УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2019.11.22/ хуралдаанаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг өсгөх тухай асуудлыг зөвшилцөв.
Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулан олгосон МОН-П1, МОН-П2 хөнгөлөлттэй зээлтэй холбоотой төлбөрийн үлдэгдлийн хэмжээгээр тус нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг өсгөх тухай асуудлыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ирүүлжээ. Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг нь Монгол Улсын ачаа эргэлтийн 69.4 хувь, зорчигч эргэлтийн 21.7 хувийг дангаар гүйцэтгэж, 15.8 мянган хүнийг ажлын байраар хангадаг. Гэвч Сүхбаатараас Замын-Үүд чиглэлийн Улаанбаатар төмөр замын суурь бүтэц 25 сая тн ачаа тээвэрлэх хүчин чадалтай гэж тооцоологдсон ч 2018 оны гүйцэтгэлээр 25.8 сая тн ачаа тээвэрлээд байгаа нь өсөн нэмэгдэж буй тээврийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байдалд хүрчээ. Мөн төмөр замын үндсэн бааз суурь болсон зүтгүүр, ачааны болон зорчигчийн вагон зэрэг хөдлөх бүрэлдэхүүн, замын техникийн өнөөгийн байдал насжилт өндөр, элэгдэл ихтэй, ашиглалтын хугацаа дуусаж байгаа аж. Тухайлахад, зүтгүүрийн ашиглалтын хугацаа 25, ачааны вагоны ашиглалтын дундаж хугацаа 33 жил байдаг агаад одоогоор Улаанбаатар төмөр замын нийт 127 зүтгүүрийн 47.2 хувь, нийт 3326 ачааны вагоны 51.7 хувийнх нь ашиглалтын хугацаа хэтэрсэн байна.
Энэ үндсэн дээр Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулж олгосон “МОН-П1”, “МОН-П2” хөнгөлөлттэй зээлийн үлдэгдлийн хэмжээ буюу 128.8 тэрбум төгрөгөөр “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр уг төслийг боловсруулжээ.
Сэтгэгдэл ( 1 )
давхар вагон ачааг тогтвортой барина давхар вагоны дүрэм нэмж оруул