АНУ-ын Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн цаана ЮУ НУУГДАВ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 14

-Камала Харрис Ардчилсан намаас Дэд ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшив-

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Байден ирээдүйн Дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Калифорниа мужаас Сенатад суугаа, Сан-Франциско хотын прокурор асан Камала Харрисын нэрийг дэвшүүлжээ. Камала Харрис нь 2019 онд Ардчилсан намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэж байсан юм. Гэвч кампанит ажлаа өнгөрсөн арванхоёрдугаар сард зогсоосон билээ. Жо Байден, К.Харрис нар сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр бие биенээ хатуу шүүмжилсэн. Шинжээчид энэ эмэгтэйг Дэд ерөнхийлөгчийн суудалд нэр дэвшүүлсний цаана Ардчилсан намынхан Цагаан ордон руу “удирдлагатай” улстөрчийг оруулах эрмэлзэлтэй байна гэж үзжээ. Тэд намынх нь шугамыг амьдралд авчрах хүнийг Цагаан ордонд оруулах гэж байна уу. Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан тохиолдолд Дэд ерөнхийлөгчөөр Калифорниа мужийн сенатор Камала Харрисыг сонгоно. Жо Байден “Камала Харрис надад Доналд Трамп, Майк Пэнс нартай тэмцэхэд туслах илүү тохирсон хүн гэж харж байна” гэжээ.

Камала Харрис Дэд ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаагаа өөрөө баталсан бөгөөд “Twitter”-тээ “Байден АНУ-ын иргэдийг нэгтгэж чадна” гэжээ. Тэрбээр “Жо Байден Америкийн ард түмнийг нэгтгэж чадна. Яагаад гэвэл тэр бүхий л амьдралдаа бидний төлөө тэмцсэн. Ерөнхийлөгч болоод тэрбээр бидэнд нийцэх Америкийг бүтээн байгуулна. Миний хувьд Ардчилсан намаас Дэд ерөнхийлөгчийн суудалд нэр дэвшиж түүнтэй хамтрах нь нэр төрийн хэрэг. Би энэ бүхний төлөө, Жо Байден манай Төрийн тэргүүн болохын төлөө өөрөөс шалтгаалах бүх зүйлээ хийнэ” гэв. Жо Байден сонголтынхоо талаар тайлбарлахдаа Харрис Хуульзүйн яаманд ажиллаж байхдаа түүний талийгаач хүү, Делавэр мужийн Ерөнхий прокурор байсан Бо Байдентай найзалж байсныг ярьжээ. Жо Байден “Тэд хоёулаа том банкуудтай тэмцэж, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хүчирхийллээс хамгаалж, хөдөлмөрчдийн нөхцөл байдлыг сайжруулсан” гэсэн байна.

Маргаантай нэр дэвшигч

Камала Харрис нь Калифорниа мужид Энэтхэг, Ямайкийн цагаачдын гэр бүлд өсжээ. Тэрбээр Калифорнийн Аламеда хотын тойргийн прокурорын орлогчоор ажиллаж байгаад дараа нь Сан-Францискогийн тойргийн прокурор болсон анхны эмэгтэй аж. Дараа нь тэр Калифорнийн Ерөнхий прокурор болжээ. Харрис 2016 онд Сенатад мужаа төлөөлөх болов. Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөөх Харрисын сонгуулийн кампанит ажил нь 2019 оны нэгдүгээр сард эхэлсэн ч либераль олон нийтийн дэмжлэгийг үл харгалзан Америкийн хэд хэдэн хэвлэл мэдээлэл түүнийг хатуу шүүмжилжээ. Түүнийг Сан-Францискогийн прокуророор ажиллаж байхдаа маргаантай байсан гэсэн байна. “The New York Times” сонинд 2019 оны нэгдүгээр сард хэвлэгдсэн өгүүлэлд Сан-Францискогийн их сургуулийн профессор Лара Базелон “Харрис шүүхийн тогтолцооны шинэчлэлийг дэмжээгүй” гэжээ. Уг материалд мөн Харрис шийдвэрээ хэвлэл, олон нийтэд мэдээлсний дараа өөрчилсөн гэсэн байв. Үүнээс гадна 2015 онд Калифорниа мужийн Ерөнхий прокурор цагдаа нар зэвсэг хэрэглэсэнтэй холбоотойгоор гарсан хэргийг прокурорууд мөрдөн шалгах үүрэг хүлээсэн хуулийн төслийг батлахын эсрэг байж, цагдаа биедээ камертай явах нэгдмэл стандарт тогтоохыг эсэргүүцжээ. Үүнийхээ улмаас тэрбээр Америкийн иргэний эрх чөлөөг хамгаалах холбооны шүүмжлэлд өртсөн байна.

