- Германы Канцлер Ангела Меркель европчуудад хандав -
Германы Канцлер Ангела Меркель "АНУ дэлхийд тэргүүлэх гүрэн болох гэсэн зорилгоосоо ухарч магадгүй байна. Энэ шинэ бодит байдлын талаар Европын орнууд нухацтай эргэцүүлэн бодох хэрэгтэй" гэлээ. Тэрбээр “The Guardian” зэрэг Европын хэд хэдэн хэвлэлд ярилцлага өгөхдөө ийнхүү мэдэгдсэн нь олон хүний анхаарлыг татжээ. Меркель АНУ бол дэлхийн тэргүүлэх гүрэн болох зорилготой гэсэн тодорхой ойлголттойгоор бид өсөж хүмүүжсэн. Гэхдээ АНУ одоо энэ үүргийг биелүүлэхээс өөрийн хүсэлтээр татгалзаж байгаа бол бид ч гэсэн энэ талаар нухацтай бодох ёстой болж байна” гэж онцолжээ. Тэрбээр үүнийгээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын мэдэгдлийн хариу болгон өгүүлсэн байна.
Трамп өмнө нь Герман улс НАТО-гийн батлан хамгаалах ажилд хангалттай зардал гаргахгүй байгаа учир тус улсад байрлаж буй Америкийн цэргийн тоог 35 мянгаас 25 мянга болгож цөөрүүлэх шийдвэр гаргаснаа мэдэгдсэн юм. Европ болон АНУ-ын хэвлэлүүдэд мэдээлснээр, энэ шийдвэрийг Герман болон эвслийн бусад орны эрх баригчидтай зөвлөлдөлгүйгээр гаргажээ. Дараа нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Брюссельд болсон Германы Маршаллын сангийн хуралд үг хэлэхдээ, Герман улсаас цэргээ гаргах нь АНУ-ын цэргүүдийг дэлхий даяар, Африк, Ази, Европт байршуулах стратегийг дахин үнэлэн тооцоолох үйл явцын нэг хэсэг болно гэж мэдэгджээ. Харин Меркель "Германд байрлаж буй Америкийн цэргүүд ХБНГУ болон НАТО-гийн Европын хэсгийг төдийгүй АНУ-ын ашиг сонирхлыг хамгаалахад тусалдаг. Батлан хамгаалах үйлсэд зарцуулах хөрөнгө мөнгийг нэмэгдүүлэх шаардлагатайг бид ойлгож, сүүлийн жилүүдэд хангалттай өсгөж байгаа, бид цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд энэ замыг цаашид ч үргэлжлүүлнэ" гэв. Мөн АНУ-тай батлан хамгаалах хамтын ажиллагаагаа хэвээр үргэлжлүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Меркель "Дэлхий, Хятад эсвэл Энэтхэгийг хар. Атлантын далайг дамнасан батлан хамгаалах эвсэлд бид тууштай байх хангалттай үндэслэл бий. Гэхдээ мэдээж Европын улсууд хүйтэн дайны үеийнхээс илүү их зардал үүрэх ёстой" гэж мэдэгдсэн байна.
Шахалт үзүүлсэн үү
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ХБНГУ дахь америк цэргүүдийн тоог хоёр дахинаас ч илүүгээр цөөлөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Түүний ярьж байгаагаар Герман улс холбоотны цэргийн эвслийн санхүүжилтэд хангалттай оролцохгүй байгаа юм. АНУ Германыг хамгаалах ёсгүй гэж Цагаан ордны тэргүүн хэлсэн. Тэрбээр мөн Германы удирдлагууд Москватай эрчим хүчний салбарт хамтран ажиллахын тулд цэргийн эвслийн санхүүжилтэд хангалттай хувь нэмэр оруулахгүй байна гэж үзэж буй.
Германы тал АНУ-ын Ерөнхийлөгчийн дүгнэлтийг зөв бөгөөд үндэслэлтэй гэхэд хэцүү гэсэн юм. Герман улс “Хойд урсгал 2”-ын бүтээн байгуулалтад оролцож, эдийн засгийн үр өгөөжөөс нь болж Оросоос байгалийн хий худалдаж авдаг бол “НАТО-гийн тохиолдолд” Берлин “бодит ногдол ашиг авдаггүй” гэж шинжээчид ч үзжээ.
