ДЭЛХИЙН ТОЙМ: АНУ, Хятадын хооронд “нотлох баримтын дайн” эхлэв үү!

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 14

- Доналд Трампын бүдүүлэг байдлыг буруутгаж байна -

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын даваа гарагт хийсэн хэвлэлийн хурал сэтгүүлчтэй муудалцсанаар өндөрлөжээ. Трамп сэтгүүлчийн асуултын хариултыг “COVID-19”-ийг тараасан гэж буруутгаж байгаа Хятадад хамааруулсан байна. Америкийн шинжээчид Трампын бүдүүлэг байдлыг буруутгажээ. Оросын улс төр судлаачдын үзэж байгаагаар Хятад улс өөрийгөө хамгаалж, үүнтэй холбоотойгоор “нотлох баримтын дайн” эхлэх аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “CBS”-ийн сэтгүүлчтэй маргалдсаны дараа Цагаан ордонд болж байсан коронавирусний асуудлаарх хэвлэлийн хурал гэнэт тасалджээ. “CBS News” сувгийн сэтгүүлч Доналд Трампаас америкчууд нас барж, халдварын шинэ тохиолдлууд өдөр бүр илэрсээр байхад яагаад коронавирусний шинжилгээ, илрүүлэлтийг дэлхийн гүрнүүдийн өрсөлдөөн гэж харж байгаа талаар асуусан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Азиас гаралтай хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид “Та энэ асуултыг Хятадаас асуух хэрэгтэй болов уу” гэж хариулжээ. Уурласан сэтгүүлч Трамп яагаад түүнд Хятад улсын тухай ярьсныг асуухад Цагаан ордны тэргүүн үгээ “муухай асуулт асуудаг” бүх хүнд хамааруулсан гэж хэлсэн байна. Дараа нь Трамп маш хурдан өөр хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид асуултыг шилжүүлэхийг хүссэн ч сэтгүүлч бүсгүй ажлаа дуусгахаар шийджээ. Зөрчилдөөний дараа Трамп тэвчээрээ алдаж, асуултад хариулахгүйгээр хэвлэл мэдээллийнхэнтэй салах ёс хийсэн байна.

Америкийн удирдагчийн зан байдлыг олон хүн буруутгаж байгаа юм. Сенатор Берни Сандерс яриаг “маш харамсалтай” гэж нэрлэсэн бол Трампыг “өөрийгөө бүгдийг чаддаг гэж мэдрэхийн тулд бусдыг эвддэг аймхай амьтан” гэжээ. Цар тахлын эхэн үед АНУ-д цөөн тооны коронавирусний шинжилгээ авснаас болж Трампын засаг захиргаа байнга шүүмжлэлтэй тулгарч ирсэн. Улс төр судлаач бөгөөд америк судлаач Малек Дудаков хэлэхдээ “Тахалд нэрвэгдсэн бусад орнуудаас, тухайлбал, Хятад, Өмнөд Солонгос болон бусад Европын орноос Америк коронавирусний шинжилгээний динамикаар маш их хоцорч байна” гэв. Дээрх маргааны өмнө Трамп Цагаан ордонд хүн бүр маск зүүхийг шаарддаггүй шалтгааныг тайлбарлах зэргээр бусад хэд хэдэн асуултад хариулжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлснээр тэрбээр хүмүүсээс зай барьдаг, захиргааныхан нь бие биеэсээ зай барих дэглэмийг дагаж мөрддөг аж. Хятад улсын тухай тэрбээр шинэ хэлэлцээр хийх сонирхолгүй байгаа бөгөөд гэрээний нөхцөлийг хэлэлцэх бодолгүй байгаагаа мэдэгдэв.

Өмнө нь “Ассошиэйтед Пресс” агентлаг олон арван америкчууд болон АНУ-ын хэд хэдэн компани коронавирусний тархалттай холбоотойгоор Хятадыг шүүхэд өгөх гэж байгаа тухай мэдээлсэн. Энэхүү агентлагийн мэдээлснээр АНУ-д Хятадын эсрэг дор хаяж есөн нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлүүдэд Хятадын эрх баригчид вирусийг устгахад хангалттай зүйл хийгээгүй, Уханьд юу болж байгааг нуухыг оролдсон гэж өгүүлжээ. Нэхэмжлэгчид АНУ-ын хуулийн хязгаарлалтыг тойрч гарах хэрэгтэй болсны дагуу гадаадын засгийн газрууд АНУ-д хариуцлага тооцох боломжгүй юм. Гэсэн хэдий ч шүүхэд нэхэмжлэл гаргасан хуульчид үл хамаарах зүйлүүд байгаа гэдгийг баталж чадна гэж мэдэгджээ.