Гэвч 2019 онд Камала Харрис Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн төлөөх өрсөлдөөнд байр сууриа бэхжүүлж чадсан юм. Тэр Жо Байденыг шүүмжилснийхээ ачаар байр сууриа бэхжүүлсэн. 2019 оны зургаадугаар сард болсон Ардчилсан намын нэр дэвшигчдийн дундах анхны мэтгэлцээнд тэрбээр Жо Байдены 1970-аад оноос дагаж мөрдөж ирсэн арьс өнгөний бодлогыг шүүмжилсэн юм. Америкийн хэвлэлүүд Жо Байдены 1977 оны ажлын захидал харилцааны хуулбарыг нийтэлжээ. Америкийн Сенатад анх сонгогдож байхдаа залуу сенатч Байден өнгөт арьст сурагчдыг цагаан арьстай хүүхдүүд сурдаг сургуульд тусгай унаагаар хүргэх талаар дурдаж байсан аж.

Мэтгэлцээний дараа Байден Харрисын буруутгалыг шийдвэртэйгээр эсэргүүцээд тэрбээр АНУ дахь үндэстний цөөнхийн эрхийг дэмжээгүй бөгөөд өнгөрсөн зүйлийн талаар мэтгэлцэх шаардлагагүй гэжээ. Камала Харрис анхны мэтгэлцээнийхээ үеэр амжилттай байсныхаа дараа алдар хүндээ хамгаалж чадаагүй. Тэрбээр арванхоёрдугаар сард сонгуулийн кампанит ажлаа зогсоох хэрэгтэй болжээ.

Шинжээчид Харрисыг америкчуудын дунд үндэстний түвшинд дэмжлэг авах улстөрч биш гэсэн байна. Тэрбээр Байденыг анхны болон бүх мэтгэлцээний үеэр олон удаа шүүмжилж, түүний туршлага, насыг үл хүндэтгэсэн байдлаар хандсан аж. Харристай хамт ажиллаж байсан хүмүүс түүнийг хатуу, хэрүүл маргаантай хүн гэжээ. Иймээс Байдены сонголт хэр амжилттай болох нь тодорхойгүй гэж шинжээчид өгүүлсэн байв.

Бүгд найрамдах намынхны бодол

АНУ-ын Дэд ерөнхийлөгчид Камала Харрис нэр дэвшсэн талаар Доналд Трамп “Жо Байден түүнийг сонгосныг төсөөлөхөд бэрх байна” гэв. Трамп “Харрисыг сонгосонд би гайхаж байна...Тэр Жогийн талаар аймшигтай зүйлс ярьсан” гэж Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлынхаа үеэр хэлжээ. Мөн Харрисыг мэтгэлцээний үеэр их муу байсан гэв. Трампын бодлоор хоёр нүүртэй Камала хувь хүний зан чанарын хэм хэмжээнээс татгалзахад бэлэн ажээ. Энэ талаар эрс мэдэгдэл хийсэн бас нэгэн хүн бол Бүгд найрамдах намын үндэсний хорооны дарга Ронна Макдэниел юм. Тэрбээр “Нуугдмал, сул дорой, чадваргүй Жо Байден зөвхөн Дэд ерөнхийлөгчид нэр дэвшээд зогсохгүй дараа нь дөрвөн жилийн турш улс орныг жинхэнэ удирдаж чадах хүнийг сонгосон” гэжээ. Мөн Харрисын улс төрийн байр суурь нь ихэнх америкчуудын байр сууриас эрс өөр гэдгийг тэмдэглэжээ.

Калифорнийн сенатч Дэд ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэнийг зарим шинжээч Ардчилсан намд Жо Байден албан үүргээ биелүүлж чадахгүй байх тохиолдолд Ерөнхийлөгчийн суудлыг эзлэх нэр дэвшигч хэрэгтэй гэж дүгнэв. Энэ сонголт нь Ардчилсан намын удирдлага Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр Жо Байдены оронд Камала Харрисыг сонгосон гэсэн үг аж. Хэрвээ Доналд Трамп ирэх сонгуульд ялагдвал Камала Харрис л АНУ-ын жинхэнэ Ерөнхийлөгч болох гэнэ. Тэр Ардчилсан намын бүх үзүүлэлтэд тохирч байгаа бөгөөд өнгөт арьстай иргэдийн төлөөлөл болох ажээ. Энэ шийдвэр Трампын кампанит ажилд нөлөөлөх бөгөөд тэрбээр стратегиа өөрчлөх хэрэгтэй гэнэ. Иймээс тэр Байдены сонголтыг дэмжиж, Америкийн ард түмнээс ухаалаг шийдвэр хүлээх л үлджээ.

Хэрвээ Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялвал Камала Харрис Америкийн Дэд ерөнхийлөгчийн суудалд суусан анхны өнгөт арьст эмэгтэй болно. Жо Байден эрүүл мэндийн хувьд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа дуустал сууж чадахгүй бол Камала Харрис үүргийг нь гүйцэтгэх юм. Үүний дараа Харрис дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж чадна гэж шинжээчид үзэж байна. Харин Доналд Трамп К.Харрисын талаар “Тэр зүүний улстөрч. Татвар нэмэхийн төлөө ажиллана. Цэргийн зардлыг багасгаж, бүх хилээ нээнэ гэж зүтгэнэ. Энэ нь сонгогчдод таалагдах эсэх нь том асуудал” гэжээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top