Ашиггүй алхам
Шинжээчид АНУ-ын цэргийн стратегийн тухайд, Герман улс дахь цэргүүдээ цөөлсөн ч АНУ юу ч олж чадахгүй гэжээ. Трамп ашиггүй алхамаа сүр дуулиантайгаар зарлав уу. Тэрбээр мөн "Бүгд л Трампыг Орос улстай холбоотой гэдэг. Гэхдээ Герман улс яагаад Орост эрчим хүчний эх үүсвэр гэж хэдэн тэрбум ам.долларыг төлдөг юм бэ. Харин дараа нь бид яагаад Германыг Оросоос хамгаалах ёстой гэж" хэмээсэн бөгөөд Герман улсын нутаг дэвсгэрт АНУ-ын 52 мянган цэргийн албан хаагч байгааг хэлжээ.
Доналд Трампын хувьд энэ нь маш их хэмжээ аж. Үүний зэрэгцээ Герман улс НАТО-д хувь нэмэр оруулах үүргээ зөрчиж байна” гэсэн байна. Мөн сайн цалинтай Америкийн цэргийн албан хаагчид Германд амьдардаг бөгөөд тэнд асар их мөнгө зарцуулдаг гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлсэн. Германы цэргийн баазуудыг тойрсон газрууд хөгжиж байгаа учир тус улс авдгаа авч байна гэжээ.
Дарамт
Трамп Германыг ОХУ-тай эрчим хүчний салбарт байгуулсан хамтын ажиллагаанаас нь болж дарамталж байна гэж шинжээчид үзжээ. АНУ Берлинд дарамт шахалт үзүүлэх замаар байгалийн хийн хоолой барих ажилд Москватай хамтрахыг нь зогсоолгохыг хүсэж байгаа аж. Трамп эдийн засгийн ашгийн төлөө НАТО-гийн холбоотонд ч дарамт үзүүлэхэд бэлэн байна гэж судлаачид дүгнэсэн байлаа.
Америк цэргүүдийг устгуулахаар шагнал амласан уу
Тэгвэл Оросын цэргүүд Талибан бүлэглэлийн зэвсэгт дайчдад АНУ болон холбоотны цэргүүдийг устгавал шагнал амласан талаар “New York Times” сонин тагнуулын эх сурвалжтайгаар мэдээлжээ. Тус сонинд мэдээлснээр өнгөрсөн онд Европт аллага үйлдэхээр завдсан хэрэгт холбогдсон Оросын цэргийн тагнуулын нэгжээс зэвсэгт дайчдыг амжилттай халдлага үйлдвэл шагнал санал болгожээ. Түүнчлэн исламын зэсвэгт дайчид болон зэвсэглэсэн гэмт хэрэгтнүүд тэднээс шагнал авч халдлага үйлдсэн талаар эх сурвалж мэдээлжээ. Афганистанд өнгөрсөн онд 20 америк цэрэг тулааны үеэр амь үрэгдсэн байна. Тэгвэл ОХУ-ын Гадаад хэргийн яам дээрх мэдээллийг “АНУ-ын тагнуулын үйлчилгээний суртал ухуулга” гэжээ. АНУ нь сүүлийн 20 жил Талибан бүлэглэлийн эсрэг Афганистанд дайтсаны эцэст тус зэвсэгт бүлэглэлтэй өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд энхийн хэлэлцээр байгуулсан юм. Ийнхүү АНУ Афганистанаас цэргээ татахаар тохиролцсон. Тус улсад АНУ-ын 8600 орчим цэрэг байгаа аж.
Сэтгэгдэл ( 3 )
Yu ch sesen ugiin ingeed aguu guren muhuj bn gj oilgoloo
Хамгийн зөв. Жишээлж хэлэхэд хөөрхий дэлхий Тунгалаг тамирын Галсан шиг л амвдарч байна.
Lol