ДЭЛХИЙН ТОЙМ: АНУ Оросыг гүтгэв үү, эсвэл...

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 01

- Ээлжит худал мэдээлэл гэв -

Оросын цэргүүд Афганистан дахь “Талибан” зэвсэгт бүлэглэлийнхэнд АНУ болон холбоотны цэргүүдийг хөнөөвөл шагнал амласан гэх мэдээлэл хэд хоногийн өмнө “New York Times” сонинд гарсан юм. Тус хэвлэл дээрх мэдээллээ тагнуулын эх сурвалжтай гэсэн билээ. “New York Times”-ийн мэдээлснээр өнгөрсөн онд Европт халдлага үйлдэхээр завдсан хэрэгт холбогдсон Оросын цэргийн тагнуулын нэгжээс “Талибан” бүлэглэлийг “амжилттай ажиллавал” шагнал санал болгож, исламын зэсвэгт дайчид болон зэвсэглэсэн гэмт хэрэгтнүүд Оросоос шагнал авч халдлага үйлдсэн аж.

Афганистанд өнгөрсөн 2019 онд 20 америк цэрэг тулааны үеэр амь үрэгдсэн байна. Тэгвэл ОХУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын хэвлэлийн дээрх мэдээллийг “Америкийн тагнуулын үйлчилгээний суртал ухуулга” гэжээ. АНУ сүүлийн 20 орчим жил “Талибан” бүлэглэлийн эсрэг Афганистанд дайтсаны эцэст өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд тус бүлэглэлтэй энхийн хэлэлцээр байгуулсан юм. Мөн АНУ Афганистанаас цэргээ татахаар тохиролцсон. Тус улсад АНУ-ын 8600 орчим цэрэг байгаа аж.

“Талибан” бүлэглэл нь Афганистан дах исламын тулгуур үзэл бүхий хөдөлгөөн юм. Энэ хөдөлгөөн нь Афганистанд үүсэж, дэлгэрсэн бөгөөд 1996 оны есдүгээр сараас 2001 оны арванхоёрдугаар сар хүртэл Афганистаны Исламын Эмирт нэртэй улсын Засгийн газрыг бүрдүүлж байжээ. Энэ үед нийслэл нь Кандагар хот байв. Энэ улсыг Пакистан, Саудын Араб болон Арабын нэгдсэн эмирт улс л албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байжээ. Талибаны удирдагч нь 1994 оноос Мохаммед Омар байв.

Трампыг өмөөрсөн нь

АНУ-ын Үндэсний тагнуулын газрын дарга Жон Рэтклифф Доналд Трампыг буруутгасан Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээллийг няцаажээ. “The New York Times” сонин Трамп “Талибан” бүлэглэл Америкийн цэргүүд рүү халдсан хэрэгт Орос холбоотой гэдгийг мэдэж байсан гэж мэдээлсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч тус сонины мэдээллийг шууд л худал мэдээлэл гэжээ. Түүний дүгнэж байгаагаар сэтгүүлчдийн эх сурвалжаа гэж нэрлэж байгаа үл мэдэгдэх эх сурвалж нь үнэн хэрэгтээ огт байхгүй зүйл аж. Түүнчлэн Доналд Трампын улс төрийн өрсөлдөгч Жо Байден Ерөнхийлөгчийгөө Америкийн цэргүүдээс урвасан гэж буруутгаад амжсан байна. Шинжээчдийн дүгнэж байгаагаар Оросын талаар худал мэдээлэл бичдэг үл мэдэгдэх, нэргүй эх сурвалж нь өдөөн хатгасан, улс төрийн тодорхой илэрхийлэлтэй аж.

Доналд Трамп “The New York Times” сониныг худал мэдээлэл тараасан гэж буруутгаад “Twitter” хуудсандаа уг материалыг бичсэн хүмүүс Афганы талибууд Америкийн цэргүүд рүү дайрсанд Орос хамааралтай гэх мэдээлэлдээ нотолгоо олох хэрэгтэй гэж үзэж байна. Тэрбээр “Twitter” хуудсандаа “The New York Times-ийн хуурамч мэдээ түгээгчид өөрсдийн “нэрээ нууцалсан эх сурвалжаа” дэлгэх ёстой. Гэхдээ тэд дэлгэж чадахгүй, яагаад гэвэл энэ “хүн” огт байхгүй юм шиг санагдаж байна!” гэж жиргэсэн юм.