Өмнө нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео АНУ-д Ухань хот дахь лабораториос коронавирус гаралтайг нотлох баримт байгаа гэж мэдэгдсэн билээ. Тэрбээр мөн Бээжинг баримтыг нуун дарагдуулсан гэж буруутгаж байгаа юм. Үүний зэрэгцээ Төрийн департаментын тэргүүн ямар нэгэн нотолгоо хэлээгүй байна. Улс төр судлаач, америк судлаач Дмитрий Дробницкий “RT” агентлагт өгсөн ярилцлагадаа “Ер нь бол Америкт гаднын орнуудын эсрэг нэхэмжлэл гаргах нь хориотой байдаг” гэжээ.

Шинжээчийн ярьж байгаагаар АНУ-д нэлээд хэдэн удаа шинэчлэгдсэн холбогдох баримтууд байгаа аж. Бүхэлдээ энэ нь “Гадаадын тусгаар тогтнолын дархлаа” гэж нэрлэгдэх гэнэ. Гэхдээ үүний тулд Конгрессын баталсан тусгай хуулиуд хэрэгтэй юм байна. Оросын шинжээч энэхүү нөхцөл байдлыг 2016 оны есдүгээр сарын 11-ний халдлагад хамааруулан Саудын Арабын эсрэг тусгай хууль баталж байсантай харьцуулжээ. Шинжээч тухайн үед гаргасан бүх нэхэмжлэл “шүүх дээр хэвээр үлдсэн” гэдгийг тэмдэглэсэн байна. Гадаад улсыг дуртайгаар шүүмжилж буй Америкийн шүүхийн хувьд тодорхой арга хэмжээ авах шаардлагатай гэж улс төр судлаачид үзжээ. Гадаад улсын эрүүгийн хайхрамжгүй байдлыг АНУ-ын нутаг дэвсгэр дэх нас баралт, материаллаг хохирол учирсантай шууд холбох хэрэгтэй гэв. Өөрөөр хэлбэл байгалийн үзэгдэл, давагдашгүй хүчин зүйл, осол аваар гэх мэт зүйлийг анхааралдаа авахгүй байх ёстой. Харин үүнийг хийхэд туйлын хэцүү гэв.

АНУ-ын Ерөнхийлөгч өнгөрсөн гуравдугаар сард Бээжинг коронавирусний дэгдэлтийн талаар дэлхий нийтэд мэдээлээгүй гэж аль хэдийнээ буруутгасан юм. Америкийн удирдагч Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлынхаа үеэр “Хятадад коронавирусний халдварын тархалт эхлэхээс өмнө зогсоож болох байсан. Гэхдээ тэд зогсоогоогүй. Одоо үүнээс болж дэлхий даяараа зовж байна. Хятад алдаа гаргасан байж болно. Гэхдээ санаатай үйлдэл хийсэн нь тогтоогдвол хариуцлага хүлээх ёстой” гэсэн билээ. Цагаан ордны тэргүүний тайлбарласнаар АНУ-ын эрх баригчид шинэ төрлийн коронавирусний халдварын гарал үүслийн нөхцөл байдал, Хятадад тархаж, улмаар бүх дэлхийг хамарсан нөхцөл байдлыг олж тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Мөн энэ сарын 2-нд Австралийн “The Daily Telegraph” сонинд Хятад улсад коронавирусний халдварын дэгдэлтийн нотолгоог санаатайгаар нуун дарагдуулж, устгасан гэсэн материал нийтлэгджээ. Тус нийтлэлд “The Five Eyes” гэх тус хэвлэлийн мэдэлд байдаг тагнуулын холбооны тайланг дурдсан байна.

Гэхдээ “The Daily Telegraph”-ын коронавирусний тархалтад Хятад улс “гэм буруутай” талаарх бүх нотолгоо батлагдаагүй. Баримт бичгийг сэтгүүлч албан бус сувгаар дамжуулан авсан тул түүний үнэн эсэхийг шалгах боломжгүй аж. Тус сонины материалд баримт бичгийн эхтэй холбоотой мэдээлэл, хуудасны нэг ч зураг байгаагүй.

Хариуд нь БНХАУ-ын эрх баригчид “COVID-19” цар тахлын тархалтад Хятад улсын хүлээх үүргийн талаар АНУ-аас тараасан цуу яриаг няцаасан баримт гаргажээ. Уг материалыг Хятадын Гадаад хэргийн яамны вэб сайтад нийтэлсэн ба нийт 24 зүйлтэй аж.

