ЗИНДАА 2019.11.28 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 11 сарын 28

#1 ШИЛЭН ДАНСНААС ЗУГТААГСАД ХУЛГАЙЧ БИШ ГЭЖ ҮҮ!
 

Иргэн Ц.Элбэгдоржийн улсын Ерөнхийлөгч байхдаа санаачлан батлуулсан Шилэн дансны хууль хэрэгжээд дөрөв дэх жилээ үдэх гэж байна. Хэдийнэ хэрэгжээд, хэвшчих хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл төсвийн мөнгийг хэрхэн зарцуулж буйгаа олон нийтэд ил тодоор мэдээлэхийг хүсдэггүй албан тушаалтнууд төрд байсаар. Энэ нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-аас авахуулаад УИХ-ын нэр хүндийг унагадаг. Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг Үндэсний аудитын газрын тайлан жил бүр базаахгүй гарах болсноос болж Ерөнхий сайдын захирамжаар Шилэн дансны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг гаргасан. Одоо тэр ажлын хэсэгт багтсан хүмүүс ажлаа эрчимжүүлэх шаардлагатай байгааг аудитаас нийтэлсэн тайланд дурдсан байна лээ. Ерөнхийдөө аудитаас өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлдэггүй, хэрэгжүүлэхийг хүсэхгүй байгаа нь холбогдох албан тушаалтнуудад ногдуулах сахилга, хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатайг нотолж байгаа юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#2 РИО ТИНТО “ОЮУ ТОЛГОЙ”-Н ДАЛД УУРХАЙН ГЭРЭЭГ САЙЖРУУЛАХАД БЭЛЭН ГЭВ, ГЭХДЭЭ...
 


Рио Тинтогийн “босс” Жеан Себастьян Жак далд уурхайн гэрээ хэлэлцээрийг сайжруулахад Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахад бэлэн гэдгээ мэдээллийн хэрэгсэлд ам бардам хэлжээ. Далд уурхайн бүтээн байгуулалт “геологийн нөхцөл байдлын” улмаас хойшилсон, зардал нь нэмэгдсэн зэрэг олон сүүдэр бий. Дотор нь ажиллаж байсан хүн нь зардлаа зохиомлоо өсгөсөн гэж хоёр долоо хоногийн өмнө шүгэл үлээсний дараа хөрөнгө оруулагчид ч, хамтрагч байгууллагууд ч “Оюу Толгой” төслийн одоогийн нөхцөл байдалд эргэлзэж эхэлсэн. Том төслийг хэрэгжүүлэгч толгой компанийн босс хамтрахад бэлэн гэдгээ зарладаг юм байж. Гэхдээ чухам яаж хамтрах вэ гэдэг эргэлзээтэй хэвээр байгаа шүү.

“Оюу Толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес энэ оны долоодугаар сард буюу толгой компанийн боссын хамтран ажиллана гэх мэдэгдлээс дөрвөн сарын өмнө “Дубайн гэрээ”-г өөрчилж болохгүй гэж мэдэгдэж байлаа. Гэхдээ хөрөнгө оруулалтыг хэрхэх вэ, үйл ажиллагаагаа яаж сайжруулах вэ гэдэг дээр Засгийн газартай хамтарна гэсэн бөөрөнхий хариулт өгсөн юм. Тухайн үед УИХ-аас гаргасан ажлын хэсгийн дүгнэлт олон нийтэд хүрээд  удаагүй байсан үе. Цахилгаан станцын асуудлаа ч шийдвэрлэж чадахгүй нөхцөл байдалтай байсан цаг. Рио Тинто компанийн удирдлагууд ч тухайн цаг үед “Оюу Толгой”-н цаашдын ирээдүйн талаар ганц үг ган хийгээгүй байлаа.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 САЙД АСАН З.БАЯНСЭЛЭНГИЙГ ХОРИХ АНГИ РУУ АВЧ ЯВЛАА

Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.11.28/  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай үргэлжилж байна. 

Шүүх хуралд шүүгдэгч нарын зүгээс нийт 20 өмгөөлөгчтэй оролцох байсан ч гурван өмгөөлөгч хүндэтгэх шалтгааны улмаас хуралд оролцох боломжгүй болсон учир хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авсангүй. Харин шүүгдэгч З.Баянсэлэнгийг хурлаас гаргаж, бусад шүүгдэгчид хурлыг үргэлжлүүлсэн. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 ОХУ-ЫН ЗЭВСЭГЛЭЛЭЭС АВАХ ГЭСЭН ТУРКТ ХОРИГ ТАВИХ УУ?
 

