А.Лукашенко: Беларусь дахь эмх замбараагүй явдлыг хилийн чанадаас удирдаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 19

Беларусь улсад энэ сарын эхээр болсон Ерөнхийлөгчийн сонгуулиас үүдэн олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөөд байгаа билээ. Өнгөрсөн Ням гарагт Минск хотод болсон жагсаалд 100 мянга гаруй хүн оролцсон бөгөөд сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн ард иргэдийн жагсаал тэмцэл үргэлжилсээр, хүрээгээ тэлсээр байгаа юм.

Жагсагчид “Александр Лукашенко Ерөнхийлөгчийн сонгуульд шударга бусаар ялсан” хэмээн үзэж байгаа бөгөөд тэдний эсэргүүцлийн жагсаалыг хүч хэрэглэн зэрлэг балмадаар дарж буй нь дэлхий дахины дургүйцлийг улам ихээр хүргэж байна.

Минск болон Беларусийн бусад хотод өрнөсөн жагсаал цуглаан бараг долоо хоног үргэлжилж, энэ хугацаанд элдэв төрлийн тусгай хэрэгслүүд ашиглан жагсагчдыг зандалчилж, олон хүнийг баривчилж саатуулаад байна. Беларусийн хүчний байгууллагуудын овоо хараанд дотоодын болон гадаадын сэтгүүлч сурвалжлагчид ихээр өртөж, тэднийг зодож нүдэн шоронд хорьж, заримыг нь тус улсаас хөөн гаргажээ.

“Беларусьт өрнөөд буй эмх замбараагүй явдлыг хилийн чанадаас удирдан зохион байгуулж байна” хэмээн А.Лукашенко мэдэгджээ. 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео саяхан Европоор айлчлал хийж явахдаа Беларусийн эрх баригчдын зүгээс ард түмэндээ хүч хэрэглэж буй үйлдлийг таслан зогсоох, тус орон дахь ардчилсан эрх чөлөөг хамгаалахын тулд Вашингтоны зүгээс Европын Холбоон дахь түншүүдтэйгээ хамтран Минскэд шахалт үзүүлэх арга хэмжээнүүдийг боловсруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Тэгвэл А.Лукашенкогийн “ялалт”-д хамгийн түрүүнд баяр хүргэсэн ОХУ-ын байр суурь ямар байгаа юм бол.

 

АЛЕКСЕЙ РОЩИН: БЕЛАРУСЬ УЛС УКРАИНЫ ЗАМААР ОРЧИХВИЙ ХЭМЭЭН КРЕМЛЬ БОЛГООМЖИЛЖ БАЙНА

“Беларусьт хандаж буй Москвагийн байр суурь одоогоор хоёрдмол байдалтай байгаа” хэмээн нийгмийн сэтгэл зүйч Алексей Рощин үзэж байна.

“В.Путин, А.Лукашенко хоёрын хооронд эртнээс үүсээд буй хувийн таагүй харилцаа нэг талаас нь авч үзвэл төдийлөн голлох үүрэг гүйцэтгээгүй мэт,  харин нөгөө талаас нь харахад, хангалттай хүчтэй ч нөлөөлж байж мэдэхээр. Тэд бие биедээ дургүй хэдий ч хоёр улсын төрийн дэглэм нь хэт адил тул энэ нь хувийн харилцаанаас нь ч чухал байж мэднэ. Тэд хоёулаа Ерөнхийлөгчийн суудалд удаан хугацаанд заларч буй Европын сүүлчийн хоёр дарангуйлагч. А.Лукашенко В.Путинаас даруй зургаан жил илүү хугацаанд ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа учраас “том ах” нь ч гэж болохуйц бөгөөд энэ нь тэднийг хүссэн хүсээгүй ч хооронд нь ойртуулдаг” хэмээн нийгмийн сэтгэл зүйч А.Рощин “Америкийн дуу хоолой”-д ярилцлага өгөхдөө онцлон дурджээ.

“А.Лукашенко зальтай, туршлагатай улстөрчийн хувьд “Оросын нууц албаны вагнерчуудыг” /”Вагнер” хэмээх хувийн цэргийн компанийн ажилтнууд/  Минскийн ойролцоо олзолж аваад, түүгээр өөрийнхөө байр суурийг бэхжүүлж чадсан” хэмээн А.Рощин нэмж өгүүлсэн байна. Түүний үзэж буйгаар, Беларусийн удирдагч олзны хүмүүсийг Украинд хүлээлгэн өгнө хэмээн Путиныг шантаажилсан бололтой.

