Нийслэлийн Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэд дарга, МУБИС-ийн Сэтгэл судлалын докторант Б.Туяатай ярилцлаа.
-Мэргэжлийн хүнтэй ярилцаж байгаагийнх улс орнуудын хүний хөгжил, тэр дундаа хүүхэд рүү чиглэсэн ямар бодлого баримталж байгаа талаар ярилцлагаа эхлэе гэж бодлоо?
-XXI зуунд боловсролын прадигм нь мэдлэг төвтэй боловсролоос хүмүүнлэг харилцаа төвтэй боловсролд шилжиж байна. Дэлхийн улс орнууд өнөөдөр нийгмийн хөгжлийг эдийн засгийн өсөлт, хүний материаллаг хэрэглээний хангамж, техник, технологийн ололт амжилт зэргээр хэмждэг хандлагаасаа татгалзаж, нийгмийн хөгжлийн хэмжүүр бол хүний хөгжил гэдгийг онцлох болсон. Тухайлбал, Ази тивийн улс орнууд хөгжлийнхөө зорилгыг хүнээ хөгжүүлэхэд чиглүүлж “Хүний хүчээр хөгжинө”, “Хүний төлөө хөгжинө” гэсэн байдаг. Эдгээр улс орнуудын туршлагаас харахад хүүхдийн хөгжлийг дэмжсэн хөрөнгө оруулалт ирээдүйд хамгийн их үр нөлөөтэй учраас маш их ач холбогдол өгдөг юм билээ.
-Сүүлийн жилүүдэд манай улс хүүхэд рүү чиглэсэн үйл ажиллагааг нэг үеэ бодвол нэлээд эрчимжүүлсэн юм шиг санагддаг?
-Тэгэлгүй яахав. Манай улс энэхүү хандлагыг баримтлах болсон ч хөгжиж байгаа улс орнуудын хувьд эдийн засгийн өсөлт, материаллаг хэрэгцээний хангамжаа харгалзахгүйгээр хүний хөгжлийг ярих нь өрөөсгөл. Гэхдээ “хүн бол хувь заяаныхаа эзэн” гэдэгчлэн хүн өөрөө хичээж зүтгэж, амьдралдаа хариуцлагатай байж чадвал сайхан амьдрах бүрэн боломжтой цаг үед бид амьдарч байна шүү дээ. Хүмүүнлэг, ардчилсан нийгэмд хүн бүрийн үг үнэ цэнэтэй, ижил тэгш оролцох боломж нээлттэй байдаг. Иймээс хүүхэд бүрийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд манай дүүргийн шат, шатны удирдлагууд, ажилтан албан хаагчид тэдний дуу хоолойг сонсч, санал санаачлагыг нь дэмжин нэлээдгүй бүтээн байгуулалтын ажлуудыг хийсээр байна.
-Тэгвэл Баянзүрх дүүргийн хувьд хүүхэд багачуудынхаа төлөө ямар бодит ажлыг хийв. Ер нь танай дүүргийн хүүхдүүдийн эрх хэр зөрчигдөж, хаана хангагдаж байна вэ?
-Хүүхдийн сайн сайхны төлөө төрийн байгууллагын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах хүрээнд хүүхдийн оролцоотой тэдэнд тулгамдаж буй асуудлыг хамтран тодруулж, үе шаттайгаар шийдвэрлэн “Хүүхдэд ээлтэй дүүрэг” болохын төлөө зорин ажиллаж байна. 2019 онд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс ерөнхий боловсролын 27 сургуулийн хүүхдүүдээс дүүргийн хэмжээнд хүүхдийн эрх хаана хангагдаж, хаана зөрчигдөж байгааг тогтоох зорилгоор нэгэн сонирхолтой судалгааг хийж үзсэн. Судалгаанд хүүхэд бүр оролцох нээлттэй боломжийг олгосноор нийт 4160 хүүхэд хамрагдсан. Судалгаагаар хүүхдийн эрх гэр бүлийн орчинд 47.8, сургуулийн орчинд 25.6, цахим орчинд 10.6, нийтийн тээвэрт 8.6, авто замд 7,43 хувьтайгаар хангагдаж байна. Харин хүүхдийн эрх хаана зөрчигдөж байна вэ гэхээр цахим орчинд 31.1, сургуулийн орчинд 22.3, нийтийн тээвэрт 21.2, авто замд 15.4, гэр бүлийн орчинд 9.88 хувьтай гарсан. Өөрөөр хэлбэл дүүргийн хэмжээнд хүүхдийн эрх 66.4 хувьтай хангагдаж, 33.6 хувь нь хүүхдийн эрх зөрчигддөг орчин байгааг энэхүү судалгааны дүн харуулж байна.
-Нийслэлийн хамгийн том дүүрэгт хүүхдийн эрх зөрчигдөж байгаа гэх дуудлага мэдээлэл хэр бүртгэгддэг бол?
-Баянзүрх дүүргийн хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар хүүхдийн эрх зөрчилтэй холбоотой дуудлага 814 ирсэн. Үүнээс 53,4 хувь нь үл хайхрах, 28,9 хувь нь бие махбодийн, 14,1 хувь нь сэтгэл санааны, 3,56 хувь нь бэлгийн хүчирхийлэл байна. Эдгээр тоо баримт, судалгаанаас харьцуулалт хийж үзвэл гэр бүлийн орчинд хүүхдийн аюулгүй байдал нэг талаас хангагдаж байгаа мэт боловч нөгөө талаас хүүхэд үл хайхрах хүчирхийлэлд багагүй өртдөг болох нь харагдаж байна. Хүүхэд үл хайхрах хүчирхийлэлд өртөж байгаа нь эцэг эхийн хараа хяналт суларсантай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, хүүхэд цахим ертөнцөд ихэнх цагаа өнгөрүүлж, түүнээс сэтгэлийн таашаал авах сэдэл үүсдэг. Энэ байдал нь эргээд хүүхэд цахим орчинд гэмт хэрэгт өртөх, эрх нь зөрчигдөх шалтгаан болж байна.
-Тодруулбал?
-Хүүхэд эцэг эхийн хараа, хяналтгүйгээр олон нийтийн цахим сүлжээг ашигласнаар хүчирхийлэл, садар самуун агуулсан мэдээлэлтэй танилцаж байна. Мөн хувийн мэдээллээ алдах, улмаар залилан мэхлэгдэх, санхүүгийн болон бие сэтгэлийн хохирол амсах тохиолдол гарч байгаа. Цаашлаад гүтгэлэг, доромжлол, бэлгийн, сэтгэлзүйн дайралтад өртөх, бодит бус, ухуулга сурталчилгаанд итгэх, амиа хорлох зэрэг буруу дадал зуршилд автаж байна.
-Эцэг эхчүүдийн ухамсар, үүрэг оролцоо, хандлагыг бол өөрчлөх боломжтой байх. Харин төрийн байгууллагын үүрэг оролцоо хүүхдийн аюулгүй орчинг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй гэж бодож байна?
-Дүүргийн зүгээс нийгмийн бүхий л орчинд хүүхэд бүрийг үл хайхрах байдал, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэр, аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх болон хүүхдэд ээлтэй, эрүүл аюулгүй, тавтай тухтай таатай орчинг бүрдүүлэхийн төлөө нэлээдгүй ажлыг төлөвлөн гүйцэтгэж байна. Жишээлбэл, Улсын болон орон нутгийн сангийн хөрөнгө оруулалтаар 19 хорооны 32 байршилд иж бүрэн тохижилт бүхий хүүхдийн тоглоомын талбайг, иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран 11 хорооны 27 байршилд хүүхэд амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх аятай тухтай орчинг шинээр бий болгосон байна. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн зам талбайн 112 цэгт нийт 259, төрийн өмчийн 26 сургуульд 120 гадна камерыг байрлуулж, 250 гэрэлтүүлгийг нэмж хийсэн байгаа. Цэцэрлэгийн хувьд төрийн өмчийн 43, төрийн бус өмчийн 145 цэцэрлэгт нийт 634 гадна, дотно камер, 443 гэрэлтүүлгийг, 266 авто замын болон хөдөлмөр аюулгүй ажиллагааны тэмдэг тэмдэглэгээг хийсэн гэх мэт бүтээн байгуулалтын олон бодит ажлуудыг дурдаж болохоор байна.
Сэтгэгдэл ( 2 )
Улам их ажлын амжилт хүсье. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг. Ажлаа мэддэг хүн л илүү сайхан бүхнийг хийж чадна. Дарга гэж томилсон биш ажилдаа эзэн болсон ийм л манлайлсан хүнийг хэлнэ дээ.
Би 2 жил тус дүүргийн Хүүхдийн язгуур урлагийн наадам хөтлөсөн юм. Энэ охин л бүх ажлаа амжуулж яваа харагддаг. Би лав ДАРГА нь энэ хүн л юм байх гэж боддог байлаа. Дайчин охинд амжилт хүсье ээ!