Шинжээчид Хятад улс одоо коронавирусний тархалтад АНУ ихээхэн буруутай, хамгийн гол нь “COVID-19”-ийг судлахад оролцсон янз бүрийн лабораторийг санхүүжүүлсэн гэсэн нотолгоог эрэлхийлнэ гэж үзэж байна. Тэд “Энэ бол нотлох баримтын дайны эхлэл болох болно” гэв.

Энэ нь АНУ-ын удирдлагууд дэлхий даяар коронавирусний халдвар тархсаны хариуцлагыг Хятадад тохох оролдлого хийж байгаа анхны тохиолдол биш юм. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер өнгөрсөн сард “БНХАУ-ын удирдлага америкчуудыг санаатайгаар төөрөлдүүлсэн” гэсэн билээ. Мөн АНУ ДЭМБ-ыг буруутгаж, Хятад руу л чиглэснээр дэлхий нийтэд цар тахлын талаар анхааруулаагүй, АНУ-ын эрх баригчдын хоёрдугаар сарын эхээр Хятадтай харилцаа холбоогоо түр зогсоох шийдвэрийг хэрэггүй алхам гэж үзэж, дэмжээгүй гэсэн юм. Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд коронавирусний лабораторийн гарал үүслийн талаар олон хувилбар дэвшүүлсэн. Тухайлбал, “Fox News” телевиз өнгөрсөн сард “COVID-19”-ийн халдвартай хүн Уханийн лабораторид ажиллаж байсан гэсэн материал цацжээ. Харин Бээжин АНУ-ын эрх баригчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гаргасан мэдээллийг няцаасаар байна.

Уханийн вирус судлалын хүрээлэнгийн дарга Юань Жимин “COVID-19” хиймлээр бүтээгдсэн гэдгийг үгүйсгээд “Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тараасан мэдээлэл нь шинжлэх ухааны судалгаанд бус харин таамаглал дээр суурилсан. Хөгжлийн өнөөгийн шатанд байгаа хүний соёл иргэншил нь зарчмын хувьд ийм вирусийг гаргаж ирэх чадваргүй” гэсэн бөгөөд гадаадын олон эрдэмтэн судлаач, түүний дотор АНУ-ын судлаачид ч түүнтэй санал нийлж байгаа юм. Тухайлбал, Америкийн Харшил болон халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал Энтони Фаучи “COVID-19”-ийг хиймэл гаралтай гэсэн таамаглалыг няцааж, коронавирусний байгалийн гарал үүсэлд эргэлзэхгүй байгаагаа хэлжээ.

Зарим шинжээч АНУ-ын эрх баригчид Бээжингийн “гэм бурууг” нотлох, улмаар нөхөн төлбөр авах зорилгоор Гаагийн олон улсын шүүхэд нэхэмжлэл гаргаж магадгүй байгааг үгүйсгэсэнгүй.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.179.153) 2020 оны 05 сарын 17

Шийдэл байгаа. Дэлхийн хүмүүс амьтдын мах идэхээ болих хэржэгтэй. Амьтдад зориулсан хууль гаргаж тэднийг байгалийн шалгаралд нь эрх чөлөөтэй үлдээвэл маш хурдан вирус зогсоно. Хамтын үйлийн үрээ эдэлж байгаа дэлхийн хүмүүс амьтдыг зовоосоор, тэдний махаар хооллосоор шийдэл хайгаад олохгүй

0  |  1
Зочин(202.126.88.165) 2020 оны 05 сарын 26

Трап болон АНУ энэ өвчнийг хяналтандаа байлгаж, өвчин цаашид тараахгүй байх арга хэмжээ сайн авах ёстой. Хэн нэгнээс буруу хайгаад, хариуцлага нэхэх нь тэгээд зөв гэж бодохгүй байна. Коронагаар дамжуулаад ямар улс нь жинхэнэ хариуцлагатай вэ, хэн нь увиагүй вэ гэдэг нь харагдаж байх шиг байна. Зүгээр л эхлээд энэ өвчнийг дотооддоо алдахгүй байсан юм. Тэгээд дараа нь өө сэвээ хайсан дээр байсан юм

4  |  1
Z(66.181.161.52) 2020 оны 05 сарын 16

Trump muu zonoson nowsh

1  |  1
t(66.181.161.108) 2020 оны 05 сарын 16

trampiin zuv

5  |  0
Зочин (103.229.120.184) 2020 оны 05 сарын 16

Трампын зөв.

4  |  0
Top