Үсэрсэн цус, тасарсан мах болсон Өвөрмонгол, буриад зоны аж амьдрал, зовлон жаргалыг утга, уран зохиолдоо шингээж, монгол хэлний дархлаа, монгол ахуй соёлоо өвлөн уламжлуулж буй монгол туургатны зохиолчдын төлөөлөл өнгөрөгч баасан гарагт Улаанбаатар хотноо хуран чуулав. Тэд эзэн Чингис хааныхаа амьдарч асан тэнгэр дор, Их Богд Жавзандамбын алхаж явсан хөрсөн дээр “Монгол туургатны уран зохиолын өнөө, маргааш” сэдвээр эрдэм шинжилгээний хурал хийж, номын баринтаг задлав.
Хурал Богд хааны ордон музейн хурлын танхимд болсон бөгөөд БНХАУ-ын ӨМӨЗО-ны доктор, профессор Ван Мандуга, нэгдүгээр дэсийн зохиолч Э.Бүрэнтөгс болон Өвөрмонголын Хөхнуурын Дээд монголын алдарт зохиолчид Т.Элхэнгэ, Зандраа, Н.Шархүү, ОХУ-ын доктор, профессор Т.М.Дугаржапова зэрэг зохиолч, судлаачид оролцлоо. Хурлыг нээж Улаанбаатарын их сургуулийн захирал, доктор, профессор С.Байгалсайхан үг хэлж, Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар баяр хүргэсэн юм.
ХХ зуунд бүтээсэн утга соёлын өв сангаас дээжлэн залуу хойч үеийнхэнд хүргэх, зохиолч уран бүтээлчдийн авьяас чадвар, ололт амжилтыг таниулан сурталчлах, үгийн урлагаар илрэх тухайн нутгийн монгол хэл аялгууны гайхамшигт баялаг сангаас мэдрүүлэх, үндэстнийхээ их түүх, эх соёлоос сургамж авах зорилгоор утга соёлын хоёр төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Монгол туургатны шилдэг романыг хэвлэн нийтлэх зорилготой “Монгол туургатны сонгомол номын сан” төслийг 2017 оноос эхлэн хэрэгжүүлж Өвөрмонголын нэрт зохиолч Э.Бүрэнтөгсийн уран бүтээлээр “Дэлхийг багтаасан Дэлгэрхангай” нэвтрүүлгийг МҮОНТ-тэй хамтран бэлтгэж олны хүртээл болгожээ. Мөн Монгол Улсад зохиолчдын байгууллага үүссэний 90 жилийн ойн хүрээнд УБИС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС, МҮЧЗХ-той хамтран “Монгол туургатны уран зохиолын хэлхээ холбоо” сэдэвт уулзалт, ярилцлага болон “Монголын орчин үеийн уран зохиол-соёлын шинэ өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан юм.
Эдгээрийн үргэлжлэл болсон энэхүү хурлыг Улаанбаатарын их сургууль, Богд хааны ордон музей, “Шинэ мянган” утга зохиолын нэгдэл, “Ган зам” прэсс хамтарч зохион байгуулсан бөгөөд Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбоо дэмжиж ажилласан юм. Улаанбаатарын их сургуулийн захирал, доктор, профессор С.Байгалсайхан хэлсэн үгэндээ “Монгол туургатны утга зохиолыг харилцан хөрвүүлэх ажлыг эхлээд “Монгол туургатны сонгомол номын сан”-г баяжуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ нь бие биеэсээ суралцах, хөгжих, залуу уран бүтээлчдийг сурталчлан таниулах зорилготой. Эдийн засгийн хүчирхэг гүрэн БНХАУ-аар толгойлсон “Нэг бүс, нэг зам” төслийн хүрээнд Азийн олон орон хамрагдсан бөгөөд Азийн орнуудын соёлын харилцаанд ном, утга зохиолыг орчуулан хэвлүүлэх ажилд хөрөнгө оруулж байгаа нь талархууштай” гэж онцолсон юм. Болор цомын эзэн Ц.Эрдэнэбаатар “Монгол туургатны сонгомол номын сан” төслийн хүрээнд явагдаж байгаа ажлын нэг болох энэхүү хурал, номын нээлтийг Богд хааны ордон музейд хийх санаачилгыг миний бие гаргасан. Их Чингис хааны байгуулсан төр, бага хаадын бутралаас хойш, Манж Чин гүрний ноёрхлоос чөлөөлж, улс орны тусгаар тогтнолыг сэргээн мандуулсан Богд хаант Монгол Улс байгуулагдсан түүхтэй. Өв уламжлал, түүх соёлын гэрч болсон түүхт ордонд монгол туургатны утга зохиолын өнөө, маргаашийг хэлэлцэх нь тун бэлгэдэлтэй юм” гэлээ.