“Хэрэв олзлогдогсдыг Украинд шилжүүлэн өгвөл асуудал аймшигтайгаар хурцдан, Оросын ерөнхийлөгч хүнд байдалд орно. Гэвч Путин бол хатуу самар. Тэрээр Лукашенког “сольж” чадах хэдий ч Беларусийн дараагийн ерөнхийлөгч Оростой найрсаг харьцаатай байна гэдэгт Москва төдийлөн итгэхгүй байгаа” хэмээн А.Рощин онцолсон байна.

Түүнээс гадна, хэрэв Лукашенкогийн дэглэм унахад хүрвэл Беларусь улс Украины замаар орж, Оросоос зайгаа барин Европ руу ойртож болзошгүй гэж Кремль эмээж байгаа. Ингэснээр сүүлчийн холбоотноо алдах аюул Москвад нүүрлэх болно. Үнэн хэрэгтээ А.Лукашенко холбоотон хэдий ч түүнийг сонгох үндэслэл бас хомс. Энэ л Москвагийн зүгээс “беларусийн бодлогод” хандах чиглэлийг эргэлзүүлээд байна хэмээн А.Рощин мөн дурджээ.

“Тийм ээ, В.Путин бараг хамгийн түрүүнд А.Лукашенкод баяр хүргэсэн. Гэвч холбооны теле сувгууд болон Оросын албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нөхцөл байдлыг их бага хэмжээгээр бодитоор түгээхийг зөвшөөрөөд байгаа. ОМОН хүмүүсийг хэрхэн балбаж цохиж буйг мэдээллийн хөтөлбөрүүдээр харуулсан. Энэ нь дээрээс зөвшөөрөлгүй бол юуг ч нэвтрүүлж чаддаггүй кремлийн медиагийн хувьд гайхалтай тохиолдол юм. Эндээс харахад, Беларусьд өрнөөд буй үйл явдалд Москва хэрхэн хандахаа одоогоор сайн мэдэхгүй байгаа бололтой” гэж шинжээч өгүүлсэн байна.

 

ЛУКАШЕНКО СУЛ ДОРОЙ БАЙХ НЬ ПУТИНД АШИГТАЙ

Харин Бүх Беларусийн тусгаар тогтнолын төлөө конгрессийн дарга Игорь Рынкевич үзэл бодлоо ийнхүү илэрхийлжээ.

“Александр Лукашенко 1994 онд Оросын тусламжтайгаар анх засгийн эрхэнд гарч, түүнээс хойш зургаа дахь удаагаа сонгогдоод байна. А.Лукашенкогийн рейтинг өмнөх он жилүүдэд 60%-иас 40% болтлоо унаж, нэр хүнд нь бүр ч доошоо уруудсаныг сонгуулийн хэсгийн хороодод ажилласан зарим шударга ажилтнуудын дэлгэсэн тоо баримтууд бодитой харуулж байна.

Владимир Путин одоо А.Лукашенкогийн сул талыг ашиглан Беларусь улсыг Оростой улам “нягт харилцаанд” оруулахыг зөвшөөрүүлэхээр яаравчилж байгаа. Эсэргүүцлийн жагсаалд оролцогчдыг зэрлэгээр зодож занчсан хүчний байгууллагынхан дотор Оросын тусгайгийнхан ч оролцсон байж болзошгүй. Ард түмнийг тэгтлээ аймаар үзэн ядах харгис үйлдлээс нь харахад, тэдэнд өөрийн үндэстнийг гэх өчүүхэн ч энэрэл, мэдрэмж алга. Одоогоор Беларусьт хууль бус ерөнхийлөгч байгаа учраас түүний гаргасан бүх шийдвэр хүчин төгөлдөр бус. Мэдээж Путинд ийм сул дорой Лукашенко ашигтай байж таарна” хэмээн Игорь Рынкевич өгүүлжээ.

Дашрамд дурдахад, Беларусьт саатуулагдаад байсан Оросын 32 иргэн энэ сарын 17-нд эх орондоо буцаж ирсэн тухай ОХУ-ын Ерөнхий Прокурорын газраас мэдээлсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн  хэвлэлийн нарийн бичгийн  дарга Дмитрий Песков “Беларусьт саатуулагдсан хүмүүс хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй бөгөөд ОХУ-ын зүгээс Беларусийн дотоод хэрэгт оролцож байгаагүй, одоо ч оролцоогүй” хэмээн мэдэгдсэн аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top