Ирэх 2020 онд Нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/-ийг хоёр хувиар нэмэх шийдвэр УИХ-аас гаргасныг эсэргүүцэж, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд өнөөдөр /2019.11.15/ Сангийн яамны гадаа жагсаж, эсэргүүцлээ илэрхийллээ. МҮЭХ-ныхон Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэн шийдвэрээ цуцлах, мөн Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороог яаралтай хуралдуулахыг шаардаж байгаа юм.
Жагсаал зохион байгуулж буй МҮЭХ-ны гишүүд “Нийгмийн даатгалын шимтгэл ирэх онд хоёр хувиар нэмэгдсэнээр ажилтан ажил олгогчдын төлөх татварын хэмжээ 26 хувь болно. Үүн дээр хүн амын орлогын албан татварт ойролцоогоор найман хувийг төлдөг гээд тооцвол авч байгаа цалингийнхаа 35 хувийг шимтгэлд төлөхөөр болж байна. Өөрөөр хэлбэл, нэг сая төгрөгийн цалинтай иргэн 350 орчим мянган төгрөгийг татварт төлнө. Төрийн албаны цалин үе шаттайгаар нэмэгдэж байгаа энэ үед хувийн хэвшилд ажиллаж байгаа ажиллагсад аж ахуйн нэгжүүдэд энэ нь бодит дарамт болох нь мэдээж юм. Нөгөөтээгүүр НДШ нь иргэдэд ач тусаа өгөхгүй байна. Монголын иргэд хөдөлмөрчдийн НДШ-ийн мөнгө үргүйдэж байгаа” гэж байв.
МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Ирэх онд цалин тэтгэврийг нэмэгдүүлэхээр тодорхой мөнгө төсөвт туссан. Гэвч НДШ-ийг нэмэгдүүлснээр цалин тэтгэврийн нэмэгдэл нь нэмэгдэл биш болно. Харин ч иргэдийн цалин нэмэгдэхгүй, хорогдоно. Монгол Улсын Засгийн газар цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх амлалтаа биелүүлсэнгүй. Тийм учраас МҮЭХ-ноос НДШ-ийг эсэргүүцэж, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хандаж, хуулийн төслийг эргэж харах шаардлага тавьж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж 2020 оны төсөвт хориг тавих бүрэн эрхээ хэрэгжүүлж, иргэдийн эрх ашгийг хамгаалж ажиллахыг албан тоотоор уламжилж байна. Ерөнхийлөгчид хориг тавих эрх бий. Хуулийг дахин хэлэлцэх цаг хугацаа байна” гэлээ.
НДШ-ийг нэмэхтэй холбоотойгоор Монгол Улсын 2020 оны төсөвт хориг тавихыг Монгол Улсын Ерөнхийлөгчид албан тоотоор МҮЭХ-ноос хандсан байна.
Жагсаал зохион байгуулагчдын зүгээс НДШ-ийг нэмэгдүүлсэн нь дампуурсан Капитал банканд алдсан Нийгмийн даатгалын сангийн мөнгөө ард түмний халааснаас нэмэлт шимтгэл хэлбэрээр авч шархаа нөхөхөөр болсон гэж байв. МҮЭХ-ныхон Сангийн яамны гадна жагссан ч удалгүй тарсан юм.
Сэтгэгдэл ( 0 )