АНУ-ын Конгрессд Туркийн эсрэг хориг тавихыг уриалжээ. Энэхүү хориг нь Турк улс ОХУ-аас С-400 зенитийн пуужингийн цогцолбор авахтай холбоотой юм. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Оросын зенитийн пуужингийн цогцолбор С400-г турших талаараа Цагаан ордонд айлчилснаасаа хоёр долоо хоногийн дараа мэдэгдсэн нь “улаан шугам”-ыг нэвтэрлээ гэж олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичжээ. Ийм үзэл бодлыг АНУ-ын Ардчилсан намын сенатор Крис Ван Холлен ч дэвшүүлж, зенитийн пуужингийн цогцолбор Триумфыг Америкийн F-16-тай харьцуулан ярьжээ.

Шинжээчдийн тэмдэглэж байгаагаар Доналд Трампын засаг захиргаа нөхцөл байдлыг шүүмжлэлтэй түвшинд хүргэсэн байна. Вашингтон, Анкарагийн хоорондын харилцааг хүндрүүлсэн нь Цагаан ордоны одоогийн тэргүүний нэгэн сул тал аж. Оросын бүтээсэн “С-400”-г худалдаж авна гэсэн Туркийг АНУ эртнээс эсэргүүцсэн. Ардчилсан намын сенатор Крис Ван Холлен ярихдаа  “Туркийн Ерөнхийлөгч Эрдоган Цагаан ордонд айлчилсныхаа дараа АНУ болон НАТО-г эсэргүүцсэн мэт С-400-гийн асуудлаар мэдэгдэл хийсэн нь одоогийн хуулиар бол Доналд Трампын зүгээс хориг тавих нөхцөл бүрдүүлээд байна” гэжээ. Үүнээс гадна түүний үзэж байгаагаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Туркээс аюулгүйн бүсэд курдүүд рүү дайрсан асуудлаараа тайлбар хийхийг шаардаж байгаа гэнэ. Мөн өнгөрсөн даваа гарагт агаарын цэргийн техник, тэр дундаа F-16, сөнөөгч онгоц сургуулилтын нислэгийг Оросын Триумф-тай холбоотойгоор гүйцэтгэнэ гэжээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 САЙХАН ТҮҮХ | Р.АНХНЯМ БА ХЯТАДЫН ТЭРГҮҮН ОДОНТ ДҮГИЙМАА ЭМЭЭ
 


Сайхан сэтгэлт Өвөр Монгол эмээ Дүгиймаагийн дүр хятадын кино урлагт дүр болон мөнхөрлөө. Их Монголын өвөрт үлдсэн монгол сэтгэл Дүгиймаагийн дүрийг монгол жүжигчин Р.Анхням бүтээж байна. Монгол хүн ийнхүү монгол хүнтэйгээ холбогдсон нь энэ. Сайхан мэдээ биш гэж үү. Саяхан даа. БНХАУ үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойгоор тус улсын тэргүүн зэргийн шагнал, Үндэсний хүндэтгэлийн одонг Дүгиймаа эмээ хүртсэн юм. Дундад улсын хамгийн өндөр шагналыг хүртсэн анхны Өвөр Монгол хүн нь тэр болсон билээ. Хятадын бүх телевиз түүний сайхан сэтгэлийг хүндлэн, баримтат кино ч хэд хэдэн удаа гарсан.

Хятадын төр соёрхсон энэ хүн Өвөр Монголын Шилийн гол аймгаас гаралтай бөгөөд 1960-аад оны эхэн үед ердөө 19-хөн насандаа Шанхай хотоос гаралтай 28 хүүхдийг өөр дээрээ авч, өвөр дээрээ бөөцийлөн гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн юм. Тухайн цаг үед Шанхай хотод болсон байгалийн гамшгийн улмаас өлсгөлөнд нэрвэгдсэн хүнд бэрх цаг үе байсан аж. БНХАУ-ын засаг захиргаа байгалийн гамшигт өртсөн 3000 хүүхдийг Өвөр Монгол руу аваачихад хамгийн олныг нь буюу 30 гаруйг нь Дүгиймаа эмээ өсгөсөн юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.219.41) 2019 оны 11 сарын 28

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
Top