Монголбанкны удирдлагыг өөрчилж, банкуудын шалгалтын дүнг бүдгэрүүлэх нь

2019 оны 11 сарын 18

Монголын төр урьд өмнө нь хэзээ л арилжааны банкуудаа шалгах зориг зүрх, чадалтай байлаа даа. Төрд ч дийлдэшгүй байсан гэдгийг “Худалдаа хөгжлийн банк”, “Улаанбаатарын хотын банк” оролцсон “Эрдэнэт”-ийн 49 хувийн наймаа, төрийн 400 тэрбум төгрөгийг завхруулсан “Катитал” банкны дампуурал, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Төрийн банкнаас гэнэтхэн хятад компанид шилжсэн 20 тэрбум төгрөг, “Голомт” банк болон Монгол Улсын Ерөнхий прокурорын албыг хашиж байсан эрхэмтэй холбогддог дөрвөн сая ам.доллар гэх мэт хууль хүчнийхэн нэгэнт мөрөөр нь ороод буй дуулиант хэргүүд ил болгодог. Улсынхаа хөгжил цэцэглэлтэд хөрөнгө оруулах ёстой Хөгжлийн банкны гадаадаас зээлсэн хөрөнгө ч арилжааны банкуудын эздийн гараар орсон тохиолдол ч цөөнгүй.

Гэвч арилжааны банкууд санхүүгийн системийн 90 гаруй хувийг бүрдүүлдэг нэрээр шалгалт шүүлэг гэж дарамтлахаасаа илүүтэй хайрлан хаацайлж ирсэн. Үүний ард асар их хууль бус мөнгө эргэлдэж байж болзошгүйг Олон улсын валютын сангийн зөвлөхүүд харсан учраас 2017 онд арилжааны банкуудад хөндлөнгийн шалгалт оруулах замаар цэгцэлж эхэлсэн байдаг юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь хэзээ ч, хэний ч зориглон хийж байгаагүй санхүүгийн салбарт хуримтлагдсан хамгийн том асуудлуудыг шийдвэрлэх арга хэмжээг үүгээр эхлүүлсэн. Монголд арилжааны банк үүсээд 30 орчим жил болж байгаа ч энэ салбарт анх удаагаа хийсэн активын чанарын үнэлгээг Чех улсад бүртгэлтэй PwC компани гардан гүйцэтгэсэн юм.

ОУВС-гийн хөтөлбөрийн далимаар хийсэн уг шалгалтаар банкууд хагас их наяд төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдалтай болох нь илэрсэн. Банкны өөрийн хөрөнгө дутна гэдэг бол харилцагчдын мөнгийг шаардлагатай хугацаанд нь эргэн гаргаж өгөх чадваргүй болсны дохио байжээ. Тиймээс төв банкны зүгээс арилжааны банкуудын эздэд хугацаатай үүрэг өгч, өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх арга хэмжээ авсан юм. Гэтэл арилжааны банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг  ОУВС хүлээн зөвшөөрөөгүй. Дахин нягтлах шаардлагатай гэж үзэн давтан шалгалт оруулсны улмаас өнөөдөр төрийн ордноо өрнөж буй халаа, сэлгээний асуудал ундарч буй аж.  Тухайлбал, системийн таван толгой банкны нэгд тооцогддог “Голомт”-ын зүгээс өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрээ дахин нягтлуулахаас эрс татгалзаж буйгаа албан бичгээр мэдэгдсэн байдаг. Бусад банкуудын зүгээс мөн л санхүүгийн шалгалтыг анхнаас нь таатай хүлээж аваагүй. Үндсэндээ “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт”, “Улаанбаатар хотын банк”, “Капитрон”, “Чингис хаан”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” зэрэг долоон банк өөрийн хөрөнгийн дутагдалтай гарсан. Тэдний нэг нь өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх арга хэмжээ аваагүйн улмаас өнгөрсөн хавар татан буугдсан “Катитал” банк билээ. Нэгэнт тайлан баланс нь алдагдчихсан учраас өөрч гарц байгаагүй гэдэг. Тус банкны асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдах болсон ч хадгаламж эзэмшигчид нь өнөө хэр хохирлоо барагдуулж чадаагүйн хамгийн том хохирогч нь төр өөрөө. Хууль хяналтынхны зүгээс “Катитал” банкны хөрөнгийг битүүмжилснээр тээг тавиад байгаа гэсэн. Тэгвэл бусад банкны санхүүгийн эх үүсвэрийг ил болгох ач холбогдолтой давтан шалгалтын дүн Монголын талд ирээд багагүй хугацаа өнгөрөөд байна. Дүнг тоймлон хүргэхэд, санхүүгийн тайлан балансаа хуулийн цоорхой ашиглан эрүүл мэт харагдуулсаар ирсэн арилжааны банкууд хуучин аргаа хэрэглэн олон улсын хөндлөнгийн шинжээчдийг хуурах гэж оролдсон бололтой юм. Албаныхны тодорхойлж буйгаар  магадлан шинжлэх аудитыг Сингапурт ажилладаг Америк компани хийсэн бөгөөд Монголын арилжааны банкууд хаанаас гарч ирсэн гэдгийг нь тодорхойлох боломжгүй онц их хэмжээний бэлэн мөнгөөр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж дөнгөжээ. Тэд арилжааны банкууд мөнгөн эх үүсвэрээ яг хаанаас, хэнээс олж ирсэн бэ гэдгийг хөөж, шалгахад, зарим банкны хувьцаа эзэмшигчид “Өөр банкин дахь данснаас ам.доллар авсан. Авсан ам.доллараа банк бус санхүүгийн байгууллага тушаан төгрөг рүү хөрвүүлж, өөрийн банкиндаа бэлнээр тушааж, өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн” гэдэг тайлбар өгсөн байгаа юм. Улмаар гадаад орнуудад банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж байгаа эх үүсвэрийн тодорхой хувь нь бэлэн мөнгө байна гээд хувь заагаад өгчихсөн байдаг бол Монголд ийм хууль байдаггүй зэргээр хуулийн цоорхой ашиглан Монголынхоо практикт “хана мөргүүлсэн” гэж ойлгогдоно. Энэ мэтээр батлагдах боломжгүй олон зуун тэрбум төгрөг банкны салбараас ундарсаар байна. Одоогоос сар гаруйн өмнө арилжааны банкуудын өөрийн хөрөнгөд хийсэн хяналт шалгалтын дүн англи хувилбараараа ирээд байгаа. Магадгүй, монгол хэлээр орчуулсан албан ёсны хувилбар нь ирсний дараа нэг хоёроор тоологдохгүй банкны асуудал яригдаж болзошгүй гэх мэдээллийг эх сурвалж өглөө.