АНУ-ын Үндэсний Тагнуулын газрын дарга Жон Рэтклифф мөн “Тhe New York Times”-д дурдсан тагнуулын талаар АНУ-ын Ерөнхийлөгч ч, Дэд ерөнхийлөгч ч мэдээгүй болохыг би баталсан” гэжээ. Тагнуулын газрын тэргүүн хэлэхдээ Орос болон “Талибан” бүлэглэлийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийх уулзалт хийхээс татгалзсан гэж Цагаан ордноос гаргасан мэдэгдэл үнэн гэв. Харин “Нью-Йорк Таймс” сонины материал дээрх мэдээлэл нь үнэн биш” гэж Үндэсний Тагнуулын газрын дарга хэлжээ. Өмнө нь “Талибан” бүлэглэл Оростой хамтарч ажилласан байж болзошгүй гэсэн “The New York Times” сонины материалыг Үндэсний Тагнуулын газрын захирлын үүрэг гүйцэтгэгч асан Ричард Гренелл (одоо Серби болон Косовогийн хооронд яриа хэлэлцээ хийх АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгчөөр ажиллаж байгаа) шүүмжилсэн юм. Тэрбээр Конгрессын гишүүн, ардчилагч Тед Лиугийн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кейлй Макинанигийн АНУ-ын Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч хоёр Афганистанд америк цэргүүдийн аминд хүрсэн хэрэгт Орос оролцсон тухай мэдээлэл түүнээс аваагүй гэсэн мэдэгдэл үнэн эсэхийг асуусан асуултад энэ талаар өмнө нь хэзээ ч сонсоогүй гэж хариулжээ. Гренелл мөн тагнуулын ажлыг улс төржүүлж, нэргүй эх сурвалжийн бүрэн бус мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах нь аюултай, учир нь улс төрийн ашиг хонжоо олох зорилгоор ашиглагдаж байна гэв. Мөн “Сэтгүүлчид Орос улс талибуудтай хийсэн хуйвалдааны тухай худал мэдээллийг бидэнд тараасан” гэжээ.

“Цагаан ордон мэдсэн”

“The New York Times” сонины дээрх мэдээлэл Оросыг Афганистаны хэт даврагчидтай хуйвалдсан гэж гэж буруутгах шалтгаан болсон нь мэдээж. Америкийн тагнуулын байгууллагын зарим нэргүй эх сурвалжийн мэдээлэлд Афганистанд АНУ-ын цэргүүд амь үрэгдэхэд Оросын оролцоо байгааг өгүүлсэн.

“The New York Times” сонины мэдээлснээр Орос улс АНУ-ын цэргүүд болон Афганистанд үйл ажиллагаа явуулж буй эвсэл рүү халдлага үйлдсэнийх нь төлөө талибуудад шагнал олгож байсан. Тус хэвлэлд мэдээлснээр ийм мэдээллийг АНУ-ын тагнуулууд баригдсан “босогчдыг” байцаах үеэрээ олж авсан байна. Нэмж дурдахад, уг материалыг бичигчид Америкийн цэргийн тусгай албад халдлага үйлдсэн хэрэгт Москва холбоотой байж болзошгүй гэх мэдээллийг Цагаан ордонд дамжуулсан боловч Трампын засаг захиргаанаас ямар ч хариу ирээгүй гэжээ. Москва Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргасан мэдээллүүдийг няцааж, Оросын Гадаад хэргийн яамнаас ОХУ-ын тал талибуудтай хуйвалдаагүйг албан ёсоор мэдэгдсэн. “Тэд Афганистан дахь АНУ-ын цэргүүдийг хөнөөх ажиллагаанд Оросын цэргийн тагнуулын ажилтнууд оролцсон гэж сэжиглэгдсэн тухай Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж буй дараагийн мэдээнд анхаарлаа хандуулсан” гэж Оросын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.

“Талибан”-ы мэдэгдэл

Түүнчлэн “Талибан” бүлэглэл “The New York Times” сонины мэдээллийг үгүйсгэжээ. Тэд уг мэдээлэлд бодит нотолгоо байхгүй, Москвагийн эсрэг хийсэн мэдэгдэл утгагүй зүйл гэсэн байна. Шинжээчдийн дүгнэж байгаагаар “The New York Times” сонины мэдээлэлд дурдсан нотолгоо чухал мэдээлэл өгөөгүй аж. Тухайлбал, Москва уг хөдөлгөөнийг хэрхэн дэмждэг вэ, зорилго нь юу вэ гэх мэт. Ерөнхийдөө уг мэдээлэл нь геополитикийн логикийн хувьд бүрэн дутагдалтай. ОХУ яагаад ингэх шаардлагатай байгаа нь тодорхойгүй байна гэж Оросын ШУА-ийн АНУ, Канадын хүрээлэнгийн судлаач Владимир Васильев ярьжээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар дээрх мэдээлэл нь АНУ-ын сонгуулийн кампанит ажлын хүрээнд улс төрийн зорилгоо тодорхой баримталж, холын бодолтой, захиалгаар хийгдсэн гэх сэтгэгдэл төрүүлж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
American(66.181.168.131) 2020 оны 07 сарын 01

Fake news

1  |  0
Янк янк(192.82.65.93) 2020 оны 07 сарын 01

АНУ технологи. Ирак руу ямар шалгаанаар довтоллоо доо. Зохиомол л байсан. Чадахдаа энэ улс өөрсдийнхөө хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхах үзлээсээ салчихаад ингэж ГҮТГЭЭСЭЙ дээ

1  |  0
Top