнгөж байрлаж эхэлж байсан. Үйл ажиллагаагаа бол эхлээгүй байсан. Ингээд нэг өдөр цагдаа нар орж ирээд л хятадуудыг баривчлаад явсан. Гэрээний зарим заалтаас уншиж өгвөл, түрээсийн талбайг Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн байдлаар ашиглахыг хориглоно, түрээслүүлэгч нь нийт 12 давхар барилгын 4-12 давхрыг оффис буудлын зориулалтаар түрээслүүлнэ мөн түрээслүүлэгч тал нь түрээслэгчийн дотоод үйл ажиллагаанд оролцохгүй бөгөөд шүүхийн өмнө болон хуулийн өмнө ямар нэг хариуцлага хүлээхгүй болно гэсэн заалт бий. Ингээд гэрээ хийгээд сар ч болоогүй байхад нь ийм зүйл болсон. Хэргийг үнэн зөвөөр шалгах байх гэж харж байсан. Гэтэл гүтгэлгийн чанартай зүйлс гарч эхэлсэн учраас үнэн бодит байдлыг тайлбарлах хэрэгтэй.

-Тэгэхээр “Амар” зочид буудлын эзэн А.Амаржаргал нь Эрүүгийн цагдаагийн газарт сэжигтэн болон хохирогчоор шалгагдаж байгаа зүйл байхгүй гэж ойлгож болох уу?

-Тийм зүйл огт байхгүй. Түрээсийн гэрээтэй холбоотойгоор цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгсөн байгаа. Түүнээс өөр зүйл байхгүй.

-Одоо зочид буудал хэвийн ажиллаж байна уу. Хятадуудын байршуулж байсан өрөөнүүд лацтай хэвээрээ юу?

-Хятадуудын байсан өрөөнүүд лацтай хэвээрээ байгаа. Уг нь бол доторх эд зүйлсийг аваад явсан гэсэн. Бидний зүгээс бол гэрээ хийгээд хувийн өмчөө түрээслүүлж байсан л хүмүүс. Нөгөө талаас бизнесийн байгууллага. Тиймээс одоо өрөөнүүдийн лацыг авч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх шаардлагатай байна. Гэрээндээ онцгойлон нэг заалт оруулж өгсөн. Тэр нь юу гэхээр Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, гэрээнд зааснаас өөр зориулалтаар ашигласан тохиолдолд хариуцлагаа өөрсдөө хүлээнэ гэж заасан. Ихэвчлэн Хонг-Конг иргэд байсан. Харин “Канкри консалтинг” компанийн монгол талын захиралтай гэрээлсэн. Бидний зүгээс бол компанийн захирлыг өмнө нь огт таньдаггүй байсан. Бидэнд хятад түнш байхгүй. Тийм учраас бид нар үүнийг урьдаас зохион байгуулсан тийм зүйл огт байхгүй гэдгийг хэлмээр байна.

-Та бүхэн гэрээгээ анх хийхдээ Хонг-Конг иргэдийн бичиг баримтыг шалгаж нягталж үзсэн үү?

-Ерөнхийдөө дээрх компанийн монгол захиралтай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ хийсэн. Буудалд байрлахаар болсон хүмүүсийн бичиг баримтыг үзэхэд бүгдээрээ визтэй, визний хугацаа нь зөвшөөрөлтэй байсан. Дахин хэлэхэд, бид хувийн өмчөө түрээслүүлж байсан хувийн бизнес эрхлэгчид шүү дээ. Хувийн хэвшилд янз бүрийн дарам шахалт үзүүлэх хандлагатай байна. Үүнийг одоо болимоор байна. Энэ үйл явдлаас хойш хэд хэдэн газраас дарамт ирэх боллоо. Бидэнд хэцүү нөхцөл байдал үүсэж байна.

-Манайд гарсан мэдээнд их хэмжээний мөнгө бусдад залилуулсан гэсэн мэдээлэл багтсан. Та үүнд тайлбар өгөхгүй юу?

-Энэ бол хятадуудын хэрэгтэй холбоогүй, огт өөр бизнес байгаа юм. Мэдээлэлд гарсан шиг тэрбум төгрөгийн асуудал байхгүй. Бага хэмжээний мөнгө гуравдагч орны иргэнд залилуулсан тийм зүйл болсон. Энэ асуудлаар бол бид цагдаагийн байгууллагад хандсан байгаа. Долларын машин төхөөрөмж оруулж ирсэн асуудал байхгүй. Энэ асуудлаас болоод хөөцөлдөж байсан банкны зээл хойшлогдсон зэргээр жирийн иргэд бидэнд маш хүнд тусаж байна.

Top