Бүгд найрамдах Балба улсын цагдаа, дотоодын цэрэг гүйцэтгэх ажиллагаа явуулж, тус улсад цахим залилан, мөнгө угаах ажиллагаа явуулсан байж болзошгүй 120 хятад иргэнийг баривчилжээ.
Баривчлагдсан этгээдүүдийн 116 нь эрэгтэй, найм нь эмэгтэй байсан бөгөөд бүгд тус улсад оршин суух визтэй байсан аж.
Балбын цагдаа нар хэргийн газраас чухам хэчнээн хэмжээний компьютер, технологийн хэрэгсэл хураан авсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл зарлаагүй байна. Одоогоор хэргийн газраас хураагдсан их хэмжээний зөөврийн компьютер, гар утас зэргийг хураан авч, битүүмжилжээ.
"Гэмт хэргийн улмаас ийм их тооны гаднын хүмүүсийг баривчлан саатуулж байгаагүй. Энэ бол анхны тохиолдол" гэж Балбын нийслэл Катманду хотын Цагдаагийн газрын дарга Уттам Судеби ярьжээ.
Мөрдөн байцаалтын явцад тус улсын бэлэн мөнгөний машин, investment scam хийсэн байж болзошгүй хэд, хэдэн баримт илэрсэн байна.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хятад иргэд Азийн улс орнуудад их тоогоор нэвтэрч цахим залилан, мөнгө угаах үйл ажиллагаа явуулах нь нэмэгдэж байгаа юм.
Монгол Улсад л гэхэд өнгөрсөн аравдугаар сард 800 гаруй хятад иргэн цахим луйврын хэргээр саатуулагдан, эх орон руу нь албадан буцаасан билээ. Түүнчлэн өнгөрсөн арваннэгдүгээр сард Филиппин улсад 600, Малайз улсад 680 хятад иргэн энэ төрлийн хэргээр саатуулагдсан юм.
Сэтгэгдэл ( 0 )