АНУ-ын Конгрессд Туркийн эсрэг хориг тавихыг уриалжээ. Энэхүү хориг нь Турк улс ОХУ-аас С-400 зенитийн пуужингийн цогцолбор авахтай холбоотой юм. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Оросын зенитийн пуужингийн цогцолбор С400-г турших талаараа Цагаан ордонд айлчилснаасаа хоёр долоо хоногийн дараа мэдэгдсэн нь “улаан шугам”-ыг нэвтэрлээ гэж олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичжээ. Ийм үзэл бодлыг АНУ-ын Ардчилсан намын сенатор Крис Ван Холлен ч дэвшүүлж, зенитийн пуужингийн цогцолбор Триумфыг Америкийн F-16-тай харьцуулан ярьжээ. Шинжээчдийн тэмдэглэж байгаагаар Доналд Трампын засаг захиргаа нөхцөл байдлыг шүүмжлэлтэй түвшинд хүргэсэн байна. Вашингтон, Анкарагийн хоорондын харилцааг хүндрүүлсэн нь Цагаан ордоны одоогийн тэргүүний нэгэн сул тал аж. Оросын бүтээсэн “С-400”-г худалдаж авна гэсэн Туркийг АНУ эртнээс эсэргүүцсэн. Ардчилсан намын сенатор Крис Ван Холлен ярихдаа “Туркийн Ерөнхийлөгч Эрдоган Цагаан ордонд айлчилсныхаа дараа АНУ болон НАТО-г эсэргүүцсэн мэт С-400-гийн асуудлаар мэдэгдэл хийсэн нь одоогийн хуулиар бол Доналд Трампын зүгээс хориг тавих нөхцөл бүрдүүлээд байна” гэжээ. Үүнээс гадна түүний үзэж байгаагаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Туркээс аюулгүйн бүсэд курдүүд рүү дайрсан асуудлаараа тайлбар хийхийг шаардаж байгаа гэнэ. Мөн өнгөрсөн даваа гарагт агаарын цэргийн техник, тэр дундаа F-16, сөнөөгч онгоц сургуулилтын нислэгийг Оросын Триумф-тай холбоотойгоор гүйцэтгэнэ гэжээ.
Гэхдээ Турк улс АНУ тэднийг Оросоос зэвсэг худалдаж авахаас татгалзахад хүргэж чадахгүй гэж мэдэгддэг юм. Өнгөрсөн аравдугаар сард Ван Холлен болон Бүгд найрамдах намын сенатор Линдси Грэм Туркийн эсрэг хориг тавих хуулийн төсөл дээр ажиллаж байгаа талаар мэдэгдсэн билээ.
С-400-гаас болгоомжлох нь
Оросын зенитийн пуужингийн С-400 цогцолбороос болгоомжлох хэрэгтэй гэж “National Interest” сэтгүүлд бичсэн байдаг. Уг цогцолборыг эдийн засгийн дайнд тэмцэх хэрэгсэл болгон ашиглаж болзошгүй учир АНУ болон НАТО-гийн холбоотнууд болгоомжлох хэрэгтэй аж. ОХУ-аас гаднын орнууд худалдаж авч буй, эрэлт хэрэгцээ ихтэй зенитийн пуужингийн “С-400” цогцолбор нь стратегийн давуу тал ихтэй гэж тус сэтгүүлийн тоймч өгүүлжээ. Зенитийн пуужингийн цогцолборын борлуулалтаас олж байгаа ашиг орлого их аж. Хамгийн нөөц бололцоотой худалдан авагчдаар БНХАУ, Энэтхэг, Турк, Саудын Араб болон Катарыг нэрлэжээ. Энэ нь зэвсэглэлийг сайжруулах үндэс суурийг бий болгож, эдийн засгийн төрөлжилтөд дэмжлэг үзүүлнэ. Хоёрдугаарт, ОХУ нь дэвшилтэт зэвсгийн системийг хөгжүүлэгчийн хувиар нэр хүнд олж, байр суурь нь нэмэгдэх давуу талтай аж. Гуравдугаарт, ОХУ “С-400”-г худалдаж авах асуудлаар улс орнуудтай харилцаа холбоо тогтоож, хөгжүүлж буй. Энэ нь цэргийн албан хаагчдыг тэдэнтэй хамтран ажиллахад сургах, техникийн үйлчилгээ явуулахад давуу талтайг “National Interest” сэтгүүлд өгүүлсэн байлаа. ОХУ-аас “С-400” зенитийн пуужингийн цогцолборыг худалдаж авсан БНХАУ өнгөрсөн оны зун хүлээн авсан бол удахгүй дараагийн ээлжээ хүлээж авахаар бэлдэж байгаа аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан мэдээллээс харахад ОХУ энэхүү пуужингийн цогцолборыг хөөргөх талбай, командын пост, пуужингийн нөөц, радар болон эрчим хүчний тоног төхөөрөмж, нэмэлт эд анги зэргийг Хятадад хүргэхийн тулд тэнгисийн цэргийн гурван усан онгоц илгээх гэнэ. БНХАУ өмнө нь ОХУ-аас худалдаж авсан “С-400” системээ амжилттай туршжээ. “С-400 Триумф”-ыг туршихдаа 250 км-ийн алсад секундэд гурван км хурдтай яваа баллистик пуужин орлуулагч байг устгаж чадсан талаар хэвлэлүүд мэдээлж байв. Хятадын арми өмнө нь “С-300” системийг 10 гаруй жил ашиглажээ. Харин сүүлийн үеийн “С-400” загварыг худалдаж авсан анхны улс нь Хятад болж байв. ОХУ-аас “С-400” пуужингийн систем худалдаж авбал сайн зүйл болохгүй гэсэн АНУ-ын сүрдүүлгийг Турк улс хүлээж авахгүй гэсэн билээ. Тус улсын Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу мэдэгдэл хийж, Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын дэглэм Туркийн цэргүүд рүү халдах нь байж болшгүй зүйл гэдгийг хэлсэн. “Тэд Идлиб мужийн асуудлаар Оростой байгуулсан санамж бичгийг зөрчиж байна. Бид Орос болон Ирантай нягт хамтран ажиллаж байгаа. Башар Асадын дэглэм манай цэргүүд рүү халдаж байгаа үед бид дуугүй хараад сууж чадахгүй” гэжээ. Сирийн Идлиб дэх Туркийн Зэвсэгт хүчний 9 дугаартай ажиглалтын цэг мин харвагчийн цохилтод өртсөн билээ. Туркийн Гадаад хэргийн сайд Пентагоны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Патрик Шанаханы захидал Туркийг Оросоос зенитийн пуужингийн комплекс “С-400”-г худалдаж авахаас татгалзахад хүргэж чадахгүй гэсэн юм. “Бид “С-400”-г худалдаж авна гэж яриагүй. Бид аль хэдийнээ авсан. Хэрвээ АНУ “С-400” болон “F-35”-ын асуудлаар санаа зовниж байгаа бол хамтарсан ажлын баг гаргаж, мэргэжилтнүүд энэ асуудлыг судлаг л дээ. Тийм захидлын дараа Турк улс “С-400” авахаас татгалзахгүй. Бид энэ захидалд хариу бэлтгэж байгаа” гэж Гадаад хэргийн сайд мэдэгдсэн билээ. Мөн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Оросын зенитийн пуужингийн системийг авах асуудал хаагдсан, “С-400” ирэх долоодугаар сард нийлүүлэгдэнэ гэсэн байдаг.
С-400 Триумф-ын хүч чадал
“С-400” Триумф нь ОХУ-ын агаарын довтолгооноос хамгаалах зенитийн пуужингийн цогцолбор. Энэхүү зэвсэглэлийг 1990-ээд оноос сайжруулах замаар эхэлж, 2007 оноос ОХУ зэвсэглэлдээ авсан юм. Бай устгах хамгийн их хурд нь 4800 м/с, Аэродинамик байг устгах алслалт 3-250 км, нэгэн зэрэг дагуулж чадах байнуудын тоо 300 аж. “С-400”-г хээрийн байдалд таван минутад дэлгэнэ. Энэхүү агаараас хамгаалах систем нь 600 хүртэл километрийн зайд 10 метрээс 27 км-ийн өндөрт яваа баллистик пуужин, нисэх онгоц, дронуудыг устгах чадвартай.
Хятад, ОХУ-ын түншлэл БНХАУ “С-400 Триумф”-ийг туршсан тухай мэдээллийг Хятадын талаас биш ОХУ эхэлж гаргасан нь хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, түншлэл ямар түвшинд хүрснийг илтгэнэ. Вашингтон үүнийг хараад зүгээр сууж чадаагүй. Тэгвэл ОХУ зенитийн пуужингийн цогцолбор “С-400”-г худалдахаас татгалзсан тохиолдол бас бий. Тухайлбал, энэ онд ОХУ Ойрх Дорнодын бүс нутагт хурцадмал байдал үүсэхээс сэргийлж, Иранд татгалзсан хариу өгсөн юм. АНУ энэ үеэр Оросын зенитийн пуужингийн цогцолбор “С-400”-г худалдаж авсан гэж хэд хэдэн улсад хориг тавихаар төлөвлөж эхэлжээ. Вашингтон Ираныг пуужингийн болон цөмийн хөтөлбөрөө хөгжүүлэхийг эсэргүүцэж, Турк улсыг Оросоос “С-400” зенитийн пуужингийн цогцолбор худалдаж авбал сайн зүйл болохгүй гэж сүрдүүлсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )