Энэтхэгийн нийслэлийн Дэли тойрогт агаарын бохирдлын түвшин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон зөвшөөрөгдөх хэмжээнээс олон арав дахин давлаа гэж India Today сэтгүүлд бичжээ.
Дэлхийн хамгийн бохир нийслэлүүдийн нэгт тооцогддог Шинэ Дэли хотын агаарын чанар энэ сард эрс муудаж байгаа аж. Агаарын бохирдлын гол шалтгаан нь намар цагаар тариаланчид тариа будааны хаягдлыг шатаадагтай холбоотой.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд агаарын чанарыг хэмжих боломжгүй байсан аж. Учир нь агаарын чанарыг гурван орон тоогоор хэмждэг багажууд 999 гэсэн заалт дээр зогссон байна. Зөвшөөрөгдөх хэмжээ 0-50 байдаг аж. Шинэ Дэли хотын сургуулиуд олон хоногийн турш хаалгаа бариад байгаа бөгөөд Индира Гандигийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал 40 орчим нислэгийг цуцалжээ. Өтгөн утаа хотын нөмөрсөн тул барилгын ажил явуулах боломжгүй болсон байна.
Даваа гарагаас эхлэн хувийн автомашинд хязгаарлалт тавьж эхэлжээ. Энэ сарын 15-ыг хүртэл сондгой өдрүүдээр сондгой тоогоор төгссөн дугаартай хувийн автомашинууд явахгүй бол тэгш тоотой өдрүүдээр тэгш тоогоор төгссөн дугаартай автомашинууд хязгаарлалтад орох юм. Гэхдээ сургуулийн автобус болон ганцаараа автомашин барьдаг эмэгтэйчүүдэд энэ хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.
Албан мэдээллээр, Энэтхэгийн хойд нутагт хортой утаа нэг сая гаруй хүнийг үхэлд хүргэдэг аж.
Сэтгэгдэл ( 1 )
Албан мэдээллээр, Энэтхэгийн хойд нутагт хортой утаа нэг сая гаруй хүнийг үхэлд хүргэдэг аж. Сая саяаараа үхээд үхээд барагдахгүй хүүрнүүд шүү