Монгол Улсын дархан хил тайван байж гэмээнэ хотол даяараа амгалан байдаг. Тэгвэл бидний оюуны санааны гол цөм, уураг тархи, сэтгэлгээний дархан хилийн манаач нар нь зохиолч, яруу найрагчид юм. Нөгөө талаар үндэстэн оршихын хамгийн том шалтгаан нь эх хэл байдаг. Тэгвэл эх хэлний манаачид нь зохиолч, яруу найрагчид гэдэгтэй маргах аргагүй. Хамгийн ойрын жишээ гэхэд нэгэн цагт ноёлон дийлж байсан Манж үндэстний хэл соёлыг устгаснаар өдгөө энэ үндэстэн алга болсныг бид бүгдээрээ мэднэ.
Олон жишээ дурдаад яахав, утга зохиолын хоймор эзэлж асан аваргуудыг ид залуу цагт нь хаана ч явсан өндөр хүндлэл үзүүлдэг, ямар ч дарга нараас эрэмбэ дээгүүр суудаг тийм цаг байсан талаар хуучилдаг. Үе үеийн зохиолчдын бүтээл туурвилыг Монголын ард түмэн “хөхөж” өссөн. Монголын өнөө цагийн шилдэг удирдагчид, бизнес, урлаг, спортын алдартнуудаас эхлээд бүх хүн Дашдоржийн Нацагдорж, Бямбын Ренчин, Цэндийн Дамдинсүрэн, Бэгзийн Явуухулан, Дэндэвийн Пүрэвдорж нарын зохиолуудаар угжуулаагүй 40-өөс дээш насныхан үгүй дээ. Наашлаад ирэхээр Бавуугийн Лхагвасүрэн, Пунцагийн Бадарч, Дөнгөтийн Цоодол, Дамдинсүрэнгийн Урианхай, Шагдарын Дулмаа, Дамбын Төрбат, Цогдоржийн Бавуудорж, Арлааны Эрдэнэ-Очир, Лувсангийн Өлзийтөгсийн шүлэг, үргэлжилсэн үгийн зохиолуудыг уншаагүй, нэрийг нь сонсоогүй хүн байхгүй.
Энэ жил Ядамсүрэнгийн Мөрдэндэвийн мэндэлсний 115, Зо Пай Жингийн Баттулга, Зандраагийн Цэвээн, Нацагийн Буниагийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаа юм. Цаг хугацааны хүрдийг арай нааш нь дөхүүлж харвал нэрт зохиолч Сэнгийн Эрдэнэ, дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 90 жилийн тэгш ой тохиож байна. Төрийн шагналт яруу найрагч Пунцагийн Бадарч, Долгорын Нямаагийн 80, Эрэнжидийн Хархүү, Дөнгөтийн Цоодол, Ширсэдийн Цэнд-Аюуш, Заяатын Ядмаа, Бавуугийн Лхагвасүрэнгийн 75 насны ой шувтарч байх жишээтэй. Дээр нэр дурдагдсан энэ эрхмүүд Монголын утга зохиолын сонгодог төлөөлөгчид мөн. Том утгаараа эх хэлний манаач, энэ улс орны оршин тогтнохын том шалтгааныг бүтээж өгсөн хүмүүс. Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 90 жилийн ой Завхан аймагт болсон болоод өнгөрсөн. Бусад нь чихэнд чимэгтэй ганц мэдээгүйгээр мартагдаж байна.
Монголын зохиолчдын эвлэл өөрийн байраа түрээслэж, түрээсийнхээ мөнгөөр амьтай голтой дэн дун алхаж явна. Тэгвэл оюуны санааны охь болсон мэргэжлийн зохиолчдоо засаг нь харж үздэг билүү. Өнөөдөр зохиолоо бичээд бусдаас дутуугүй амьдрах боломж манай улсад байдаг билүү. Төсөв баталдаг эрхмүүд нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл нэрийн дор 950 сая төгрөгийг зөвхөн өөрсдөдөө зориулан хуваарилдаг, тендерээс эхлээд зувчуулж болох бүх зүйлээ хань хамсаатандаа өгдөг энэ хүмүүс утга зохиолд огтхон ч элэггүй гэдгээ харуулцгааж байна. Их хурлын гишүүд нь тоодоггүй юм гэхэд засаг нь анхаардаг болж болохгүй юу. Оюун санааны сүмбэр оргилуудаа дурсан нэг өдөр хүндэтгэл үзүүлж түүгээр хүмүүсийн оюуны цангааг тайлдаг баймаар байна. Тухайлбал, Монголын үргэлжилсэн үгийн нэгэн тод төлөөлөгчдийн нэг Зан Пай Жингийн Баттулгын мэндэлсний 100 жилийн ойг хэн ч анзааралгүй явсаар он дуусах дөхөж байх юм. З.Баттулга зохиолч 1919 онд Сэлэнгэ аймгийн Хушаат суманд төрсөн. Нэрт зохиолч Дашзэвэгийн Сэнгээтэй нэг голын хүүхдүүд, багадаа өвөр түрийндээ унтаж өссөн гэдэг. Гурван жилийн өмнө Д.Сэнгээгийн мэндэлсний ой тохиоход мөн л чимээгүй байсаар сураг алдарсан. Энэ сумаас мөн Төрийн шагналт Дэмбээгийн Мягмар гэж гайхалтай зохиолч төрсөн бөгөөд Монголын утга зохиолд тод мөртэй явсан ч дүлий дарга нар түүний мэндэлсэн ойг нь мэдээ ч үгүй юм шиг өнгөрүүлж байсныг санаж байна. Утга зохиолд хоноцын сэтгэлээр ханддаг хүйтэн хөндий сэтгэлтнүүд олон болсон нь энэ цагийн гуниг юмсан уу.
З.Баттулга зохиолч "Хөх тэнгэр" роман, "Түвшин төгс", "785 дээр", “Хүүхэн заяа” үргэлжилсэн үгийн бүтээлүүдээрээ олны танил болсон. Эдгээр бүтээл нь Монголын утга зохиолын ай савд үнэт өв болон үлдсэн гэдэгтэй маргах хүн байхгүй. Гэсэн ч хэн нэгэн мэдчих вий гэсэн шиг аймгийнхан нь таг шүү бүр. Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Пунцагийн Бадарч нэгэнтээ "Баттулга гуайг би аугаа их Бямбын Ринченгээс хойш бичгийн эрдэм соёлыг төгс эзэмшсэн хүн гэж боддог юм. Инжинаашийн "Хөх судар" роман, Баттулгын "Хөх тэнгэр" роман хоёр бичгийн хэлний гайхамшгаараа их ойртож очно доо. Харин сүүлийн жилүүдэд "Монголын шилдэг роман" гээд хүмүүс ярихдаа "Хөх тэнгэр"-ийг оруулахгүй байгаад гайхдаг. Үргэлжилсэн үгийн хэд хэдэн цуврал ботиуд гарлаа, түүнд З.Баттулгын зохиол ороогүй. "Хөх тэнгэр" роман доторх бүлгүүдийнхээ өмнө "Утгат тайлбар" буюу дөрвөн мөрт шүлгүүдтэй явдаг нь бахархмаар" хэмээн өгүүлсэн байдаг.
Нүүрэндээ үстэй адгуусыг 500 саяар худалдан авч уралдуулдаг бизнесийнхэнтэй, идэж уух болохоороо хэдэн тэрбумаар нь цусалдаг улстөрчидтэй хэрнээ хэдэн зохиолчийнхоо төрсөн ойн өдрийг тэмдэглэх сэтгэлгүй л явна. Анх дурдсан эрхмүүд Монголын өнцөг булан бүрээс төрөн гарсан хүмүүс. Элдэв янзын нутгийн зөвлөл нь тоодоггүй юм гэхэд орон нутаг нь анхаарч үздэг болоосой. Залуу үедээ ном уншуулж дийлэхгүй байна гэж буруутгадаг хэрнээ номонд дурлуулах чинхүү ажлаа хийхгүй байна, бид. Тав давсан бөхөө байр, машинаар байлдаг нутгийн зөвлөлтэй ч 70 гаруй жил ард түмнээ өөрийн бүтээлээрээ сэтгэлийн цангааг нь тайлсан уран бүтээлчдээ дурсах ч үгүй өнгөрүүлж байгаа нь дэндүү харамсалтай. Их Д.Нацагдоржоос эхтэй шинэ үеийн уран зохиол, түүний ай сав бүрт өөр өөр өөрийн бууриа засч, ард түмнийхээ оюун санаанд зочилсон энэ эрхмүүдээ мартаж даанч болохгүй. Тэдний зовлон жаргалаа хураан байж бичсэн үг үсэг бүхний цаана эх хэл, эх орон тусгаар тогтнол минь бий гэдгийг санах ухаан дутна гэж үү. Эх орон, ард түмэн минь хэмээн цээжээ дэлддэг ч эх орноо чухам юун дээр оршин тогтнож байгааг ойлгохгүй ихэс дээдэстэй юм, бид.
Сэтгэгдэл ( 7 )
Ойд төөрсөн сармагчид гэж дуулддаг билүү Өөрөөсөө бусдыг үл ойшоох нь мөхлийн цондон бус уу Тэмээн тэрэг аажуухнаар хавцал руу дөхнө. Өнгөрсөн үгүй бол ирээдүй үгүй гэдэг ээ Хорвоогийн жамаас хэн гажих вэ арай та нар минь facebook эсэн бустайгаа алгасав даа,наадуул чинь зүгээр л явган явсанаас илүү хөл дүүжлэх унаа төдий Гэвч үүнийг ойлгоход бага сага ухаан хэрэгтэй л дээ Новш гэж
Юм олшрохоороо утгаа алддаг. Үнэхээр сод бүтээл бол заавал балиашиглаж, цоллохгүйгээр үлддэг. Хэчнээн давхар гуншинтай байлаа гээд үлдэхээр бүтээлгүй бол тэр арслан нэртэй хавнаас ѳѳрцгүй. Ой тэмдэглэснээр яруу найргийг хѳгжүүлэх нь хаашаа юм. Энэ нийгэм сэтгэлгээний асар их хѳгжлийн босгон дээр иржээ. Энд бид хуучин гуталтайгаа хол явахгүй. Элдэв новшоо хаяж чадахгүй чирэх юм бол ѳѳрсдѳѳ хог дээр үлдэнэ. Бидний энэ цаг үед хийж чадах гол зүйл бол хуучин зүйлийг ѳнгѳрсѳнд нь үлдээж ѳѳрсдийн ѳнгѳрсѳн ба одоог бодитойгоор баримжаалах. Ингэвэл ирээдүй маань илүү бодьтой болж үр хойчид маань үр дү
Zunduu olon shulegch xemeex sagsuu xarchuul, xuuxnuud UIX-d duudag biz dee. Archaagui amia bodson xuvalzuud shuu.
Бүх юм тухайн цаг үедээ л байдаг. Зохиолчид ч бусад мэргэжлийнхэн ч адилхан л хүн. Нэг их ялгаад дээш нь чангаагаад бусдад тулган хүлээлгэх гээд байх хэрэггүй.
Za ter Sengee metiin namiin pioneriig magtah ni haashaa yum
Urianhai guai yag yaj olon niitiig senhruulsen yum be? Bi esvel nom shagaidaggui neg ni yumu?