Г.Эрдэнэсүх: “Kinder police” арга хэмжээ хэрэгжүүлэхээр ажиллаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 11 сарын 19

Хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадал төлөвшүүлэх, хүүхдийг зам, тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг 38 дахь жилдээ зохион байгууллаа. Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл (НГХУСАЗЗ), Тээврийн цагдаагийн алба хамтран зохион байгуулж буй тус тэмцээнийг өнөө жил 1981 оны Цагдаагийн албаны дарга, Монгол Улсын гавьяат хуульч, бэлтгэл хурандаа Г.Ринчиндоржийн нэрэмжит болгон зохион байгуулж буй онцлогтой.

Тэмцээний I үе шатыг дүүрэг дэх ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулсан бөгөөд тэргүүн байранд шалгарсан баг II үе шат буюу нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон юм. Ингэхдээ “Гэрийн даалгавар, Мэндчилгээ, Хамтдаа, Буухиа тэмцээн, Урлагийн тоглолт’’ гэсэн таван төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ шалгарууллаа. Тэмцээний нийлбэр дүнгээр Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 117 дугаар сургуулийн “Сэргийлэгч” баг тэргүүлсэн бол Баянгол дүүргийн “Оюуны ундраа цогцолбор”-ын “Ундраа” баг удаалав. Харин гутгаар байрыг Сүхбаатар дүүргийн 1 сургуулийн “Уулзвар” баг эзэлсэн бол Баянзүрх дүүргийн Цогцолбор сургуулийн “Хүчит шонхор” багийн хүүхэд багачууд тусгай байрт шалгарлаа.


Г.Эрдэнэсүх: НГХУСАЗЗ-тэй хамтран “Kinder police” арга хэмжээ хэрэгжүүлэхээр ажиллаж байна

Тэмцээний үеэр Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Г.Эрдэнэсүхтэй ярилцлаа.

-Хүүхдүүдийг зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй арга хэмжээнүүд ямар үр дүн өгч байна вэ?

-Тээврийн цагдаагийн албанаас НГХУСАЗЗ-тэй хамтран 2019 онд үр дүн өндөртэй олон арга хэмжээ хэрэгжүүлсэн. Тухайлбал, “Бяцхан зорчигч”, “Эрсдэлгүй орчин-Эцэг, эхийн хариуцлага”, “Хичээлийн шинэ жил” зэрэг нэгдсэн арга хэмжээнүүдийг дурдаж болно. Мөн зөвлөлөөс “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хүүхдүүдийг зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байгаа. Энэ мэт нөлөөллийн арга хэмжээ хэрэгжүүлснээр хүүхэд өртсөн зам, тээврийн осол 27, ослын улмаас хүүхэд нас барах тохиолдол 15.4, гэмтсэн хүүхдийн тоо 27.7 хувиар буурсан үзүүлэлттэй.

-Гэвч эцэг, эх, жолооч нарын хариуцлагагүй байдлын улмаас зам, тээврийн осол гарсаар байгаа. Томчуудад зориулсан нөлөөллийн арга хэмжээний үр дүн ямар байна вэ?

-Тээврийн цагдаагийн албанаас хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ явуулахдаа эцэг, эх, багш, жолооч нарт ч давхар нөлөөллийн арга хэмжээ тогтмол явуулдаг. “Яараад яахав дээ”, “Дураараа биш дүрмээрээ” зэрэг арга хэмжээнүүдийг дурдаж болно. Хүүхдэд зам тавьж өгөх, хүүхдийг хамгаалах суудалд суулгах гээд замын хөдөлгөөний дүрэмд тусгасан зүйлсийг ухуулга, нөлөөллийн арга хэмжээгээрээ хүргэж байгаа гэж болно. Олонх жолооч мэдээллийг хүлээн авч, дүрмээрээ хөдөлгөөнд оролцож байна. Анх “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнд зөвхөн хүүхдүүд оролцдог байсан бол өдгөө эцэг, эх, багш нар нь хамт оролцдог болсон нь нөлөөллийн арга хэмжээний үр дүн болов уу. Гэвч зарим жолооч эдгээрийг тусгаж аваагүйн улмаас хүүхдээ гэмтээсэн тохиолдол цөөнгүй байна.

-Сургуулийн орчны стандартыг хангуулах, хүүхэд тухайн орчинд осолдохоос сэргийлэх чиглэлээр НГХУСАЗЗ, Тээврийн цагдаагийн алба гээд холбогдох байгууллагууд цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж буй. Цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээнээсээ тодруулахгүй юу?

-“School police” эргүүлийг анх НГХУСАЗЗ-өөс санаачлан, хэрэгжүүлсэн. Арга хэмжээний үр дүн жилээс жилд нэмэгдэж, сургуулийн орчинд хүүхэд зам, тээврийн осолд өртөх эрсдэл буурч байгаа. Тиймээс бид дараа жилээс цэцэрлэг орчимд “Kinder police” эргүүл ажиллуулахаар төлөвлөж байна. Мөн сургуулийн орчны стандартыг мөрдүүлэх хүрээнд гэрэлтүүлэгтэй гарц хийж эхэллээ. Тодруулбал, нийслэлийн 100 сургуулийн 100 цэгт гэрэлтүүлэгтэй гарц хийхээр төлөвлөж, Зөвлөлд санал хүргүүлсний үр дүнд нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа. Уг ажил одоогоор 50 хувьтай байна. Мөн энэ оноос эхлүүлж буй “Хүүхэд хамгаалагч” төслийг энд дурдаж болно. Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан ахмад ажилчдыг хүүхдэд тавих хяналтыг өндөржүүлэхээр зөвлөлд санал хүргүүлсэн юм. Зөвлөлөөс уг ажлыг дэмжсэнээр өнөөдрийн байдлаар төвийн зургаан дүүрэгт 12 хүн хүүхэд хамгаалагчаар ажиллаж байна. Тэд дүүргийнхээ Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэйгөө хамтран ажиллах юм. Ингэхдээ сургуулийн эргүл хийж буй эцэг, эхчүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч буй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top