Мөн сүүлийн үед УИХ-аар төв банкны ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хөндөж буйтай зэрэгцэн шалгалтын хариу бүдгэрэх хандлагатай болж ирсэн. Учир нь УИХ-д уул уурхайгаас ч олон төлөөлөлтэй арилжааны банкны эздийн зүгээс Монголбанкны одоогийн ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулж, түүний оронд өөрсдийн хүнээ томилуулах лоббиг идэвхтэй хийх болсон гэдэг мэдээлэл төрийн ордонд хөврөх болсон. Ер нь бол банкны салбар өөрөө эрүүл мэндээ тодорхойлдог маш тодорхой үзүүлэлтүүдтэй. Тэдгээр үзүүлэлтийг хангасан тохиолдолд банкны салбар эрүүл  байж, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж чадна. Үүнийг хангуулах ёстой төв банкнаас сүүлийн жилүүдэд хийж буй хяналт шалгалт арилжааны банкуудын эрх ашигт харшилсан байж болно. Гэхдээ төрийн түшээд арилжааны банкуудын эздийн эрх ашгийг иргэдийнхээс дээгүүрт тавих ёсгүй. Магадгүй, банкуудаар улстөрчдийн мөнгө гүйж, УИХ-ын гишүүд эздийнх нь ард байгаа болохоор ингэж хамгаалах арга хэмжээ авч байж болно. ОУВС-гийн шалгалт бол үүний нэг хэсэг байсан юм. Энэ шалгалт хийгдсэнээр төрийн хамгаалалтад байдаг УИХ-ын гишүүн эзэнтэй банк хүртэл дампуурахыг үзлээ шүү дээ. Дампуурсан гэхээсээ илүүтэй тухайн банк эрүүл бус байсан гэдийг тодорхойлж чадсан явдал гол үр нөлөө нь байсан юм. Хамгийн гол нь өнгөрсөн хугацаанд хийсэн банкны салбарын эрх зүйн шинэтгэл, шат дараалсан шалгалтын дүнд эдийн засаг сэргэж, банк санхүүгийн салбарын активын хэмжээ 35.5 их наяд төгрөгт хүрсэн. Нийт эдийн засгийн хэмжээтэйгээ харьцуулахад илүү гарсан өсөлт үзүүлсэн байна. Банкууд зээл олголтоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөрвөх чадвар өндөртэй активыг хангалттай түвшинд барьж байгаа нь хөрөнгийн зохистой удирдлага, төлбөрийн чадварын эрсдэл даах чадварыг ахиулахад түлхэц болжээ. Гэвч эцэстээ арилжааны банкуудын эзэд болон хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах бодлого баримталж ирсэн төв банк хоёрын зөрчилдөөний дүнд Н.Баяртсайхан огцрох бололтой. Арилжааны банк ашгийн төлөө үйл ажиллагаа явуудал бол төв банк ашгийн бус төрийн институц байх учиртай юмсан. Эрх ашгийн зөрчилдөөнийг харвал, энэ байдал алдагдах шинжтэй. Улмаар Валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд банкуудад хийсэн шалгалтын дүн бүдгэрч, банкууд хэний халааснаас 500 гаруй тэрбум төгрөг бэлнээр нь авч ирж өөрийн хөрөнгийн дутагдлаа нөхсөн талаарх үнэн замхарч мэдэхээр байна. Татвар төлөгчдийн 400 тэрбум төгрөгийг залгиад алга болсон “Капитал” банкны асуудал мөн л удааширна гэсэн үг. Магадгүй, шийдэгдэхгүй байх нөхцөл ч бүрдэж болзошгүй. Монгол Улс  1991 онд Банкны тухай хуультай болсноор хоёр шатлалт банкны тогтолцоотой болсон гэж үздэг. Түүхэндээ 1996-1997, 1999, 2008-2009 оны гурван удаагийн хямралын шуурганд 30 банкнаас 16 нь дампуурах, бусад банктай нэгдэх, татан буугдах зэргээр үйл ажиллагаагаа зогсоосон байдаг. Харин 17 дахь банк дампуурсан үе буюу 2017 оноос эхлэлтэй  хяналт шалгалт арилжааны банкууд, том зургаараа санхүүгийн системээ тодорхой хэмжээнд эрүүлжүүлсэн.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.185.171) 2019 оны 11 сарын 18

mongol banknii zahiral bayartsaihanii zahialgaar neg doldoi ni bichsen bn hariutslaga aldsan bol tuunee huleeh es surtahuuntai bh heregtei

1  |  1
Top