АНУ, БНСУ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах чиглэлээр авч буй дипломат хүчин чармайлтыг дэмжих үүднээс “Vigilant Ace” агаарын цэргийн хамтарсан сургуулилтаа хойшлуулж магадгүй байна гэж Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг мэдээлжээ.
Уламжлалт ёсоор жил бүрийн арванхоёрдугаар сард зохиодог сургуулилтыг хойшлуулах эсэх талаар эцсийн шийдвэрийг энэ сарын сүүлээр болох тус хоёр улсын батлан хамгаалах яамдын зөвлөгөөнөөр гаргах гэнэ.
Өнгөрсөн жилээс Сөүл, Вашингтон Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг тогтворжуулах зорилгын хүрээнд хэд хэдэн хамтарсан хээрийн сургуулилтыг цуцалж байсан гэж тус мэдээллийн агентлаг онцолсон байна. БНСУ, АНУ-ын хамтарсан сургуулилтыг Хойд Солонгос өдөөн хатгалга гэж үздэг бөгөөд Хойд Солонгосын эрх баригчид АНУ-тай цэргийн хамтарсан сургуулилт хийхээ зогсоохыг Өмнөд Солонгост нэг бус удаа уриалж байжээ.
2018 оны зургаадугаар сарын 12-нд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар хамтарсан тунхагт гарын үсэг зурсан. Баримт бичиг ёсоор Пёньян Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үүрэг хүлээсэн бол, Вашингтоны зүгээс аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөх үүрэг хүлээсэн. 2019 оны хоёрдугаар сард АНУ, БНАСАУ-ын хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт амжилтгүй болж байсан. Өнгөрсөн сарын 5-нд тус хоёр улсын төлөөлөгчид Швед улсад хэлэлцээ хийсэн ч мөн л үр дүнгүй болсон.
БНАСАУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Ким Мён Гил хэлэлцээ үр дүнгүй болсон гээд, АНУ-ын талд өөрийн байр суурийг эргэж харахыг зөвлөж байсан. Харин АНУ-ын Төрийн департамент энэ дүгнэлттэй санал нийлээгүй бөгөөд хэлэлцээг үр дүнтэй болсон гэж мэдэгдэж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )