ДЭЛХИЙН ТОЙМ: АНУ яагаад Ираны эсрэг зэвсгийн хоригоо сунгахыг хүсэв

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 17

- Орос, Хятадын эсэргүүцэлтэй тулгарлаа -

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Европын холбоотнууддаа хандан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дэх Ираны эсрэг зэвсгийн хоригийг сунгах тогтоолыг дэмжихийг уриалжээ. Тегеранд зэвсэг нийлүүлэхэд хязгаарлалт тавьсан нь Ираны цөмийн хөтөлбөрийн эргэн тойрон дахь нөхцөл байдлыг зохицуулах Хамтарсан цогц үйл ажиллагааны төлөвлөгөөний нэг хэсэг юм. Гэрээний нөхцөлд дурдсанаар хязгаарлалт 2020 оны аравдугаар сарын 18-нд зогсох ёстой. Шинжээчдийн үзэж байгаагаар АНУ хоригийг сунгахаар хичээнгээ Хамтарсан цогц үйл ажиллагааны төлөвлөгөөг бүр мөсөн нураахыг хүсэж байгаа аж. Мөн Иранд үзүүлэх шахалтаа нэмэх эрмэлзэлтэй байна гэв. Гэхдээ санаачилга Орос, Хятадаас дэмжлэг авахгүйгээс гадна Европын холбоотнуудаас нь ч дэмжлэг авахгүй байх магадлалтай. Тэд Хамтарсан цогц үйл ажиллагааны төлөвлөгөөг дэмждэг юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга “Radio Free Europe”-д ярихдаа “Иран улс Европт бодитоор заналхийлдэг. Юу хийж байгааг нь бид харсан. Хуйвалдааны магадлал өндөр байгаа. Тэднийг Европ даяар хэрхэн хавчигдаж байгааг бид харсан. Европын нэг ч оронд иранчуудын зэвсэгтэй байх хүсэл зорилгыг дэмждэггүй” гэжээ.

АНУ өмнө нь НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлд Иранд тавьсан зэвсгийн хоригийг 2020 оны аравдугаар сарын 18-нд дуусгах тогтоолыг эргэж харах хүсэлт өргөн барьсан. Иранд зэвсэг нийлүүлэхийг хязгаарласан хориг 2015 оноос хэрэгжсэн юм. Үүнийг НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн 2231 дүгээр тогтоолд дурдсан бөгөөд Ираны цөмийн хөтөлбөрийн эргэн тойрон дахь нөхцөл байдлыг шийдвэрлэх Хамтарсан цогц үйл ажиллагааны төлөвлөгөөний заалтуудыг тусгасан. Помпеогийн хэлснээр европчууд Ираныг зэвсэгтэй байхаас эмээсэн АНУ-ын болгоомжлолын тал дээр хуваагдаж байгаа аж. Майк Помпео Иран зэвсэг худалдаж авч, зарж чадахгүй гэдгийг батлах энгийн арга тэдэнд бий гэжээ. Энэ нь НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн тогтоолыг дэмжих, ингэвэл Иран урьдын адил зэвсэг эзэмших нь хориотой байх болно гэсэн байна.

Вашингтон тогтоолыг царцаах Орос, Хятадын хоригийг яаж давж гарах бодолтой байгааг асуусан сэтгүүлчийн асуултад Помпео тодорхой хариулт өгөөгүй аж. АНУ НҮБ-ын тогтоолын дагуу хоригийг сунгах хүсэлт тавих эрхтэй юм. 2231 дүгээр тогтоолын дагуу аль ч улс НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлд хандах эрхтэй аж. Үүнийг АНУ, Их Британи, Франц улс хийж болно гэдгийг Майк Помпео тэмдэглэжээ.

Мөн НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгч Келли Крафт Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд тогтоолыг дэмжихийг уриалсан байна. Тэрбээр гишүүн орнууд энэ хоригийг цуцлахын үр дагаврыг ухаарч ойлгоосой гэж хүсэж байгаагаа хэлжээ. Аюулгүй байдлын зөвлөлийн гол зорилго нь дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө ажиллах юм гэв. Иранд тавьсан зэвсгийн хоригийг сунгах үндэслэл нь тус улсын Ойрх Дорнод дахь түрэмгий бодлоготой холбоотой ажээ. Энэ энгийн бөгөөд оновчтой арга хэмжээ нь Иран терроризм болон дураараа авирлахыг дэмжсэний улмаас хохирсон хүмүүст хэрэгтэй юм гэж АНУ-аас НҮБ-д суугаа төлөөлөгч ярьж байна.

Цөмийн гэрээ

Хамтарсан цогц үйл ажиллагааны төлөвлөгөөг 2015 оны долоодугаар сарын 14-нд үзэглэсэн. ОХУ, АНУ, Хятад, Их Британи, Франц, Герман улс Европын холбооны төлөөлөгч Федерика Могеринигийн оролцоотойгоор зөвшилцсөн юм. Гэрээнд зааснаар Иран НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл бүх хоригоо, АНУ хэд хэдэн хоригоо, Европын холбоо бүх хязгаарласан арга хэмжээгээ цуцалсны хариуд цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах ёстой. Энэ дэглэмийг бүрэн хэмжээний хориг гэж нэрлэж болохгүй аж. АНУ-ын төрийн эрхэнд Доналд Трамп ирсний дараа Вашингтон Ираны хувьд бодлогоо эргэн харж эхэлсэн юм. Гадаад бодлогын шинэ чиглэлийн дагуу 2018 оны тавдугаар сарын 8-нд Америкийн засаг захиргаа Хамтарсан цогц үйл ажиллагааны төлөвлөгөөнөөс гарч, Ираныг гэрээний нөхцөлийг зөрчиж байна гэж мэдэгдсэн билээ. Гэхдээ хоригийг зөрчсөн нэг ч баримт дэлгээгүй. АНУ хоригийн дэглэмээ сэргээж, цөмийн гэрээний бусад оролцогчид Вашингтоны үйлдлийг шүүмжилж, гэрээний нөхцөлийг дагахаа мэдэгдсэн юм.

АНУ 2020 оны зургаадугаар сарын сүүлчээр НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлд Иранд тавьсан хоригийг сунгах талаар бодохыг санал болгосон ч ОХУ болон Хятад улс үүнийг нь хориглоно гэжээ. НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Василий Небензя “АНУ-ын Иранд дарамт шахалт үзүүлэх бодлогынхоо тал дээр Аюулгүйн Зөвлөлөөс зөвшөөрөл авах оролдлогыг бид хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдэв. Мөн НҮБ дахь Хятадын байнгын төлөөлөгч Жан Жун АНУ гэрээнээс гарсны дараа Аюулгүйн зөвлөлд хориг арга хэмжээгээ буцаахыг шаардах эрхээ алдсан гэж цохон тэмдэглэжээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров 2020 оны долоодугаар сард Ираны Гадаад хэргийн сайд Мохаммед Жавад Зарифтай хийсэн уулзалтын дараа хэвлэлийн бага хурал дээрээ оросууд зэвсгийн хоригийг сунгахыг эсэргүүцэж байгааг мэдэгдсэн. Тэрбээр “Аюулгүй байдлын зөвлөл Иранд тодорхой төрлийн зэвсэг нийлүүлэх зөвшөөрлийн дэглэмийг нэвтрүүлсэн. Энэ хугацаа нь аравдугаар сард дуусгавар болох тодорхой хугацаанд хэрэгжих болно. Энэ дэглэмийг уртасгахын тулд одоогийн нөхцөл байдлаас ямар нэгэн байдлаар ашиглах, цаашлаад тодорхой бус хугацаагаар зэвсгийн хориг тавих нь хууль, эрх зүйн үндэслэлгүй, улс төрийн болон ёс суртахууны хувьд ч байж болохгүй” гэв.

Ираны зүгээс зэвсэг нийлүүлэх зөвшөөрлийн дэглэмийн хугацааг сунгах нь цөмийн хэлэлцээрийн төгсгөл болно гэх ойлголтыг аль хэдийнээ өгчээ. Иранаас ОХУ-д суугаа Элчин сайд Казем Жалали “Тэд саяхан Ираны эсрэг зэвсгийн хориг тавих хугацааг сунгах урьдчилсан нөхцөл бүрдүүлэх зорилгоор НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг эхлүүлсэн. Хэрэв АНУ амжилтад хүрвэл Хамтарсан цогц үйл ажиллагааны гэрээ үгүй болсныг тогтоох боломжтой” гэсэн байна.

Гадаад бодлогын том алдаа

Шинжээчдийн дүгнэж байгаагаар Иранд тавьсан хоригоо сунгах АНУ-ын хүсэлт дээрх гэрээг сүйтгэх, Тегеранд даралт үзүүлэх зорилготой. АНУ Ираны бүс нутаг дахь нөлөөг эсэргүүцдэг улс аж. Одоо Иран Ирактай холбоотой асуудлаар бүс нутагт нөлөөгөө эрс өсгөх нөхцөл байдлыг задлан шинжлэх хэрэгтэй болно. АНУ юу хийхээ мэдэхгүй байгаа гэж судлаачид өгүүлжээ.

АНУ гэрээнээс гарсан нь гадаад бодлогын том алдаа байсан гэнэ. Тиймээс тэд Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдэх боломжгүй болгожээ. Эдгээр бүх асуулт нээлттэй хэвээр байгаа бөгөөд АНУ-ын дараагийн засаг захиргаанд дамжина. Хэрэв Трамп удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд ялвал Ирантай үүсгэсэн зөрчил үргэлжлэх ажээ. Үүний зэрэгцээ, АНУ НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлд Орос, Хятадын хоригийг хүчингүй болгож чадахгүй гэдэгтэй шинжээчид санал нэгджээ. Учир нь энэ бол дэлхийн хэлэлцээр юм. Түүнчлэн Ирантай холбоотой зэвсгийн дэглэмийг цуцалсны дараа ОХУ тус улстай цэргийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх магадлалтай аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top