БНХАУ-ын доктор, профессор Ван Мандуга “Бээжингийн монгол судлал” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр орчин үеийн уран зохиолыг үндэслэгчид болох Сономбалжирын Буяннэмэх, Мөрдэндэвийн Ядамсүрэн нарын зохиол бүтээлийн судалгааны тоймыг танилцуулав. Нийгэм, улс төрийн зүтгэлтэн С.Буяннэмэхийн тухай 1980-аад оноос төдийлөн судлагдаагүй бөгөөд ардын дайсан хэмээн хэлмэгдсэн түүний амьдрал, уран бүтээлийн талаар 1980-аад оны сүүлчээр судалж эхэлжээ. Бээжингийн эрдэмтэд түүний тухай 18 ном, өвөрмонголын эрдэмтэн нэг ном гаргаж байжээ. Бүрэн бус бүртгэлээр түүний тухай судалгааны 83 өгүүлэл байгаагаас 40 нь эрдэм шинжилгээний өгүүлэл байдаг аж. С.Буяннэмэх нь Өвөрмонголд хоёр жил ажиллаж амьдрахдаа “Дотоод Монголын Ардын сэтгүүл”-ийг эрхлэн гаргаж, есөн боть гаргаснаас өдгөө найман боть нь олджээ. 35-хан наслахдаа 327 зохиол бүтээл туурвиж үлдээсэн түүний сод билэг, шавхагдашгүй авьяас чадварыг судлан шинжилж, намтар, уран бүтээл, шүүмж судлалаар дөрвөн цуврал ботийг кирилл, монгол бичгээр хэвлүүлсэн билээ. Мөрдэндэвийн Ядамсүрэнгийн зохиолын чуулган номд түүний шүлэг яруу найраг 13, өгүүллэг 5, тууж 2, жүжиг 2, шүүмж судлалын өгүүлэл 14, хууль зүйн зохиол 23, бусад 12 гээд нийт 71 зохиолыг түүвэрлэн оруулсан төдийгүй М.Ядамсүрэнгийн амьдрал үйлстэй холбоотой 52 гэрэл зургийг оруулжээ.1930-аад оны Монгол уран зохиолын судлал, гучаад оны зохиолчдын зохиол бүтээлийг олж цуглуулж эх хэрэглэгдэхүүнийг баяжуулсан, мөн тэр үеийн утга зохиолын үзлийг өнөөгийн байр сууриас дахин шинээр үзэх үзэлд Ван Мандуга профессорын Монголын утга зохиол судлалд оруулсан зарим хувь нэмэр яндашгүй их ажээ.
Ямар ч цаг үед, ямар ч гадаадын арга хэлбэрийг эзэмшсэн байлаа гээд монгол уламжлалаа алдаж болохгүй. Алшаа нутагт хөмүүл сайн ургадаг бол түүнийг тариачид тарьж худалдаж байна. Тарьсан хөмүүл ааг байдаггүйтэй адил бид уран зохиолд өөрийнхөө удамшлын соёлыг алдвал ааг, шүүсгүй болно. Ялангуяа бид эх хэлээ мартаж болохгүй.” гэсэн юм.
БНХАУ-ын нэгдүгээр дэсийн зохиолч Э.Бүрэнтөгс “Өвөрмонголын уран зохиолын түүхэн тойм, чиг хандлага” сэдвээр илтгэж тавьсан юм. “Нэг үндэстнийг хамтад нь хол хөтөлж явдаг зүйл бол соёл урлаг бөгөөд ард түмнийг нэвтэрхий таниулагч нь уран зохиол юм. Тэр дундаа романы төрөл гол үүрэг гүйцэтгэнэ. Өвөрмонгол хагас зуунд хагас романтай байж ирсэн. Яагаад гэвэл Ч.Чимэддорж гуайн “Шар мөрний долгион” романаа дээд бүлгийг нь нийтлүүлээд, доод бүлгийг нь нийтлүүлж чадаагүй. 1980-аад онд Өвөрмонголд уран зохиолын хавар ирж, “Тунгалаг Тамир” роман монгол бичгээр нийтлэгдэж, айл бүрийн авдар дээр заларсан. 1986 онд “Дэлгэрхангай” роман нийтлэгдэхэд Өвөрмонгол бүтэн романтай болжээ гэж сонин сэтгүүлд нийтэлж байсан. Өвөрмонголд 20-оод жилийн хугацаанд 298 роман нийтлэгдсэнээс нүдэнд торох бүтээл байж л таарна. Урлагийн үнэн болж чадаагүй амьдралын хуулбар их бий нь бидний алдаа гэдгийг хүлээн зөвшөөрнө. Ямар ч цаг үед, ямар ч гадаадын арга хэлбэрийг эзэмшсэн байлаа гээд монгол уламжлалаа алдаж болохгүй. Алшаа нутагт хөмүүл сайн ургадаг бол түүнийг тариачид тарьж худалдаж байна. Тарьсан хөмүүл ааг байдаггүйтэй адил бид уран зохиолд өөрийнхөө удамшлын соёлыг алдвал ааг, шүүсгүй болно. Ялангуяа бид эх хэлээ мартаж болохгүй.” гэсэн юм. Үүнийг бататгаж “Даяарчлал ба Монголын уран зохиол” сэдвээр ӨМӨЗО-ы зохиолч Зандраа илтгэл тавьсан юм. Даяарчлалын энэ үед монголчууд ёс уламжлалаа хадгалж үлдэхийн тулд бид нэгдэх ёстой. Бид дэлхийн өнцөг буланд тарчихаад эвлэлдэн нэгдэхгүй бол даяарчлалын их урсгалд хумигдаж, ондоошно. Шинэчлэл гэдэг зүйл байх ёстой ч уламжлал дээр суурилсан шинэчлэл гэж байдаггүй. Шинэ технологи, аж үйлдвэрийн хувьсгалд шилжиж, мал аж ахуйн орчноосоо холдож буй энэ эринд утга, уран зохиолдоо уламжлалт сэтгэлгээ,нүүдэлчин өв соёлоо тээн үлдэх учиртай. Мануудын ярьж буй нэг монгол үг амьдрал, ёс заншил,аж байдлын цогцолбор мөн. Монгол үгийг ярьж байна гэдэг монголоороо байгаагийн илэрхийлэл. Бид үр хүүхдэдээ эх хэлээ өвлүүлэхийн тулд бичиг үсэг эзэмшүүлэх, утга зохиолд дуртай болгох бодлого баримталж байна. Сүүлийн үед залуу яруу найрагч, зохиолчид хүч түрэн орж ирж байгаа тухайгаа тэрбээр ярьж байв.
Буриадын зохиолч Т.М. Дугаржапова, түүний шавь Э.С.Александрова нар “Буриад уран зохиолын дурсгал Э.Х.Галшиевын “Билгийн толь” зохиолын туурвилзүйн онцлог” ном хэвлүүлсэн юм. Уг ном нь орос хэлээр хэвлэгдсэн бөгөөд монгол хүний зан заншил, суртахуун, соёл, уран сайхны илэрхийлэмж багтжээ. Буриад шүлгийн шад маяг нь өөрийн гэсэн хөг хэмнэлтэй бөгөөд үлгэр домгийн, гүн ухааны хаялгатай, уянгалаг, зөөлөн дуудлагатай байдаг. Эрдэмтэн Т.М. Дугаржапова “Монгол Улс болон БНХАУ дахь буриад зохиолчдын уран бүтээлийн судалгаа” сэдвээр илтгэл тавьсан бол ӨМӨЗО-оос Г.Шархүү “Баргын баатарлаг туулийн уламжлал” сэдвээр сонирхолтой домог хууч хөөрлөө.
Хурлын төгсгөлд Улаанбаатарын их сургуулийн багш, доктор Э.Батжавхлан “Монгол туургатны өв соёлыг уламжлан үлдээх өнөөгийн үүрэг” сэдвээр илтгэл тавив. Бид нэг үндэс угсаатнууд боловч уран зохиолын ертөнц хол, харанхуй байгаа нь эмгэнэлтэй юм. Найраглал, үргэлжилсэн үг, жүжгийн зохиол тун чамлалттай байгаа бөгөөд монгол туургатны уран зохиолыг системтэйгээр, нэгтгэн гаргаж буй ажил бараг үгүйгээс болж монгол туургатны уран зохиолыг хятад, орос хэлээр дамжин уншиж байгаа нь харамсалтай. Монгол үндэстний оюун сэтгэлгээний нийтлэг болон ялгаатай талыг харьцуулах, соёл нийгэмшил, ахуйн орчинд гарсан өөрчлөлт, хувирлыг судлахын тулд утга, уран зохиолыг нь судлах хэрэгтэй. Залуу хойч үеэ эх хэлээ хайрлах, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэхийн тулд зөвхөн өөрсдийн өнцгөөс бус нэг үндэстний өргөн цар хүрээгээр харж, тэдний туулж үзсэн жаргал, зовлонг хойч үед мэдүүлэн таниулах нь чухал юм. Тухайлбал Э.Бүрэнтөгсийн “Дэлгэрхангай”, Н.Хасбаганын “Засгийн хотгор”, Баянгийн “Хар дарсан Хөхнуур” зэрэг романд эх орны үнэ цэн, аж байдлын хувирал өөрчлөлт, тэмцэл зөрчил, зовлон зүдгүүрийг мэдрэх боломжтой. ” хэмээсэн юм.
Доктор, профессор А.Мөнх-Оргил номын нээлтийг удирдан эхлүүлэхийн өмнө 2017 онд ӨМӨЗО-ы нэгдүгээр дэсийн зохиолч Э.Бүрэнтөгсийн“Дэлгэрхангай” романыг кирилл бичгээр хөрвүүлсэн нь “Монгол туургатны сонгомол номын сан”-тай болох эхлэл болж, монгол туургатны уран зохиол, хөрш орнуудын утга зохиолын харилцаа холбоог гүнзгийрүүлэхэд их ач холбогдлоо өгч буйг өгүүлээд “Нүүдэлчдийн соёлын хэлхээ” төсөл улам өргөжин тэлж байгааг онцлон дурдав. Номын нээлтээр Э.Бүрэнтөгсийн “Хан дэлхийн буян”, Г.Шархүүгийн “Дарийн үнэрт тал”, Т.М.Дугаржаповагийн “Буриад уран зохиолын дурсгал Э.Х.Галшиевын “Билгийн толь” зохиолын туурвилзүйн онцлог”, Н.Хасбаганын “Манжийн ноёлол доорх монголчууд”, П.Оюунгэрэлийн “Элсэнд булагдсан сувд”, Зандраагийн “Тэнгэрийн гөрөөс”, Элхэнгээгийн “Цахар ханы захиа” зэрэг номын баринтаг задрав.
Монгол туургатны зохиолчдын номын дээжээс Монгол Улсын Үндэсний номын сан, Улаанбаатар хотын төв номын сан, зохиолчдын байгууллагууд, Шинжлэх ухааны хүрээлэн, Их сургуулийн номын сан болон Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүдэд гардуулсан бөгөөд зохиолчид бүтээлийнхээ зоригдол, шийдэл, сэдэл, утга санааг тайлбарлан ярьсан нь хурдхан унших хүслийг төрүүлж байлаа. Үйл ажиллагааны дараа Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар монгол туургатны утга зохиолын зочид төлөөгчдөд ордон музейг өөрийн биеэр хөтөч хийн тайлбарласан нь тэдэнд маш сонирхолтой, талархууштай зүйл болсныг дурдах нь зүйтэй.
Сэтгэгдэл ( 0 )